Гамшигт бэлтгэлгүй монголчууд

Ойрын өдрүүдэд орсон усархаг аадар борооны улмаас бид багагүй хохирол амсаад байна. Өнгөрсөн хавар ихэнх нутгаар хуурай, гандуу байсны улмаас гэнэт их хэмжээгээр, олон удаагийн давтамжтайгаар орж байгаа бороо үер усны аюул дагууллаа. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Төв аймгийн Борнуур, Зуунмод, Мөнгөнморьт, Өмнөговь аймгийн Гурвантэс, Булган аймгийн Дашинчэлин, Бүрэгхангай, Баян-Өлгий, Дорноговь, Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн зарим нутгаар олон жилийн дунджаас их хэмжээгээр бороо орлоо.

Харин бид байгалийн гамшигт бэлэн биш байгааг энэ өдрүүд харуулав. Үер усны аюул илүүтэй нүүрлэсэн Баян-Өлгий аймгийн төв, Төв аймгийн Борнуур суманд олон айл өрхийн гэр, байшин усанд автаж, түр хоргодох байранд шилжээд байна. Иргэд болон аврагчид өдөр, шөнөгүй ажиллаж байгаа ч хүрэлцэхгүй хэвээр байна. Уулын үер хоёр өдөр дарааллан бууснаас Төв аймгийн Борнуур сумын гүүр болон зам эвдэрч зам тээврийн хөдөлгөөнийг хязгаарлахаас аргагүйд хүрсэн. Тэр үед зорчиж явсан иргэд машинаасаа буун бичлэг хийн, олон нийтийн сүлжээнд цацахаа урьтал болгож байсан нь бид аль ч талаараа байгалийн гамшигт бэлэн биш байгааг төвөггүй батлав. Их хэмжээгээр урсаж орж ирж байгаа ус явган хүн байтугай том оврын машинуудыг түлхэн хөдөлгөж байхад яг л кино үзэж байгаа мэт сониучирхан зогсох нь бидний хэнэггүй монгол занг харуулж байв.

Түүнчлэн аюултайг сануулж хориглосоор байтал тээврийн хэрэгслийн хөдөлгөөн тухайн чиглэлд татрахгүй байна. Нийслэлд уржигдар орсон ганц өдрийн борооны үеэр хоёр хүн амиа алдлаа. Тодруулбал, Баянзүрх дүүрэг IX хороо, Шар хадны эцэст 63 настай .эрэгтэй жалгаар гарах үедээ даралт ихэссэний улмаас ухаан алдсанаас үерийн усанд урссан байна. Мөн тус дүүргийн нутаг дэвсгэрт голын эрэг нурснаас 60 настай эрэгтэй осолдож амиа алджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргийн автозам, орон сууцны байрны орц болон зоорийн давхар, айл өрхүүдийн гэр, хашаа, байшин усанд автжээ. Түүнчлэн Дарь-Эх, Улаанхуаран, Дүнжингарав худалдааны төвийн уулзвар, Нарны гүүр, “E-mart” худалдааны төвийн уулзвар зэрэг газар их хэмжээний ус тогтоод байна.

Үерийн аюултай бүсэд 1872 айл өрх амьдарч байна. Хэдэн жилийн өмнөөс л нүүлгэх шаардлагатай гэж ярьсаар байгаа энэ айлуудын хувьд амь нас нь дээсэн дөрөөн дээр байгааг байгалийн гамшгаас ойлгосон болов уу. Үер усны гамшиг нь хэдхэн секундын дотор ямар хохирол учруулж болдгийг өнгөрсөн өдрүүдэд харлаа. Харамсалтай нь харсаар, мэдсээр байгаа хэрнээ аялал зугаалга, амралтаа чухалчилсан хэвээр л байна.

Бас нэгэн харамсалтай тоо баримт бол 2013 оноос хойш 560 хүн усанд осолдсоны 122 нь хүүхэд байна. Зөвхөн энэ он гарсаар 48 хүн живчихээд байгаа. Бага насны хүүхдийг гол мөрны орчим хараа хяналтгүй орхиод архидан согтуурах, сэрүүцэх, тоглох зорилгоор ус руу согтуу орох, хиймэл нууранд хийлдэг гудастай орох, үерийн ус зайлуулах даланд хөл алдаж унах зэрэг нь усны ослын гол шалтгаан болж байгааг холбогдох байгууллага нь мэдээллээ.

Ерөөс бид байгалийн гамшгийн үед ямар арга хэмжээ авах, хэрхэн өөрсдийгөө хамгаалах талаар анхан шатны мэдлэггүй байгаадаа нэгийг бодох цаг хэдийнэ болжээ. Аадар бороо цаашид зарим газраар үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул иргэдийг гол усны ойролцоо амарч, зугаалахгүй байх, бага насны хүүхдэд хараа, хяналтаа сайжруулах, баталгаатай зам гүүрээр зорчих, усанд унах, осолдохоос сэргийлэхийг Цаг уурын үндэсний хүрээлэн, Онцгой байдлын газраас дахин анхааруулсаар байна.

Зууны мэдээ
Б.Төгс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-07-19 03:24:58
    Гамшиг одоо жил бүр нэмэгдэнэ тэгээд шар шавар үнсээр орон бариад амьдрах боломж байхгүй болноо адаглаад гэр бариачээ
    202.9.42.2
    Мэдэгдсэн Хариулах