Д.Мөнх-Очир: ЮНЕСКО-гоос гаргасан бие даасан хэлний шалгуур шинжүүдээр авч үзвэл монгол хэл мөхөх аюулд тулж очоогүй
Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа "Монгол судлалыг дэмжих сан"-гийн захирал, доктор Д. Мөнх-Очиртой ярилцлаа.

-"Монгол судлалыг дэмжих сан"-гийн үйл ажиллагааны тухай ярихгүй юу?

-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Монгол судлалыг дэмжих сан"-г байгуулсан. Энэ сан маань 2014 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Өнөөдөр "Монгол судлалын үндэсний зөвлөл", "Монгол судлалыг дэмжих сан" хамтран түүх, хэл, утга зохиол, гүн ухаан, шашин, соёл, урлаг, хөдөө аж ахуй гээд энэ бүх салбар чиглэлд судалгаа хийж байгаа эрдэмтдийг цуглуулан цаашдын үйл ажиллагааны чиг, монгол судлал юунд анхаарах ёстой юм, юу нь хоцрогдож байна вэ, яг юуг чухал сэдэв гэж үзэх вэ зэрэг дээр эрдэмтдийн хүрээнд нээлттэй ярилцлага хийж байна. Энэ долоо хоногт бүхэлдээ монгол судлалын салбар хорооны хэлэлцүүлэг өрнөнө.

-Өнөөдөр "Монголд хэл бичиг судлалын тулгамдсан асуудал" сэдвийн дор нээлтэй хэлэлцүүлэг өрнөж байгаа. Монгол хэл шинжлэлийн уламжлал, шинэчлэлийн асуудал, өнөөгийн байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Хэлэлцүүлэгт энэ чиглэлийн Монгол Улсын тэргүүлэх эрдэмтэд, энэ салбарын байгууллагуудын удирдлагууд оролцож байна. Монгол хэл шинжлэл нь Дорно дахин, түүний дотор Энэтхэг, Түвдийн хэл шинжлэлийн уламжлал, арга зүйг хэрэглэн, судалж ирсэн.

XIX зууны үеэс Орос, Европын зарим орны эрдэмтэд монгол хэлийг судалж эхэлсэн байдаг. Монгол эрдэмтэд 1930-аад оны сүүлчээс монгол хэлний хэлзүйг зохиохдоо Европын хэл шинжлэлийн аргыг хэрэглэсэн байдаг юм.

Тэр үетэй харьцуубал өнөөдөр монгол хэл шинжлэл нь маш өндөр түвшинд хүрсэн байна. Авиазүй, үгийн бүтэц, хэлзүйн байгуулал зэрэг олон талыг хамарсан судалгаанаас гадна монгол хэл, аялгууны судалгаа зэргээр нарийсан судлагдаж байна.

-Монгол судлалыг Монголд хөгжүүлэхэд цаашдын баритлах чиг хандлага юу байх бол?

-Юуны түрүүнд монгол хэл бичиг, түүх, соёлыг судлах судлаачдыг дэмжих асуудлыг төр, засгаас анхаарах хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд, манай улсад монгол судлалын бүтээлийг бүрэн утгаар нь үнэлж чадахгүй байна.

Бараг сайн дурын ажил гээд хэлчихвэл бодит байдлаас нэг их хэтэрсэн болохгүй. Эрдэмтэн, судлаачид ч өөрийн хийж бүтээсэн зүйлийнхээ үнэ цэнийг таниулах, нөгөө талаас холбогдох газрууд түүнийг нь үнэлж чаддаг байх тогтолцоо шаардагдаж байгаа юм.

Ерөнхийдөө монгол судлалыг хөгжүүлэхэд холбогдох салбар бүрийн оролцоо маш чухал үүрэгтэй юм. Нэгд, манай судлаачид орчин үеийн судалгааны арга барилыг маш сайн эзэмших, хоёрт, сургалтын байгууллагууд боловсон хүчнээ улам чанаржуулан бэлтгэх нь чухал.

Гуравт, эрдэм шинжилгээиий байгууллагууд монгол судлалын тулгамдсан асуудлуудыг нэн түрүүнд судлах. Дөрөвт, төр, засгаас монгол судлалын судалгааны чиглэлийг бүх талаар дэмжих хэрэгтэй байна.

-Төрийн хэл, төрийн албан ёсны бичгийн талаар таны бодлыг сонсмоор байна. Түүнтэй холбогдох төрийн бодлогыг хэр оновчтой гэж үздэг вэ?

-Дэлхийн олон орон эх хэлээ хайрлан хамгаалах, хөгжүүлэх, цэвэр ариун байлгах чиглэлийг төрийн бодлогодоо тусгасан байдаг. Мөн хэлний хууль гэж бий. Манай орон хэдэн жилийн өмнө Төрийн хэлний тухай хууль баталсан.

Аливаа улс орон эх хэлээрээ төрийн бүхий л албан хэргээ явуулдаг. Төрийн албаны хэл цэгцтэй, ойлгомжтой байх ёстой бөгөөд түүнийг зохицуулах зорилгоор хэлний хууль байдаг юм. Гэтэл манай оронд хэлний хэм хэмжээг зөрчих явдал ихээхэн гарч байна. Хамгийн наад захын жишээ нь албан газар, хувийн хэвшлүүдийн хаягийг хар даа.

Тэдгээр нь стандартын бус, харь хэлээр бичсэн зэрэг зөрчилтэй байгаа юм. "Рапид" харш л гэнэ, "Сиси" харш л гэнэ. Том том пүүс, компаниудын реклам бол дан англиар явах жишээтэй. Яагаад монголоороо нэрлэчихэж болдоггүй юм бэ.

Хууль гараад багагүй хугацаа өнгөрсөн хэдий ч тодорхой үр дүнд хүрээгүй байна. Аливаа хаяг нь төрийн байгууллага, түүнээс доод шатны байгууллага зэрэг зохих ёсны эрэмбээрээ хэмжээ зааг, стандарт нь өөр байх ёстой.

-Дээр нь хотын гудамжинд байрладаг байгууллагын хаяг, рекламны самбар зөв бичих дүрмийн их алдаатай байдаг. Энэ нь хүмүүсийн нүдэнд мөн л дасал болж эх хэлний утга алдагдахад хүргэдэг?

-Албан байгууллагын хаяг, худалдаа үйлчилгээний газар хаягаа монголоор бичих ёстой. Монголоор бичихдээ болж өгвөл монгол бичгээр, болохгүй бол кирилл үсгээрээ бичих нь зөв.

Дараа нь гадаадын улс орны төлөелегч, жуулчдад зориулж доод талд нь англиар бичих нь зөв юм. Түүнээс биш янз бүрийн хэлээр бичдэг нь буруу. Хэл соёлын хувьд биеэ даасан тусгаар улс гэдэг агуулгатай өнөөдрийн хаяг харшилдаг.

Монгол хүн тусгаар тогтносон эх орондоо эрх чөлөөтэй, жаргаж байгаагаа мэдэхгүй өөреө өөрийгөе үгүйсгэж, хүчгүй болгож байгаа зүйл нь энэ шүү дээ. Ийм байдлыг цэгцлэх нь хотын захиргааны үүрэг. Хэдэн жилийн өмнө хотын захиргаа их ажил өрнүүлж цэгцлэх гэж оролдсон.

-Бичгийн олон эрдэмтэд монгол бичиг нь төрийн бичиг байх ёстой гэх зүйлийг ярьдаг. Энэ талаар таны бодол?

-Миний хувьд монгол хүн бүр монгол бичгээр уншиж чаддаг болох ёстой гэж үздэг. Энэ нь ямар ажил алба хашдаг, ямар ч мэргэжлийн хүн байсан хамаатай юм. Харин шаардлагатай бол монгол бичгээр бичиж сурах хэрэгтэй.

Бүх хүнд монгол бичгээр бичиж сурах шаардлага тавина гэдэг бол бэрхшээлтэй зүйл. Монгол бичгийн дүрэм бол нэлээд нарийн, ярианы хэлнээсээ зөрүүтэй. Монгол бичгийн хэл одоогоос 1000 гаруй жилийн өмнөх монгол хэл юм.

Монгол хэлээр уул гэдэг үгийг агула гэж бичдэг нь эртний монгол хэлний хэллэг. Энэ нь VIII, IX зууны үед монгол хүн уулыг агула гэж хэлдэг байсантай холбоотой. Гэхдээ энэ нь монгол бичгийн хэл хоцрогдсон гэсэн үг биш, хамгийн гол нь бид ярианы хэлтэйгээ ойрхон бичиг сурсан болохоор түүнд дасахад бэрхшээл байгаа байх.

-Хэлний засаглал мөхөж байна, харь хэлний түрэмгийлэл газар авч байна гэх яриа олны дунд байдаг. Энэ талаар бодлоо хуваалцаач?

-Дэлхий дээр олон жижиг хэл мөхөж байна. Суүлийн 50 жилийн дотор 3000 гаруй жижиг хэл мөхсөн гэх тооцоо бий. Монгол хэлний тухайд Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэл бохир, муу байна, ярианы хэлний хэм хэмжээнд бичиж байна, харь үгийн "довтолгоо"-нд их өртөж байна гэсэн яриа байдаг нь нэгэнт үнэн зүйл.

Үүнээс үүдэлтэй олон сөрөг үр дагаварууд ч гарч байгаа. Бичгийн, ярианы хэл нь тус тусдаа хэм хэмжээтэй. Гэтэл өнөөдөр энэ ялгаа зааг бүдгэрч байгаа нь харамсалтай.

Үүнд санаа зовниж, хэл соёлоо цэвэр ариунаар нь хадгалж үлдэх гэсэн сэтгэлээр хандаж байгаа нь сайшаалтай хэрэг. Нөгөө талаас нь авч үзвэл монгол хэл мөхлийн ирмэгт тулж очсон уу гэвэл тийм биш. ЮНЕСКО-гоос бие даасан хэлний шалгуур шинжүүдийг гаргасан байдаг.

Тэр шалгуураар монгол хэлийг авч үзвэл монгол хэл мөхөх аюулд тулж очоогүй. Тухайлбал, монголчууд гэр орон, ажил төрөлдөө монгол хэлээр ярьдаг, төрийн албан бичиг, бүх шатны сургалт, соёл урлаг, эрдэм шинжилгээний бүтээл зэрэг нийгмийн бүх салбарт монгол хэл үйлчилж байна. Энэ бүхнээс харахад монгол хэл нь одоогоор бие даасан хэлнийхээ шинжийг хадгалж чадаж байгаа юм.

Нийслэл таймс
А.Халиун
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бадам 2015-10-12 13:17:48
    Дээр дурьдсан Монгол судлалыг дэмжих сангийн холбогдох хаяг, утасны талаарх мэдээллийг хүргэхийг хүсэж байна.
    1.183.195.169
    Мэдэгдсэн Хариулах