А.Жасрай: Нүүрс борлуулсныхаа төлөө АТГ-т байцаагдсан

Өнгөрсөн хоёр жил нүүрс хөтөлбөр хэрэгжиж гэр хорооллын иргэд 40 кг-аар савласан нүүрсийг 3200 төгрөгөөр авч байв. Энэ нь амьжиргааны төвшин доогуур өрхөд таатай байсан гэдгийг хүмүүс хэлж байлаа. Харин энэ хөтөлбөр энэ жил хэрэгжих эсэхийг мэдэхгүй байгаагаа өчигдөр нүүрс борлуулагчид хэвлэлийн хурал зарлаж мэдэгдлээ. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар цэгт нүүрс борлуулагч А.Жасрайгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Та хэдэн жил нүүрс борлуулж байна вэ. Иргэдийн худалдан авалт хэр байдаг вэ?

-Хоёр жил нүүрс борлуулж байна. Гэр хорооллын иргэдэд таатай хөтөлбөр болсон гэж боддог. Хоногийн хоолоо арай ядан авдаг хүмүүс өдөрт нэг, нэг шуудайгаар нүүрсээ зөөдөг. Өглөө 10:00-22:00 хүртэл ажилладаг. Худалдан авагчид бидний борлуулж байгаа нүүрсийг шигшсэн бас хямд, мөнгөнд хэмнэлттэй гээд ам сайтай байдаг юм. Зарим нэг нь 200 мянга орчим төгрөгийн хэмнэлт гарсан гэж байсан.

-Энэ хөтөлбөрийн хүрээнд ажлын байр нэмэгдсэн гэх юм. Нийт хэдэн борлуулагч байдаг вэ. Сард хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?

-Тодорхой тоо хэлж мэдэхгүй, ойролцоогоор 170 гаруй хүн байдаг. Мөн жолооч, ачигч гээд хүмүүсийг ажлын байраар хангачихна. Нас заагаад ажилд авдаггүй хүмүүсийг авдаг. Тэтгэврийн хүнд сард хэдэн төгрөг ороод ирнэ гэдэг чинь амьжиргааны төвшинд ч нэмэртэй байдаг юм. Гэтэл идсэн уусан байна гээд шалгаад байгааг нь гайхаад л сууж байна.

-Таныг АТГ-аас шалгасан гэж сонслоо. Чухам ямар асуудлаар шалгасан юм бэ?

-Би ч ойлгохгүй байна. Нүүрс борлуулсныхаа төлөө АТГ-т байцаагдсан. Авлига өгсөн гээд байгаа юм уу, авсан гээд байгаа юм уу, бүү мэд. Ямар ч байсан хоёр удаа дуудаж асуусан. Тэтгэврийн хөгшин гэрт зүгээр сууж байхаар гээд төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлогыг дэмжиж ажилласан. Үүнийхээ төлөө хөгширсөн хойноо цагдаа, сэргийлэх гээд явах болж байх шиг. Уг нь сард 900 мянган төгрөг хэн надад өгөх билээ. Өдөрт хэдэн машин нүүрс авсан, хэдэн шуудай болсон, хэдэн төгрөгийн орлого орсон нь бүгд баримттай. Тийм болохоор айж, эмээх зүйл алга.

-Энэ хөтөлбөрийн үр дүнг хэрхэн дүгнэх вэ?

-Цаг үеэ олсон ажил байсан. Гэр хорооллын иргэд энэ нүүрсийг аваад хэвшсэн. Бас мөнгөнд нь хэмнэлттэй болохоор борлуулалт ч сайн байлаа. Харин энэ жил нүүрс борлуулах эсэхээ мэдэхгүй л байна. Уг нь ард түмнийхээ төлөө ажиллаж байгаа бол эдийн засаг хүнд үед хямд өртөгтэй нүүрсээ борлуулах нь зүйтэй гэж бодож байна.

-Багануураас нүүрсээ 27500 төгрөгөөр аваад 80 мянгаар зарж байгаа нь илүү ашиг олоод байгаа гэх хардлагыг төрүүлж байгаа гэж яриад байна л даа?

-Тиймээ цаанаасаа 27500 төгрөгөөр авдаг гэж байсан. Гэхдээ аливаа наймааг хийхдээ гарах зардлаа тооцож үнэдээ шингээдэг нь бизнесийн бичигдээгүй хууль. Үүнийг хүн бүр мэднэ. Тэгэхээр дор хаяж 800 гаруй хүний цалин гээд тооцвол гарах зардал их бий. Энэ бол миний л бодож байгаа зүйл. Хүн ямар өнцгөөр харж байгаагаас бүх зүйл шалтгаалдаг шүү дээ.

Зууны мэдээ
Д.Оюунчимэг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.