Наадмаар нийт 557 алба хаагч албаны бэлэн байдалд ажиллана
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас иргэдийн ая тухай, аюулгүй зорчих, нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор бусад анги байгууллагуудаас хүч нэмэгдүүлэн нийт 557 алба хаагч албаны бэлэн байдалд ажиллана. Мөн нэмэгдлээр Хууль сахиулахын их сургуулийн 85 сонсогч өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэнэ.
 
 Иргэд хөдөлгөөнд оролцогчдыг ая тухтай, аюулгүй зорчуулах чиглэлээр гэвэл
 
Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын хэмжээнээс хамааран тээврийн хэрэгслийн зөвшөөрлүүд олгогддог. Зөвшөөрөл нь баяр наадмын үеэр иргэд, хөдөлгөөнд оролцогчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатал үүсгэхгүй байхад чиглэгдсэн хөдөлгөөн зохион байгуулалтын нэг хэлбэр юм. Энэ жил А, Ж, DК, Ү, Г, улаан М, Цэнхэр М гэх нийт 7 төрлийн зөвшөөрлүүд олгогдож байна.
 
Мөн бид замын мэдээлэгдсэн байдлыг сайжруулах, жолоочид мэдээллийг ойлгомжтой байдлаар хүргэх зорилгоор тэмдэг, тэмдэглэл, “Чиг заасан мэдээлэх самбар”-ыг шаардлагатай байрлалуудад байрлуулаад байна. Та бүхэн тавигдсан тэмдэг, авсан зөвшөөрлийнхөө зураглалын дагуу хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.  
 
Цагдаагийн байгууллага үйл ажиллагаа явуулахдаа иргэдийнхээ аюулгүй, ая тухтай байдлыг хангахад чиглүүлдэг.  Энэ хүрээнд энэ жил зарим тээврийн хэрэгслийн зөвшөөрлийн талбайг ойролцоо дүүргээр нь ангилж өгсөн.
Жишээ нь “Г” төрлийн зөвшөөрлийг 2 байршилд байгуулсан. Нэг дэх байршил нь СБД, СХД, БГД, ЧД-ийн чиглэлээс ирж буй иргэдэд зориулан Энхтайвны гүүрний зүүн дор байрлах “Усан парк”-ын зогсоол, хоёр дах нь ХУД, БЗД-ийн чиглэлээс ирж буй иргэдэд зориулан Хурд хорооллын зүүн талд байрлах “Суруго Монгол” ХХК-ны зогсоолд байрлуулахаар зохион байгуулсан гэх мэт.
Түүнчлэн:
  • “А”, “ДК” ангиллын зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах “Наадам” төвийн 6 давхар авто зогсоолд,
  • “Ж” буюу жуулчдад зориулсан зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах "Говийн Од" ХХК-ийн талбайд байрлуулна. Мөн тухайн үед бид 45 ба түүнээс дээш хүний суудалтай автобуснуудад зориулсан нэмэлт зогсоолуудыг гаргаж ажиллана.
  • “Г, Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Нийслэлийн гудамж буюу Хурд хорооллын зүүн талд байрлах “СУРУГА МОНГОЛ" ХХК-ийн талбайд

“Улаан M”, “Цэнхэр М” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл: Зөвхөн Хүй 7 худаг явна.
 
Гэвч зөвшөөрөлгүй эсвэл олгогдсон зөвшөөрлийн бус талбай руу жолооч нар нэвтрэх үйлдлийг ихээр гаргадаг. Энэ нь бусад хөдөлгөөнд оролцогчид болон хөдөлгөөн зохицуулалтанд ихээхэн хүндрэл учруулж, зохиомол түгжрэл саатал бий болох шалтгаан болдогыг анхаарах хэрэгтэй.
 
Мөн Дүнжингарав, Мишээл экспо төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулан Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 3-5 минут тутамд үнэ төлбөргүй автобусаар зорчих боломжтой. 
 
Замын ачааллаас шалтгаалан долдугаар сарын 12-ны 07:00-09:00 цагт Соёолон насны хурдан морины уралдааны үеэр Архангай руу салдаг уулзвараас Хүй долоо худаг хүртэлх замыг зүүнээс баруун тийш, баруунаас зүүн чиглэлд нэг чигийн урсгалд оруулж хөдөлгөөнийг зохицуулах бөгөөд морь уралдаж дууссаны дараа Улаанбаатар хотоос Архангай руу салдаг уулзвар хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын хөдөлгөөнийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
 
Анхаарах зүйлс
 
 Баяр, наадмын нээлт, хаалт болон Есөн хөлт цагаан туг залах, соёолон насны морины уралдаан, шоу тоглолт гэх мэт арга хэмжээнүүдийн үед хөдөлгөөний чиглэл өөрчлөх, нэг чигийн хөдөлгөөнд оруулах, зарим уулзвар, гарцыг хаах зэрэг зохицуулалт хийнэ.  
 
Баярын өдрүүдэд FM 100.1, 100.5, 88.8, Авто радио 96.3-аар дамжуулан нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран жолооч, зорчигчдод замын ачаалал, нягтрал, сонгож явах боломж бүхий сийрэг замын мэдээллийг давтамжтайгаар наадамчин олонд хүргэнэ.
Мөн бид “Өнгөрснөөс сэргийлж, Ирээдүйгээ аврах ёстой”. Өнгөрсөн жилийн баяр наадмын өдрүүдэд ЗЦА-нд нийт зам тээврийн ослын 800 орчим дуудлага хүлээн авснаас 2 хүн амь насаа алдаж, 70 хүн гэмтэж бэртсэний 18 нь хүүхэд байсан.  Хэлбэрээр нь авч үзвэл онхолдох, мөргөлдөх, шалтгаанаар нь авч үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлсний улмаас үйлдэгдсэн байгааг та бүхэнд анхааруулж байна.
 
Түүнчлэн тус албаны Орон нутгийн хяналтын хэлтэс, аймгууд дахь Замын цагдаагийн тасаг, хэсгийн алба хаагчид улсын болон орон нутгийн чанартай автозамуудад хөдөлгөөнт болон гэнэтийн хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах юм.

Цагдаагийн байгууллага иргэд та бүхнийгээ хөдөлгөөнд оролцохдоо бие биенээ хүндэтгэж, дүрмээ биелүүлэн сахилга соёлтой сайхан наадна гэдэгт итгэж байна.

 


О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.