Ж.Энхзул: Олон улсын татварын форумд 200-300 гаруй төлөөлөгчид оролцоно
Ази номхон далайн бүсийн орнуудын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбоо (AOTCA)-ны 2018 оны хурал, олон улсын татварын форумыг Улаанбаатар хотноо 2018 оны есдүгээр сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн гишүүн, зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Прайсвотэрхаускүүпэрс mакс ТМЗ ХХК-ийн татварын ахлах зөвлөх Ж.Энхзултай ярилцлаа.

-Сайн байна уу? Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ази номхон далайн бүсийн орнуудын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбоо (AOTCA)-ны ээлжит олон улсын хурлын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-Ази Номхон Далайн Орнуудын Татварын Зөвлөхүүдийн Нийгэмлэг буюу AOTCA нь 1992 онд байгуулагдсан, тус бүс нутгийн 13 улсын 19 мэргэжлийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн том байгууллага байдаг. Тус нийгэмлэгийн гишүүд жил бүр хуралдаж нийгэмлэгийн үйл ажиллагааны тайлан, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар  хэлэлцэхээс гадна тухайн цаг үед олон улсад татварын чиглэлээр асуудал болж буй гол сэдвээр олон улсын форум зохион байгуулдаг. Монголын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Нийгэмлэг (ТМЗН) нь AOTCA-ын гишүүнээр 2002 онд элссэнээс хойш үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн байдаг. Үүний үр дүнд ТМЗН нь АОТСА-ын 2018 оны жилийн хурал, олон улсын татварын форумыг эх орондоо зохион байгуулахаар сонгогдсон.

Хурал, форумыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа ба бэлтгэл ажлын явц нилээд сайн байгаа. Тухайлбал, 9 сарын 12-ний өдөр АОТСА-ын 2018 оны жилийн хурал, техникийн ажлын хэсэг, аудиторуудын зэрэг дотоод хурал, хэлэлцүүлгүүд нь Гадаад хэргийн яамны хурлын зааланд, VIP хүлээн авалт орой нь ACEM Villa цогцолборт, 9 сарын 13-ний өдөр олон улсын татварын форум, гала хүлээн авалт Шангри-ла зочид буудалд зохион байгуулагдахаар болсон. Харин гадаадын зочид төлөөлөгчдөө зориулж мини наадмыг 9 сарын 14-ний өдөр Чингисийн хүрээ цогцолборт, номадик тур арга хэмжээг 9 сарын 15-ний өдөр Тэрэлжид зохион байгуулна.

Дээрх арга хэмжээнүүдийн хөтөлбөр бэлэн болж, зохион байгуулах газруудтай гэрээ хэлцэл хийгдэж, түүнчлэн олон улсын татварын форумын ерөнхий болон панел тус бүрийн сэдэв, илтгэгчид тодроод байна. 

-АОТСА 2018 олон улсын татварын форум өмнөх жилүүдэд зохиогдсон форумуудаас юугаараа онцлог, ялгаатай байна гэж үзэж байгаа вэ?

-Энэ жилийн олон улсын татварын форум “BEPS-ийн хүрээнд шинэчлэгдэж буй татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх дүрэм, түүний хэрэгжилтэд тулгарч буй практик асуудлууд” (Challenges in implementation of new GAAR Rules under BEPS) сэдвээр зохион байгуулагдана.

Татвараас зугтах (tax evasion), татвараас зайлсхийх (tax avoidance) гэсэн хоёр ялгаатай ойлголт байдаг. Хууль тогтоомжийг илт зөрчих замаар төлөх татвараа бууруулах, төлөхгүй байх үйлдлийг татвараас зугтах, харин хууль тогтоомж, татварын гэрээ хэлцлийг зөрчилгүйгээр татварын ноогдолоо бууруулахыг татвараас зайлсхийх явдал гэж тодорхойлдог.

Татвараас зугтахаас илүүтэйгээр татварын нарийн төлөвлөлт (tax planning) хийх замаар  татвараас зайлсхийх явдал нь улс орнуудын татварын суурийг гажуудуулах, ашиг шилжих (base erosion and profit shifting -BEPS)-д хүргэж буй тул татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх дүрэм буюу GAARs (general anti-avoidance rules)-ыг боловсруулж, хууль тогтоомждоо тусгах замаар хэрэгжүүлэх практик дэлхийн улс орнуудад өргөн хэрэглэгдэх болсон. Цаашлаад Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллага (ЭЗХАХБ)-аас боловсруулж гаргасан BEPS-ийн эсрэг 15 арга хэмжээний ажлын тайланд татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх дүрмийг чангатгах чиглэлээр олон асуудлууд тусгагдсан байдаг.

Монгол улсын Засгийн газраас 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр УИХ-д өргөн барьсан Татварын Ерөнхий Хуулийн төсөлд татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх дүрмийг тусгайлан нэг бүлэг тусгасан байна. Олон улсын татварын шинэчлэгдэж буй дүрмүүдийг дотоодын хууль тогтоомждоо тусгах чиглэлээр татварын шинэчлэл хийж буй энэ цаг үед анхаарал татаж буй энэхүү чухал сэдвээр манай улсад форум зохион байгуулж  буйгаараа онцлогтой болж байна.  

Бид GAARs-ыг онол, практикийн түвшинд хамгийн сайн судалсан эрдэмтэн профессорууд болох Баруун Австралийн Их Сургуулийн багш Ричард Кревер (Монгол улсын НӨАТ-ын анхны хуулийн төсөл дээр зөвлөхөөр ажиллаж байсан), Европын Татварын Зөвлөхүүдийн Нийгэмлэг (ЕТЗН)-ийн ерөнхийлөгч Пиержиоржио Валенте, Токиогийн Их сургуулийн багш Наказато нарын зэрэг эрхмүүдийг зочин илтгэгчээр урьж оролцуулж байгаагаас гадна AOTCA-ын гишүүн байгууллагуудын төлөөлөгчид өөрсдийн улс орны туршлага, бодит кейсээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийх болно. Ингэснээр манай татварын зөвлөхүүд, энэ салбарын мэргэжилтнүүдэд олон улсын татварын экспертүүдээс суралцах, мэдлэгээ дээшлүүлэх, түүнчлэн татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх дүрмийг хэрэгжүүлж буй бусад улс орнуудын алдаа оноо, сургамж, туршлагаас судлах боломжууд нээгдэж байгаа юм.

Түүнчлэн, энэ жилийн хурал, форумд AOTCA-ын гишүүн байгууллагуудын төлөөлөгчдөөс гадна ЕТЗН, Африкийн Татварын Зөвлөхүүдийн нийгэмлэг зэрэг бусад олон улсын татварын холбоо, нийгэмлэгүүдээс төлөөлөгчид ирж оролцох юм. Учир нь 2013 оноос хэлэлцэгдэж буй дэлхийн татварын зөвлөхүүдийн нэгдсэн холбоо, нийгэмлэгийг байгуулах асуудал энэ онд эцэслэн шийдвэрлэгдэж, “Улаанбаатарын тунхаг бичиг” гэх баримт бичиг зурагдахаар яригдаж байгаа юм. Ингэснээр манай улсын нийслэлийн нэрээр нэрлэгдэх дэлхийн татварын зөвлөхүүдийн хувьд томоохон түүхэн агшныг бүтээлцэх завшаан тохиолдуулж буй нь бас нэг онцлог болж байна.

-Хурлын бэлтгэл ажилтай танилцахаар АОТСА-ийн ерөнхийлөгч, ноён Тошихиро Икэда 2018 оны 7 сарын 3-5-ний өдрүүдэд ирж ажиллана гэж сонссон. Улаанбаатар хотод ажиллах хугацаанд ямар ажлууд хийхээр төлөвлөснөөс гадна хурлын бэлтгэл ажилд ямар шаардлагуудыг тавьж байгаа вэ?

-Хурал, форумын үйл ажиллагааг дэмжин ажиллахаа Сангийн яам, Татварын Ерөнхий Газраас илэрхийлээд байгаа. Иймд ноён Тошихиро Икэда айлчлалынхаа үеэр Сангийн Дэд сайд Х.Булгантуяа, Татварын Ерөнхий Газрын Дэд Дарга Д.Заяабал нартай уулзан АОТСА –ын талаар болон хурал, форумын талаар мэдээлэл өгч, санал солилцож, түүнчлэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгнө. Тус байгууллагаас тогтоосон протоколын дагуу хурал, форумыг зохион байгуулах шаардлагыг АОТСА-ын зүгээс тавьдаг. Үүний дагуу AOTCA-ын ерөнхийлөгч ноён Тошихиро Икэда, ажлын албаны зарим төлөөлөгчид хурал, форум зохион байгуулах газруудтай танилцаж, хөтөлбөрт заагдсан үйл ажиллагаанууд, форумын сэдэв, илтгэгчид, хугацаа, вэб сайтын ажиллагаа, бүртгэлийн явц гэх мэт бүхий л бэлтгэл ажлын явцтай танилцаж, зөвлөмж өгөх зорилгоор ирж ажиллах юм.

-Гадны зочид төлөөлөгчид хэр их сонирхож, бүртгүүлэхээ илэрхийлж байна вэ?

-АОТСА-ын бүх гишүүн байгууллагууд төлөөлөгчдөө оролцуулахаа илэрхийлээд бүртгүүлж эхлээд байна. Тухайлбал, Япон улсын Татварын Зөвлөхүүдийн Нийгэмлэгээс  45 хүн оролцохоор бүртгүүлээд байна. Бид ойролцоогоор 200-300 гаруй гадаад, дотоодын төлөөлөгчдийг уг үйл ажиллагаанд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

-Дотоодын оролцогчдын бүртгэл эхэлсэн, мөн наадмаас өмнө бүртгүүлбэл 10 хувийн хөнгөлөлттэй гэж сонссон. Үүнээс гадна ямар боломж, давуу талыг дотоодын оролцогчдод санал болгож байгаа вэ?

-Өмнөх жилүүдийн олон улсын татварын форумд манай улсаас олон төлөөлөгч төдийлөн оролцож чаддаггүй байсан. Тухайлбал гадагшаа олон улсын татварын хурал арга хэмжээнд оролцоход замын зардал, зочид буудлын төлбөрөөс гадна хурлын хураамжид 150-300 ам.доллар төлөх шаардлагатай болдог. Зардлаас гадна хэлний асуудал манайханд хүндрэл учруулдаг. Учир нь форумууд ихэвчлэн англи хэл дээр зохион байгуулагдахаас гадна татварын асуудал өөрөө нэлээд ярвигтай, тухайн цаг үеийн олон улсын татварын асуудлыг мэргэжлийн өндөр түвшний хүмүүс хэлэлцдэг учраас англи хэлтэй хүн ч ойлгоход хүндрэлтэй байдаг. Энэ жилийн хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа тул бүх илтгэл, материалыг бид монгол хэлнээ орчуулж дотоодын оролцогчдоо тараахаас гадна форум Англиас Монгол хэл рүү синохромны орчуулгатай явагдана. Ингэснээр манай татварын зөвлөхүүд, энэ салбарын мэргэжилтнүүдэд олон улсын татварын өнөөгийн асуудал, мэргэжилтнүүдийн байр суурь, бусад улс орны туршлагыг заавал гадагшаа явалгүйгээр сонсож суралцах, зардал мөнгөө хэмнэх боломж гарч байгаа юм.

Дээрх боломжийг олон хүнд олгохын тулд бид дотоодын оролцогчдын бүртгэлийн хураамжийг хувьсах зардлын дүнгээр л тогтоосон. Түүнээс гадна наадмаас өмнө бүртгүүлсэн хүмүүст 10 хувийн хөнгөлөлт эдлэх боломжийг олгож байгаа.

Түүнчлэн бидний тавьсан хүсэлтийн дагуу ЕХТЗН (CFE)-ийн ерөнхийлөгч ноён Пиержиоржио Валенте “Олон улсын татвар, татварын бодлого 21-р зуунд” сэдвээр нэг өдрийн сургалт хийхээр болсон. Уг сургалтаар олон улсын татварын бодлогын сүүлийн чиг хандлага, BEPS-ийн хүрээнд хийгдэж буй шинэчлэлүүд болон бусад улс орнуудын туршлагыг авч үзэх болно. Форумд бүртгүүлсэн дотоодын төлөөлөгчдөө уг сургалтад үнэгүй хамруулахаар бид төлөвлөж байгаа. Гэвч суудлын тоо хязгаартай тул эхэлж бүртгүүлсэн хүмүүсийг эхний ээлжинд сургалтад бүртгэх болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.