П.Порошенко, В.Путин нар Украины асуудлыг хэлэлцлээ
Украины зүүн өмнөд хэсэг рүү орос цэргүүдийг халдсан хэ­мээн Украины арми ОХУ-ыг буруутгалаа. Украины талаас мэдээлсэнээр 10 танк, хоёр хуягт машинаар довтолсон гэв. Улсын хилээс барагцаагаар 10 орчим км-ын зайтай Новосибирскийн ойролцоогоос Украины тал тэдгээр машины цувааг саатуулж, хоёр танкийг нь дэлбэлж, ОХУ-ын агаарын хүчний 98 дугаар ангийн 10 гаруй цэргийг саатуулсан гэж  эх сурвалжууд дамжууллаа.

Харин ОХУ-ын Засгийн газар цэргүүд нь Украины хил рүү халдсан гэх мэдээллийг эрс үгүйсгэсэн бөгөөд Москва хотноо болсон хэвлэлийн бага хурал дээр Оросын Гадаад хэргийн сайд Лавров “Энэ хэргийн талаар огт мэдэхгүй юм байна. Харин биднийг довтолсон гэх худал мэдээлэл  гарсаныг сонссон” хэмээжээ. Түүнчлэн ойрын хугацаанд Украины зүүн хэсгийн нутаг руу хүмүүнлэгийн тусламж илгээх байр суурьтай байгаагаа илэрхийлж, “Ук­раины нөхцөл байдал туйлын муу байна. Энэ долоо хоногтоо багтааж, хоёрдугаар ээл­жийн тусламжийн цувааг ямар ч болзол тавьсан хүлээн авч илгээх болно” гэж хэлсэн байна.  Оросын хүмүүнлэгийн бараа ачсан ачааны машинуудыг Украины Засгийн газраас зөвшөөрөл авалгүйгээр хил нэвтрэхэд, Украин болон барууны орнууд олон улсын хуулийг зөрчлөө хэмээн буруушааж байсан юм.

Украины зүүн этгээдэд Засгийн газрын арми Донецк хотыг бүсэлж, сөргөлдөгч хоёр талын хооронд болж буй дайн үргэлжилсээр байна. НҮБ-аас мэдээлсэнээр энэ оны дөрөвдүгээр сараас хойш 2000 гаруй хүн дайны хөлд амиа алдаад байгаа аж. Энэ мэт үл ойлголцол, асуудлуудыг хэлэлцэхээр өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Украины Ерөнхийлөгч П.Порошенко нар тусдаа уулзаж, Украины бүс нутаг дахь хүмүүнлэгийн асуудал хийгээд дайныг дуусгавар болгох асуудлаар санал бодлоо солилцжээ. Беларусын Минск хотноо өчигдөр Евразийн гаалийн холбооны гишүүн орнуудын удирдагчдын уулзалт болсон бөгөөд энэ үеэр тэд уулзахаар өмнө нь төлөвлөсөн байсан юм. Орос болон Украины төрийн тэргүүнүүд хоёр улсын сөргөлдөөнийг нэг шатаар гүнзгийрүүлсэн Малайзын иргэний агаарын тээврийн онгоцны сүйрлээс хойш анх удаагаа уулзаж байгаа нь энэ юм. Петро Порошенко энэ үеэр Украины хямралыг зогсоохын төлөөх бүх арга замуудыг ярилцана гэв.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ордны хэв­лэлийн төлөөлөгчийн мэдээлсэнээр Ерөн­хийлөгч В.Путин, П.Порошенко нар тусдаа уулзаж, хурцадмал байдлыг намжаах үүднээс илэн далангүй яриа хэлэлцээр хийх аж.  Украины Засгийн газар Донецк, Луганскийг салан тусгаарласны дараа бослого, хөдөлгөөнийг цэргийн хүчээр дарах гэж хичээж байгаа юм. Дөрвөн сар гаруйн хугацаанд үргэлжилсэн дотоодын тэмцлийг зогсоохын тулд Ук­раины тал салан тусгаарлагчдыг зэвсгээ хаяж, хяналтдаа буй нутгаа Засгийн газрын талд шилжүүлэн өгөх болзол тавьж байгаа бол ОХУ аль аль тал нь буулт хийж, ямар ч нөхцөлгүйгээр дайнаа зогсоохыг уриалж буй билээ.

Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.