Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төсөл дэмжигдэв
Төрийн байгуулалтын Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ талаар Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцуулга хийсэн юм.





Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар төсөл санаачлагчдаас урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2, Улсын Их Хурал дахь намын бүлэг, Байнгын хороодоос 64, Засгийн газраас 104, нийтдээ 172 хууль тогтоомжийн төслийн санал ирүүлжээ. Тогтоолын төслийг боловсруулахдаа хуулиар хэлэлцэхийг нь тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүдийг нэр зааж тусгах, харин хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж байх зарчим баримталсан. Түүнчлэн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчдаас өргөн мэдүүлбэл намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэнээ Байнгын хорооны дарга хэллээ.

Тогтоолын төсөлд Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар

1.    Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл,
2.    Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл,
3.    Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл,
4. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
5.    Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,
6.    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,
7.    Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,
8.    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,
9.    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,
10. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,
11. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
12. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,
13. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
14. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл,
15. Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл,
16. Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр тусгасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.

Мөн тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат Жижиг, дунд, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслүүдийг, Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд олон нийтийн дунд хүлээлттэй байгаа Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудалд нэмж тусгах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.