Тавантолгойг ярьсан зургаан “толгой”

Монголчууд Тавантолгойг ашиглах талаар ярьж эхэлсний 10 жилийнхээ ойтой золголоо. Дэлхийн коксжих нүүрсний томоохон орд болох Тавантолгой төслийг хөдөлгөөд зогсохгүй иж бүрнээр нь ашиглаж үр шимийг нь хүртэх эрмэлзлэл үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайдуудад байсан юм. Харин улс орны хөгжил болоод улс төрийн карьерын хувьд ч төслийг урагшлуулах амбицаа биелүүлж чадсан уу гэвэл үгүй болж таарлаа.

С.Баяраас У.Хүрэлсүх хүртэлх зургаан Ерөнхий сайд Тавантолгойн хувь заяаг шийдэх өөрсдийн хувилбар, арга замыг дэвшүүлж ирсэн ч улс төрийн бүлэглэл, талцлаас болж өнөөг хүртэл урагшилж чадаагүйг өнгөрсөн хугацаан дахь “түүхэн товчоон” баталж буй юм. Өөрөөр хэлбэл, эцсийн мөчид хэнийх нь ч Засгийн газар цаасан дээрх төслийг бодит болгож чадсангүй.

Тавантолгойг хөдөлгөх яриа 2008 оноос хойш өнөөг хүртэл 10 жил үргэлжлэх хугацаанд С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарын зургаан Ерөнхий сайдын гар дамжсан ч дорвитой хөдөлгөж чадаагүйн илрэл нь энэ удаагийн ээлжит хувилбар юм.

2011 онд Тавантолгойн бүлэг ордыг 5.7 тэрбум ам.доллар буюу нийт ордын нүүрсний нөөцийг 7.4 тэрбум тонн гэж үнэлжээ. Үүний 5.1 тонн нь коксжих, үлдсэн 2.3 тэрбум тонн нь эрчим хүчний өндөр чанарын нүүрс гэсэн үнэлгээ гарсан байдаг. Мөн Тавантолгойн хувьцааны 85.20 хувь төрийн мэдэлд, 486 ААН дээр 0.05 хувь, Монгол Улсын иргэдэд 14.75 хувийн хувьцаа бүртгэлтэй байгаа аж. Харин Тавантолгойг хөдөлгөх ээлж У.Хүрэлсүхийн Засгийн газрын “толгой” дээр ирж өөрсдийн хувилбараа танилцуулаад хэдхэн хонож байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын хэлснээр “Тавантолгой төсөл хэрэгжсэнээр жилд 2.8 тэрбум ам.долларын экспортын орлого орж ирнэ. 5.400 орчим ажлын байр бий болно гэх эхний ээлжийн тооцоо судалгаа гараад байна. Ер нь Тавантолгой төсөл Монгол Улсын хамгийн том төсөл болон хэрэгжинэ. Гадны хөрөнгийн биржүүдийг судлаад хамгийн таатай нөхцөл өгсөн бирж дээр гаргахаар төлөвлөж байна. Хонг Конгийн хөрөнгийн биржээс гадна Шанхайн хөрөнгийн биржийн нөхцлийг манай мэргэжлийн хүмүүс судалж байгаа” гэв.

Ийнхүү өнгөрсөн арван жилийн хугацаанд дэлхийн хэмжээний нүүрсний орд Тавантолгойг хөдөлгөх талаар Засгийн газрын тэргүүнүүдийн буюу зургаан “толгойн” хувилбары гхүргэе.

2008 он

С.Баярын Засгийн газрын үед 2008 онд Тавантолгойн ордыг эзэмшиж байсан Сү.Батболд нар төрд эргүүлэн өгч, харин геологи хайгуулын ажлын зардал нэрийн дор Ухаахудаг “Энержи Ресурс”-т үлдэв. Тавантолгой төрийн мэдэлд ирсний дараа төслийг цогц байдлаар хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар ахлуулсан Ажлын хэсэг томилон Тавантолгойн олон улсын уралдаант шалгаруулалт зарласан. 8 орны 15 том компани, консорциум оролцохоо мэдэгдсэн.

2010 он

С.Батболдын Засгийн газар 2010 онд Тавантолгой стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах олон улсын тендер зарлав. Тавантолгойн түүхэнд алдарт 39 гэж тэмдэглэгдэн үлдсэн УИХ-ын тогтоолыг 2010 оны долдугаар сард гаргасан ба түүнийг хэрэгжүүлэх үүрэг С.Батболдын хамтарсан Засгийн газарт ирсэн ч удалгүй зогсов.

2014 он

Н.Алтанхуягийн Засгийн газар 2014 оны наймдугаар сарын 20-нд "Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай" 268 дугаар тогтоол гаргасан. Хөрөнгө оруулагчдад туршлагатай үндэсний компани 51 хувийг эзэмшин олон улсын нэртэй компаниудтай баг болж орж ирэх үндсэн нөхцөл тавьсан ч 11 дүгээр сард Засгийн газрыг огцруулснаар төсөл дахин зогсов.

2015 он

Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2015 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын гаргасан 268 дугаар тогтоолын дагуу шалгарсан консорциумтай хэлэлцээ хийхийг даалгасан байдаг. Тавантолгой төсөлд хөрөнгө оруулах компаниуд шалгарсан ч УИХ-аар хэлэлцүүлэхийн өмнөхөн эрх баригч нам төслийг унагасан.

2016 он

Ж.Эрдэнэбатын Засгийн газар 2016 онд Тавантолгойн ордын олборлолт, борлуулалт зэргээр цогц байдлаар шийдэх байдлаар олон улсын хөрөнгө оруулагч нартай хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр болсон ч Ерөнхийлөгчийн сонгуультай золгож, дахиад сураг алдарсан.

2018 он

-У.Хүрэлсүхийн Засгийн газар 2018 оны зургадугаар сарын 20-ны өдөр хуралдаж “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг биржээр арилжаалах шийдвэр гаргав. Мөн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн тусгай зориулалтын автозам, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг шуурхай хэрэгжүүлж эхлэхээр боллоо.

Зууны мэдээ
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-06-27 01:58:25
    Ер нь бол эхлээд яаж ийж байгаад төмөр замаа барьчих л хэрэгтэй юм байгаа шдээ. Дараа нь дээгүүр нь явуулах юм аа шийдвэл зүгээр.
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах