Хөрөнгө оруулалтын хүсэлттэй  “Их түмэн санаачилга”

НҮБ-ын “Их түмэн санаачилга” зөвлөлдөх комиссын 18 дахь удаагийн хурал өн­гөрсөн 21-22-нд Улаанбаатарт боллоо.
 


Уг комисст манай улсаас гадна БНХАУ, ОХУ, БНСУ багтдаг. Энэ удаагийн хуралд дээрх улсуу­дын Сангийн, Худалдаа, эдийн засгийн яам, Экс­порт, импортын банкны удирдах албан ту­шаалт­нууд оролцсон юм. Ху­рал­­даа­­ны эх­ний өдөр Монгол Улсын Хөгж­лийн банк­­ны са­наачилгаар үндэсний хөрөнгө оруулал­­тын хө­төлбөр, төрөөс баримтлах бод­лого, хө­дөө аж ахуй, уул уурхайн салбарын санхүүжилтийн боломжуудыг танилцууллаа. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хур­лын “Хөгжлийн тэргүүлэх чиглэлийн хөтөл­бөрүүд: Санхүүгийн хамтын ажиллагааны са­наачилга” сэдэвт дээд хэмжээний хэ­лэл­цүүлгийг нээж үг хэлэв.

Тэрбээр “Гадаад ху­дал­дааны сүүлийн 10-аад жилийн статистик мэ­дээнээс харахад, манай улсын нийт бараа эр­гэл­тийн 70-90 орчим хувийг “Их түмэн са­наа­чилга” хөтөлбөрийн гишүүн орнуудтай бу­юу ОХУ, БНХАУ, БНСУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. Үүнээс экспортын 80 гаруй ху­вийг БНХАУ-тай, импортын 30 орчим ху­вийг ОХУ-тай хийжээ” гэсэн ста­тистик мэдэ­э­лэл та­нилцуулаад, “Засгийн га­зар томоохон төс­лүү­дээ хэрэгжүүлэх хө­төл­бөрийн хүрээнд Таван­толгойн ордыг эр­гэлтэд оруулахаар бэлт­гэ­лээ хангаж байна. “Та­вантолгой” төслийг ху­вийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулаг­чид­­тай хамтран нээлттэй, ил тод зарчмаар, нүүрс баяжуулах, цахилгаан станц барих, зам тавих ажлыг иж бүрэн цо­гцол­бор байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэсэн юм.

Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруу­лалтыг хязгаарлах тухай хуулийг УИХ 2012 онд баталснаар хөрөнгө оруулагчид манай улсаас дөлөх болсон. Тэгвэл энэ онд гадаадын хөрөн­гө оруулалт 54 хувиар нэмэгдсэн нь эргэн сэргэж байгааг нь илтгэсэн үзүүлэлт гэж Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгд­сэн бодлогын хэлтсийн дарга Л.Мөнбат илт­гэлдээ дурдлаа. Засгийн газрын дэргэд Хө­рөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөв­лөл байгуулсан нь дэвшил болсон гэж тэр­бээр он­цолж байв. Хөрөнгө оруу­лагчийн гомдлыг хэлэлцэж, зохих ёсны дагуу шийд­вэрлэж өгөх зорилгооор уг зөвлөлийг байгуулжээ. Мөн хэлтсийн дарга Л.Мөнбат Гурван тул­гуурт хөгжлийн бодлогын хүрээнд 16.1 тэрбум ам.долларын өртөг бүхий 115 тө­сөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаагаа дуул­галаа. Засгийн газар эдгээрийн 59-ийг нь га­даа­дын зээл, тусламжаар хэрэгжүүлэхээр зэ­хээд байгаа аж.

Манай улсад гадаадын хө­рөнгө оруулагч 500 тэрбум төгрөгөөс дээш сан­хүүжилттэй төсөл хэрэгжүүлбэл тогтвортой байд­лын гэрээ байгуулах гэнэ. Бусад тохиол­долд тогтворжуулах гэрчилгээ олгох, чөлөөт бүсэд хөрөнгө оруулбал таван жил татвараас чөлөөлөх, жижиг, дунд үйлдвэрийн тоног тө­хөөрөмжийг гаалийн албан татвараас чө­лөө­лөх аж. Үүнээс гадна инновацын төсөл, бү­тээг­дэхүүнд санхүүгийн батлан даалт гаргах, үйлд­вэр, технологийн паркад хөнгөвчлөх го­ри­моор үйлчлэх, дэд бүтэц, үйлдвэрлэл, бо­ловс­рол, шинжлэх ухааны салбарт ажлын байр­ны төлбөрөөс чөлөөлөх гэх мэт татварын бус дэмж­лэг үзүүлэх гэнэ.

“Их түмэн санаачилга”-ын хэлэлцүүлэгт уул уурхайн салбарыг төлөөлж, “Эрдэнэс Мон­гол” компанийн дэд захирал О.Одбаяр танил­цуулга хийсэн. Тус компанийнхан 67.5 сая ам.дол­ларын санхүүжилт бүхий “Багануур” ком­панийн уурхайн өргөтгөл, шинэчлэл, мөн 18 сая “ногоон”-ы өртөгтэй “Шивээ-Овоо”-гийн уурхайн өргөтгөл, шинэчлэлийн төслийг хэ­рэг­жүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн 320 сая ам.дол­лароор төмөрлөгийн үйлдвэр барих, 215 сая “ногоон”-оор Тавантолгой-Ханги чиглэл, 176 саяар Тавантолгой-Чойр чиглэлд авто зам тавих гэнэ. Улмаар 6.9 тэрбум ам.доллароор Шивээ-Овоогийн уурхайг түшиглэн эрчим хүчний цог­цолбор, 123 сая “ногоон”-оор Тавантолгойн ор­дод нүүрс баяжуулах үйлдвэр барихаар тө­лөвлөсөн байна.

Тэгвэл хөдөө аж ахуйн сал­­барт газар тариалангийн үйлдвэрлэлийг тог­вор­жуул­ах, мах, сүү боловсруулах, ноолуу­ран бү­тээг­дэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүү­лэх багц төсөл хэрэгжүүлэхээр зэхэж байгаагаа ХХААХЯ-ныхан танилцууллаа.

Ингээд “Их тү­мэн санаачилга” хөтөлбөрийн ээлжит хурлыг зо­хион байгуулсан Монгол Улсын хөгжлийн банк­ны удирдлагуудаас цөөн асуултад хариулт авлаа.
 

ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ  ЭДИЙН ЗАСАГ РУУ ЧИГЛҮҮЛНЭ

 

Б.БАТБАЯР (Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал):

-Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд Хөгжлийн банк ямар оролцоотой байх вэ?

-Гадаадын хөрөнгө оруулагчид хоёр янзын зорилготой манайд ирж байгаа. Нэгдүгээрт, манайхтай худалдаа хийх, хоёрдугаарт ашиг­тай төсөлд хөрөнгө оруулж, өгөөж хүртэх зо­рил­готой байдаг. Манай улс эдийн засгаа хөг­жүүлэхийн тулд суурь дэд бүтцээ сайжруулах, ашигтай төслүүд хэрэгжүүлэхэд анхаардаг. Мөн суурь дэд бүтэц, ашигтай төслийн өгөө­жийг эдийн засагтаа эргэлдүүлэхэд анхаарч байна. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагч­дыг ямар төсөлд оролцуулах нь нээлттэй, ойл­гомж­той байх ёстой. Хөгжлийн банк уламж­лалт аргаар санхүүжилт олгохоос гадна ашиг­­тай төсөлд хамтран болон дамжуулан зээл ол­гож байгаа. Гадаадын санхүүгийн бай­гуул­­ла­га хөнгөлөлттэй эх үүсвэрээр манайд то­­ног төхөөрөмж нийлүүлбэл бид түүнийг нь со­­нирх­сон аж ахуйн нэгжүүдэд лизингээр зээлж болно. Манай тоног төхөөрөмжийн ли­­зин­­гийн компани харьцангуй сүүлд бай­гуу­лагд­сан. Гэхдээ амжилттай ажиллаж байна. Уул уурхай, хөдөө аж ахуй, тээврийн салбарт тоног төхөөрөмж нийлүүлээд эхэлсэн. Цааш­даа түлш, эрчим хүч зэрэг бусад салбарт то­ног төхөөрөмж нийлүүлж, үйл ажиллагаагаа өр­гөжүүлэх боломжтой. Урт хугацаанд хөрөнгө оруулж, өгөөжөө хүртэхийг хүсэж байгаа бол манай хөрөнгө оруулалтын санд мөнгөө өгч, ногдол ашгаар өгөөж хүртэх боломжтой. Ийм үйлчилгээ хүрэх сувгийг нээхийн тулд хөрөн­гө оруулалтын сан маань бэлэн байх ёстой. Хө­рөнгө оруулалтын сан олон улсын стан­дарт, дү­рэм, журамд нийцсэн байх хэрэгтэй л дээ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч үр өгөөжөө хэрхэн, яаж хүртэх нь ойлгомжтой байх ёстой гэсэн үг. Хэрхэн өгөөж хүртэх нь ойлгомжтой байж л хөрөнгө оруулагч мөн­гөө хийнэ. Хөрөн­гө оруулалтын сангийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэхээр АНУ-ын турш­лагатай зөвлөхүүдийг ажиллуулж байна. Сан маань уул уурхай, аж үйлдвэрийн салбарт түл­хүү санхүүжилт хийнэ. Үүний зэрэгцээ эко­логийн цэвэр бүтээгдэхүүн, хөдөө аж ахуй гэх мэт тухайлсан салбарт хөрөнгө оруулалт хийх байх. Хөрөнгө оруулалтын ийм суваг, бо­лом­жуудыг Монгол Улс нээж өгснөөр га­даа­даас мөнгө татна. Манай банкны үүрэг бол худал­даа, хөрөнгө оруулалт, хамтын ажил­ла­гааг эдийн засаг руугаа чиглүүлэх бүх ме­ханиз­мыг бүрдүүлэх юм.

-Гадаадын Экспорт, импортын банкууд танайхтай хамтарч ажиллах, дамжуулан санхүүжилт хийх сонирхолтой байна уу?

-Мэдээж бий. Улс орнууд эдийн засгаа дэм­жихийн тулд Экспорт, импортын банк бай­гуулдаг. Цаашлаад тэр банк нь улсынхаа гадаад худалдааг дэмжиж ажилладаг. Манай улсын хувьд эхний ээлжинд дотоодод үйлдвэрлэж ча­даж байгаа зүйлдээ санхүүжилт хийх нь зүй ёс­ны хэрэг. Эхлээд дотоодын эдийн засгаа дэмж­дэг бусдын жишгээр явж байна гэсэн үг. Ма­най улсын уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч гэсэн гол салбарт гадаадын хөрөнгө оруу­лалт, шинэ технологи хэрэгтэй. Манай эдийн засгийн гол салбаруудад аль улсын технологи илүү тохиромжтой байна, түүнийг нь тухайн орны Эксим банкнаас хөнгөлөлттэй нөхцө­лөөр дамжуулан зээлэх боломжийг манайх эрэл­хийлэн ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, ма­най аль нэг аж ахуйн нэгж тухайн орны тех­нологиор төслөө хэрэгжүүлэх боломжтой гээд тодорхойлчихвол, бид тэр улсын Экспорт, импор­тын банкинд нээсэн шугмаа ашиглаад, төс­лийг дэмжих бололцоо ерөнхийдөө бүрд­сэн. Тухайлбал, ОХУ, БНХАУ-ын Экспорт, им­пор­тын банкинд зээлийн шугам нээчихээд бай­на. Гуравдагч орнуудынхтай ч нээсэн то­хиол­дол бий. Манай хөнгөн үйлдвэрийн сал­барынхан Европын холбооны улсуудаас тоног төхөөрөмжийн зээл авах шугам нээлттэй.

-Хөгжлийн банкнаас санхүүжилт хүссэн төсөл хэр олон байна вэ?

-Бидэнд хандсан төсөл олон. Гэхдээ Хөгж­лийн банкны тухай хуулийн таван шаардлагыг хангасан төсөл цөөн байна. Хуулийн шаард­ла­гыг 100 хувь хангаж байж манайхаас санхүү­жилт авах учиртай. ТЭЗҮ байхгүй, эсвэл бай­­галь орчны нарийвчилсан үнэлгээ хийлгээ­гүй, барьцаа хөрөнгө, батлан даалтгүй төсөл санхүүжүүлбэл манай үйл ажиллагаа бишдэнэ. Хөгжлийн зээл олгох үүрэгтэй ч, Хөгжлийн банк нөгөөтэйгүүр ашгийн төлөө байгууллага. Манай шалгуур нэлээд өндөр. Мөн манайх хуу­лийн дагуу нийт зээлийнхээ 60-аас доошгүй хувийг экспортын төсөлд олгох учиртай. Үүнээс гадна импортыг орлох ажлын байр ши­нээр бий болгох төслийг санхүүжүүлдэг. Тэ­гэхээр шалгуур хангахаас гадна нэгдүгээрт экс­портын, хоёрдугаарт импортыг орлох төс­лийг санхүүжүүлдэг гэж ойлгох хэрэгтэй. Ма­найх энэ онд экспортолдог бүтээгдэхүүний хэм­жээг өсгөх, түүний боловсруулалтыг нэмэх чиг­лэлд нэлээд санхүүжилт хийсэн. Тухайлбал, “Ноо­луур” хөтөлбөрийн хүрээнд ноолууран бү­тээг­дэхүүн үйлдвэрлэдэг компаниудад технологи, төхөөрөмжөө шинэчлэх, улмаар эргэлтийн хө­рөнгөө нэмэгдүүлэх зээл олголоо. Хөнгөн үйлд­вэрүүд түүхий эдээ дотооддоо бүрэн боловс­руулах тоног төхөөрөмжийн дутагдалтай бай­­гаа. Тоног төхөөрөмжийнх нь хүчин чадлыг өс­гөж, нэмэгдсэн өртөг шингээхэд нь дэмжсэн гэ­сэн үг. Хүчин чадлаа нэмэгдүүлчихээр түү­хий эд авах шаардлага компаниудад үүснэ. Тэ­гэ­хээр нь түүхий эдээ тасралтгүй татаж авах эргэлтийн хөрөнгийн зээл олгосон. Мөн уул уурхайн салбарт төмрийн хүдэр баяжуулах, ган боловсруулах, алт олборлох төслүүдийг сан­хүүжилтээр дэмжлээ. Алт бол Монгол Улсын экспортын нэг гол бүтээгдэхүүн төдийгүй валю­тын нөөцийн нэлээд хувийг бүрдүүлдэг ме­талл. Хөгжлийн банк өнгөрсөн жил шороон ор­доос алт олборлож буй компаниудыг сан­хүүжилтээр нэлээд дэмжсэн. Тэгвэл энэ жил үндсэн ордоос алт олборлож байгаа төслүү­дийг дэмжих шаардлагатай гэж үзэж байгаа. Гэх­дээ санхүүжилт хийхдээ ямар арга меха­низм ашиглахаа тодорхойлох ёстой. Үндсэн ор­доос алт олборлохын тулд гадаадаас нэлээд то­ног төхөөрөмж импортлох шаардлагатай байдаг. Мөн байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр үйл ажиллагаа явуулах шаардлага зүй ёсоор та­вигдана. Байгаль орчны нарийвчилсан үнэл­гээ­гээр экологид сөрөг нөлөөгүй нь тодорхой болбол тухай төслийг дэмжих бололцоотой. Эдийн засгийн үр ашигтай байлаа гэхэд бай­галь орчинд сөрөг нөлөөтэй бол манайх сан­хүү­жүүлэхгүй. Цаашлаад 20-30 жилийн хугацаатай эх үүсвэр шаардвал манайд санхүүжүүлэх бо­ломж байхгүй. Тэгэхээр манай бололцоо, төс­лийн хугацаа хоёр нийцэж байх хэрэгтэй юм. Тархиндаа буулгасан санааг нэг хуудас цаасанд багтааж бичихийг төсөл гэхгүй. Банкны сан­хүүжилт авах хэмжээний судалгаа, тооцоо, үндэс­лэлтэй байх хэрэгтэй. Бид шалгуурынхаа та­лаар байнга мэдээлэл өгдөг. Ер нь ТЭЗҮ, бай­галь орчны нарийвчилсан үнэлгээ хийдэг мэр­гэжлийн байгууллагуудыг ч чадавхжуулах хэ­рэгтэй нь анзаарагдсан. Ингэвэл манай шал­гуурыг хангах төсөл олон болно.

-Төслүүдийн дийлэнх нь барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй байгаа гэж сонссон.

-Барьцаа баталгааны шаардлага хангахгүй байх тохиолдол бий. Манайх барьцаа батал­гааны 90 хүртэл хувьд зээл олгодог. Хэдийгээр эдийн засгийн үр ашигтай, байгаль орчинд сөрөг нөлөөгүй ч барьцаа хөрөнгө, батлан даалт нь хүрэлцэхгүй байвал хөрөнгө оруулалтын сангаараа дамжуулж, санхүүжилт хийгээд эрс­дэлээ хувааж үүрээд цааш явах боломж бий. Ийм бололцоог бүрдүүлэхийн төлөө ажиллана. Ер нь хувиасаа сохор зоос ч гаргахгүйгээр ма­най банкнаас олон тэрбум төгрөгийн зээл аваад төсөл хэрэгжүүлнэ гэж байхгүй.

-Хөгжлийн банкны тухай хуульд ямар нэг байдлаар заавал хамтарсан санхүүжилт хийх ёстойг тусгасан санагдаж байна.

-Тийм. Гадаадын хөрөнгө оруулагч, сан­хүү­­гийн байгууллагатай дандаа хамтарч сан­хүү­жилт хийх ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн төс­­­лийн хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч ашиг­­­тай гэсэн итгэл үнэмшилтэй байгаа то­хиол­­долд нэмж санхүүжилт хий гэсэн санаа юм. Нө­­гөө­тэйгүүр төслийн эрсдэлийг хамтран үүрч буй хэлбэр.
 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ НЭГ АЛХАМ ХИЙЛЭЭ

 

Д.Дэлгэрсайхан (Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын Ажлын албаны дарга бөгөөд ерөнхий эдийн засагч)

 -“Их түмэн санаачилга” хөтөлбөрийн хуралдааны ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-“Их түмэн санаачилга”-ыг 1995 оноос хойш хэрэгжүүлж байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөл­бөрт багтаж буй Зүүн хойд Азийг хөгжүүлэх ганц санаачилга энэ. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын далбаан дор явдаг ажил гэж ойлгож болно. Санаачилгын хүрээнд худалдаа, аялал жуулч­лал, дэд бүтэц, хүнд, хөнгөн үйлдвэрлэл гэх мэт салбарт хөрөнгө оруулахыг уриалдаг. Эд­гээр салбарт санхүүжилт хийх гол байгууллага нь тухайн улсын Экспорт, импортын банк. Манай улсад Экспорт, импортын банк байдаггүй. Хөгж­лийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, нийт санхүүжилтийнхээ 60-аас доош­гүй хувийг экспортын төсөлд олгох заалт тусга­сан. Ингэснээр Хөгжлийн банк давхар экспор­тын банкны үүрэг гүйцэтгээд эхэлсэн гэсэн үг. Тиймээс “Их түмэн санаачилга” хөтөлбө­рийн хурлыг манай банк тэргүүлэн зохион бай­гуулж байна. Манайх “Их түмэн санаачилга” хөтөл­бөрт БНХАУ, ОХУ, БНСУ-тай хамт багтдаг. БНХАУ дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг эдийн засагтай улс. Нөгөө хоёр нь дэлхийд эхний 10-т багтдаг. Тиймээс том эдийн засагтай улсуу­дад хөрөнгө оруулалтын орчин, болом­жуу­даа танилцуулж буй нь чухал ач холбогдолтой.

-Энэ хөтөлбөрт багтдаг орнууд манайд хөрөнгө оруулах найдвар хэр бол?

-Манайд хөрөнгө оруулж, хамтарч ажил­лаж ирсэн туршлагатай орнууд. Тэгэхээр хү­лээлт бий. Засгийн газар Гурван тулгуурт хөгж­­­лийн бодлого хэрэгжүүлэхээ зарласан. Үүнийг хэрэгжүүлэхэд олон тэр­бум ам.дол­ларын хөрөнгө шаардлагатай. “Их тү­­­мэн са­наачилга” хөтөлбөрийн хуралдаа­ныг зо­­хион бай­гуулж, хэрэгжүүлэхээр зэхэж буй то­­моо­хон төсөл, хөтөлбөрүүдээ танилцуу­лан, бо­лом­жуудаа дуулгах нь хөрөнгө оруу­лалт татах нэг алхам гэж харж байна. Мэ­дээж тодорхой үр дүн гараасай гэж хүсэж, хүлээж байгаа.

-Манай Хөгжлийн банк ч гадаадын Экспорт, импортын банкуудтай хамтран ажиллаж, төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх боломжтой шүү дээ.

-Бүрэн боломж бий. Шинэ хууль эрх зүйн орчны дагуу манай банктай төслийн санхүү­жилт, лизингийн зээл, сангаар дамжуулан хө­рө­нгө оруулалт хийх боломж үүссэн. Хөгж­лийн банк ч “Их түмэн санаачилга” хөтөлбө­рийн хү­рээнд хамтарч ажиллах боломжуудаа ху­ралд оролцогчдод танилцууллаа.

Сэтгүүлч Т.Энхбат
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин 
Бусдад түгээх
  • gplus