Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг наадамд барилдуулахгүй

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаан өнгөрсөн баасан гарагт/06.22/ боллоо. Хуралдаанд баяр наадмын бэлтгэл ажлын талаар салбар хороодын дарга нар мэдээлэл хийж, наадмын бэлтгэл бүрэн хангагдаж байгааг хэллээ.

Хурлаар Үндэсний их баяр наадмын бөх, харваачид сэргээшийн шинжилгээ хийлгэх журмыг шинэчлэн баталжээ. Сэргээшийн шинжилгээний сорьц авахтай холбоотой сургалт, сурталчилгааг бөх, харваач, багш дасгалжуулагч, эмч мэргэжилтэн нарыг хамруулан зохион байгуулахыг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамцад даалгалаа. Мөн Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрэм журмын дагуу уг агентлагийн хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийн шинжилгээний дүнгээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг энэ жилийн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдуулахгүй байх шийдвэрийг зохион байгуулах хорооны хурлаас гаргалаа.

Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих MNS 6264:2018 стандарт, энэ стандартын дагуу хийгдсэн хувцсыг Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн танилцууллаа. Энэ наадмаар хамгаалалтын шинэ хувцсыг бүх уралдаанч хүүхдэд өмсгөхийг албадахгүй ч дараагийн наадмуудад мөрдөх нь зүйтэй гэж зохион байгуулах хорооны гишүүд үзлээ.

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын нэгдсэн хөтөлбөрийг баталлаа.

Үндэсний их баяр наадмыг ард иргэдийн дөнгөж нэг хувь нь л Төв цэнгэлдэх хүрээлэнд үздэг. Харин 99 хувь нь телевизээр үзэж, радиогоор сонсч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр наадмын тухай мэдээллээ авдаг. Иймд баяр наадмын өдрүүдэд амралтгүй ажилладаг хэвлэлийнхний ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстойг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин хэлээд Төв цэнгэлдэх хүрээлэнд хэвлэлийнхэнд зориулсан өрөө гаргаж өгөхийг холбогдох хүмүүст даалгав.

Баяр наадмаа будилаан, маргаангүй, шударга зохион байгуулах нь Үндэсний хорооны гишүүдийн үндсэн үүрэг. Энэ үүргээ эрхэмлэж ажиллахыг Зохион байгуулах хорооны гишүүдэд Шадар сайд Ө.Энхтүвшин үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-06-24 09:15:44
    Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон хасах нь зөвөө тэгэх л гэж шинжилгээ хийсэн биз дээ
  • зочин 2018-06-24 04:45:09
    бүгдэд нь нэгдсэн журмаар уулгая