“Их Түмэн санаачилга” дээд хэмжээний уулзалт болж байна

НҮБ-ын Их Түмэн Санаачилга зөвлөлдөх комиссын 18 дах удаагийн хурал энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Энэхүү хуралд хөтөлбөрийн гишүүн орнууд болох Монгол Улс, БНХАУ, БНСУ, ОХУ-ын Сангийн яам, Худалдаа, эдийн засгийн яам, Эксим банкнуудын удирдах албан тушаалтнууд, хөтөлбөрийн хүрээнд хамрагдаж буй орон нутгийн засаг, захиргааны нэгжүүдийн удирдлагууд, судалгааны байгууллагуудын нийт 100 гаруй төлөөлөгчид оролцож буй юм.

Сангийн яам, Монгол Улсын Хөгжлийн банкнаас хөгжлийн тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрүүд, санхүүгийн хамтын ажиллагааны талаар дээд хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлнэ. Түүнчлэн МУХБ-ны санаачилгаар үндэсний хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төрөөс баримтлах бодлого, тэргүүлэх чиглэлийн салбар болох ХАА, уул уурхайн салбарын санхүүжилтийн боломжуудын талаар хэлэлцэнэ. Хөтөлбөрүүдийн талаарх хэлэлцүүлэгт ИТС-ын гишүүн орны төлөөлөгчдөөс гадна Монгол Улсад суугаа ЭСЯ-д, олон улсын санхүүгийн байгууллагууд болон хөгжлийн түншүүд оролцож байна. Хоёр  дахь өдрөө үрэлжлэх тус зөвлөлдөх хурлаар Зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэргүүлэх чиглэл болон цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар ярилцах юм.
 


МУХБ-ны гүйцэтгэх захирал Б.Батбаяр хурлыг нээж хэлсэн үгэндээ “Дээд түвшний шинжээчдийн уулзалтыг зохион байгуулах боломж олгож, хүрэлцэн ирсэн та бүхэнд МУХБ-ны зүгээс талархал илэрхийлье. Та бидний хувьд хамтын ажиллагааны илрэл болсон ач холбогдолтой, сонирхолтой төсөл хөтөлбөрүүдийг олж тодорхойлон, түүний хэрэгжилтийг хангаж ажиллах нь эрхэм зорилго билээ. Энэ удаагийн эхний хурлаар Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд, түүний дотор хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэр, уул уурхайн салбарт хэрэгжүүлэхээр ажиллаж буй боломжит төслүүдийн талаар дэвшүүлж буй бодлого, чиглэл, төсөл хөтөлбөрүүдтэй та бид танилцна. Бид дараагийн салбар хурлаар дээрх бодлого, төслүүдийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд МУХБ-ны оролцоо боломжийн талаар танилцуулахыг хүсэж байна. Хэдийгээр МУХБ байгуулагдаад удаагүй ч хөгжлийн хоёр дах үе шатандаа тулж ирээд байна гэж үзэж байна.

2017 онд МУХБ-ны тухай хууль шинэчлэгдсэн. Хууль ийнхүү шинэчлэгдсэнээр манай банкны  өмнө хамтын ажиллагааны өргөн боломж нээгдэж, бие даасан шийдвэр гаргах эрх зүйн үндэстэй болсон. Бид энэ хүрээнд 2017 онд “Ди Би Эм Лизинг” ХХК, “Ди Би Эм Ассэт менежмэнт” ХХК-иудыг байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Энэ шинэ механизмын хүрээнд бидний хувьд бизнес эрхлэгчдийг санхүүгийн хямд, найдвартай эх үүсвэрээр хангах боломж бүрдээд байна. Энэ талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Та бүхний хурлын үйл ажиллагаанд болоод цаашдын хамтын ажиллагаанд өндөр амжилт хүсье” хэмээв.

Хурлыг МУХБ-ны Гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Д.Дэлгэрсайхан удирдаж МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Түвшинтөгс, Ийгл телевизийн нэвтрүүлэгч, сэтгүүлч Б.Жаргалмаа нар хөтлөн явууллаа.
 


Их Түмэн санаачилга хөтөлбөр (ИТС) буюу GTI нь 1995 онд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм бөгөөд Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ зэрэг орны эдийн засгийн хамтын ажиллагааны суурь болж, Зүүн Хойд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм.


 

Бусдад түгээх
  • gplus