Жил бүр зарлагддаг тэтгэлэгт хөтөлбөрүүд

Гадаадад суралцах хүсэлтэй оюутан залууст мэдээлэл өгөх зорилгоор 2018-2019 оны хичээлийн жилд зарлагдсан Засгийн газрын болон их, дээд сургуулийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.
 

ЭЛСЭГЧДЭД 100 ХУВИЙН ТЭТГЭЛЭГ АВАХ БОЛОМЖ БИЙ


Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр манай оюутнууд гадаадын 30 гаруй оронд суралцах боломжтой байдаг. Мөн БСШУСЯ-наас жил бүр хэд хэдэн төрлийн тэтгэлгийг уламжлал болгон зарладаг. Тухайлбал, сургалтын төрийн сангийн санхүүжилтээр, Засгийн газар хоорондын гэрээгээр, хоёр улсын хамтарсан санхүүжилтээр суралцах боломжтой. Мөн нийгмийн идэвх зүтгэл сайтай, хамт олноо манлайлагч, сурлага сайтай оюутнуудад дэлхийн шилдэг 100 сургуульд урилгаар суралцах, 100 хувийн тэтгэлэг авах боломж бий. Тиймээс дараах мэдээллүүдээс боломжит тэтгэлгээ сонирхоод үзээрэй.
 

УНГАРТ 200 ОЮУТАН СУРАЛЦАНА


Манай улсаас жил бүр 2000 гаруй оюутан гадаадын их, дээд сургуульд суралцдаг. Энэ жилийн хувьд мөн адил тэтгэлгээр суралцах иргэдийн тоо, монгол оюутнуудыг хүлээн авах улсын тоо нэмэгдэж байгааг албаныхан хэлж байсан. Тэгвэл энэ жил хамгийн олон оюутан суралцах боломжтой орны нэгээр Унгар улсыг тодотгож болох аж. Сүүлийн жилүүдэд тус улсын Засгийн газар 100-200 хүртэлх монгол оюутан элсүүлэхээр гэрээ байгуулсан байдаг.

2018-2019 оны хичээлийн жилд 200 хүртэлх монгол иргэнийг суралиуулах сонгон шалгаруулалт зарлагджээ. Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай зохион байгуулагдах юм байна. Шалгалтыг БСШУСЯ, тухайн улсын их, дээд сургуулиуд зохион байгуулах аж. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийг Унгарын тэтгэлгийн хороо хүлээн авч, эцсийн шийдвэрийг гаргана гэдгийг мэдээлэлдээ дурджээ. Энэ талаарх мэдээллийг тус улсын Засгийн газрын цахим хуудсаас хүлээн авч үзээрэй.
 

КАНАДАД МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДААРАЙ


Магистр, докторын хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад боломж бас бий. Канадын Албертагийн сургууль намар, өвлийн магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлдэг. 2018 оны бүрэн тэтгэлэгт хөтөлбөрөө саяхан зарлажээ. Энэ нь зөвхөн гадаад оюутнуудад нээлттэй тэтгэлэг бөгөөд нэг жилийн магистр, докторын хөтөлбөрийг судалж дуусгасан суралцагчийг хамруулах зорилготой юм. Тодруулбал, есдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд магистр, докторын хөтөлбөрт хамрагдсан байх ёстой аж. Суралцахыг хүсэгчид Killam болон Andrew Stewart Awards-н өргөдлийн загварыг бүрэн бөглөж өөрийгөө танилцуулах ёстой гэжээ.

 

ИХ БРИТАНИ 100 ХУВИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОНО


Их Британийн Засгийн газраас жил бүр зарладаг тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд жил бүр олон улсын суралцагчдаас 1500 оюутныг сонгон шалгаруулж авдаг аж. Тэтгэлгийн хэмжээ 100 хувь олгогддог юм байна. Өргөдөл өгөх сүүлийн хугацааг нь сонирхвол жил бүрийн арваннэгдүгээр сард хаагддаг. Гол тавигддаг шаардлага нь англи хэлний мэдлэгтэй байх бөгөөд доод тал нь хоёр жилийн ажлын туршлагатай байх хэрэгтэй гэжээ.

 

АНУ-ЫН ФУЛБРАЙТЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЖЭЭ


Магистрын зэрэг горилохоор бэлтгэлээ хангаж буй оюутнуудад дуулгах бас нэгэн таатай мэдээлэл байна.

АНУ-ын Төрийн департаментаас санхүүжүүлдэг магистрын зэрэг олгох Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. Энэ хөтөлбөр нь жил бүр 155 орны 4000 гаруй оюутанд магистрын тэтгэлэг олгодог бөгөөд 20 гаруй мэргэжлээр суралцах боломжтой юм. Элсэхийг хүсэгчид нь Монгол Улсын иргэн байх бөгөөд бакалаврын зэрэгтэй багадаа 1.5 жил ажилласан туршлагатай, TOFEL, IELTS-ийн оноотой байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байна.

 

ГЕРМАН УЛСЫН ТЭТГЭЛЭГ АРАВДУГААР САРД ХААГДАНА


Герман улсын Засгийн газраас хөгжиж буй орнуудын оюутнуудад боловсрол олгохоор чиглэсэн тус тэтгэлэг нь жил бүр 100 мянга гаруй дотоод. гадаадын оюутнуудад тэтгэлэг олгон дэлхийд тэргүүлэх боловсролын зэргээр хангаж байна.

Тэтгэлгийн хэмжээ мөн 100 хувь олгогдоно. Өргөдөл өгөх сүүлийн хугацаа нь жил бүрийн наймдугаар сард зарлагдаж аравдугаар сард хаагддаг аж. Элсэгчдэд тэтгэлэг олгоход гол тавигддаг шаардлага нь тус улсад суралцахаар өргөдөл гаргагчид бакалаврын зэргээ сүүлийн зургаан жилийн дотор хамгаалсан байх шаардлагатай гэжээ.

Зууны мэдээ
Б.Туул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.