Хавдрын эсрэг үндэсний аяны үзлэг, оношилгоо Ховд аймагт үргэлжилж байна
ХААН Банк, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/  хамтран 8  дахь жилдээ хэрэгжүүлж буй Хавдрын эсрэг үндэсний аяны үзлэг оношилгоо 06-р сарын 18-ны өдрөөс Ховд аймагт үргэлжилж байгаа бөгөөд аяны албан ёсны нээлт Лхагва гарагт боллоо.

Энэ жил Хавдрын эсрэг үндэсний аян 06  сарын 04-ний өдрөөс Увс, Баян Өлгий аймгуудад тус бүр таван өдрийн турш ажилласан бөгөөд 06 сарын 18-ны өдрөөс Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж,  ард иргэдийг 8-10 төрлийн хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулж,  орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд нарийн мэргэжлийн сургалт явуулж байна.   Аяны үзлэг оношилгоонд хамрагдаж буй иргэдийн сэтгэгдлээс хүргэж байна.   

Ховд аймгийн Алтай сумын иргэн Т.НАЙДАН: Би Хавдрын эсрэг үндэсний аяны баг 2017 онд Ховд аймагт ажиллах үед хавдартай гэдгээ мэдэж 6 курс эмчилгээнд хамрагдаж, одоо эрүүл саруул болоод байна. Энэ удаа Хавдрын эсрэг үндэсний аяны баг дахин Ховд аймагт ирсэнд баяртай байна. Хотоос ирсэн эмч нарт дахин үзүүлээд цаашид  хийлгэх эмчилгээгээ заалгаж авлаа. 2017 онд Хавдрын эсрэг үндэсний аяны эмч нар үзүүлэхээс өмнө өөрийгөө хавдартай гэдгээ мэдэхгүй явсан. Хавдар өвчин бол ямар нэг шинж тэмдэг илрэхгүйгээр газар авсан байх магадлалтай байдаг юм байна. Эрт илрүүлсэн учраас миний хувьд эмчилгээ илүү үр дүнтэй байж, хурдан эдгэрлээ. Баяртай байна.


Ховд аймгийн Булган сумын эмч Я.БАТБИЛЭГ: Хавдрын эсрэг үндэсний аяны эмч нар Ховд аймагт ажиллах мэдээгээр 20 өвчтөнөө үзүүлэхээр ирлээ. Манайх аймгийн төвөөс 500км зайтай хамгийн алслагдсан сум. Манай суманд хавдрын өвчлөл өндөртэй эрсдэлт бүлгийн хүн ам ихтэй, хавдрын өвчлөл улам залуужсаар байгаа нь сэтгэл өвтгөдөг. Сумын иргэд хот руу зорьж,  эмнэлэгт үзүүлэхэд санхүүгийн болон цаг хугацааны хувьд бэрхшээлтэй байдаг. Харин Хавдрын эсрэг үндэсний аяны багийнхан энэ хол замыг туулаад биднийг зорин ирж ард иргэдийг орон нутагт нь үзэж, оношилж байгаад баяртай байна. ХААН Банк, ХСҮТ-өөс энэ аянаа дахин үргэлжлүүлээсэй гэж хүсмээр байна.  


Энэ жилийн хувьд Хавдрын эсрэг үндэсний аяны эмч нар  тав дахь жилдээ Ховд аймагт ажиллаж байгаа бөгөөд өмнөх жилүүдийн үзлэг оношилгоогоор хавдрын эхний үе шатандаа оношлогдон цаг алдалгүй эмчилгээ хийлгэн эрүүл саруул болсон иргэд олон байлаа. 

Сүүлийн зургаан сарын хугацаанд Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд дурангийн эмчийн үзлэг хийгдээгүй тул  Хавдрын эсрэг үндэсний аяны багийн хувьд дурангийн эмчийн үзлэг оношилгоог явуулсан нь иргэдийн талархлыг хүлээсэн ажил боллоо. Алслагдсан аймаг сумдын ард иргэдийн хувьд Улаанбаатар хотыг зорин хавдрын үзлэг оношилгоонд хамрагдах нь цаг хугацаа болон санхүүгийн хувьд ихээхэн ачаа болдог байна. Иймд Хавдрын эсрэг үндэсний аян хүрээнд алслагдсан аймаг сумдын иргэдэд хүрч орон нутагт нь үзлэг оношилгоог явуулах нь орон нутгийн иргэдийн эрүүл мэндэд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт юм.



Аяныг санаачлан хамтран хэрэгжүүлэгч ХААН Банкны хувьд өнгөрсөн долоон жилийн хугацаанд тус аяныг хэрэгжүүлэхэд 1 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт үзүүлж,  орон нутгийн 2,600 гаруй ажилтнаа эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнээр бэлтгэж, хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд түгээгээд байна.

Ховд аймагт ажиллаж байгаа эмч нарын баг 06 сарын 22-ны өдрийг дуустал үзлэг, оношилгоо хийж, эмч нарыг ажлын байранд нь дагалдан сургахын дээр банкны ажилтнуудыг сайн дурын идэвхтэнээр бэлтгэх юм.



Бусдад түгээх
  • gplus