Зайсанг зайдалсан “Зүүнбаян рефайнери” компанийнхан Туулыг сүйтгэж байна

-“Зүүнбаян рэфайнери” компани Туул голын эргээс наймхан метрийн зайд барилгынхаа суурийг тавьжээ. Тэгэхдээ ус тоггоох үүрэг бүхий хайргыг ухаж, зайлуулсан. Мөн таван га газрын бургасыг хядсан аж-


Өнгөрсөн өдрүүдэд БОАЖ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд хаягласан хурц шүүмжлэл, буруутгалууд хэвлэлийн хуудаснаас салахаа болив. Түүнийг үндсэндээ Туул голын эрэгт газар олгож, байгаль орчинд ноцтой аюул учрахуйц шийдвэр гаргасан хэмээн буруутгаж байгаа.

Цахим орчинд цацагдсан баримтаас харахад, Д.Оюунхорол нь БОАЖ-ын сайд байхдаа нийт 11 компанид газрын зөвшөөрөл өгсөн нь дандаа Дархан цаазат бүсүүдэд харьяалагддаг ажээ.

Уг баримтыг хүснэгт хэлбэрээр дараалуулсан бөгөөд хэн ч харсан ойлгомжтойгоор тушаалын дугаар, огноо, газар авсан этгээд, зориулалт, одоогийн үйл ажиллагаа зэргийг тодорхой бичсэн байх юм.

Гэвч энд нэг газрыг илэрхий орхигдуулсан байлаа. Тодруулбал, Д.Оюунхоролын тушаалаар олгосон гэх тусгай зөвшөөрлүүд дотор Маршалын гүүрнээс Бага Тэнгэрийн ам хүртэлх газарт баригдаж буй барилгын тухай мэдээлэл огт байсангүй. Гэтэл өнгөрсөн гуравдугаар сараас олны анхаарлыг ихэд татсан энэ газрын зөвшөөрлийг Д.Оюунхорол анх өгч байсан гэх мэдээлэл гарсан.

Дараахан нь буюу тавдугаар сарын сүүлчээр УИХ-ын зарим гишүүд Туул голын эрэг дагуух газруудын тусгай зөвшөөрөл, үйл ажиллагааны зориулалтыг шалгах үед ч Д.Оюунхоролын нэр дуулдаж, олон нийтээр түүнийг зүхэж байсан билээ.

Гэвч сайд хатагтайн тушаалаар олгогдсон гэх зөвшөөрлийн жагсаалтад дээрх газар огт байхгүй нь анхаарал татаж, бас нэгэн хуйвалдаан, албан тушаалтны наймаа явагдаж байх вий гэх хардлага төрүүлэв. Тиймээс манай сурвалжлах баг энэ асуудлын араас явж, холбогдох албаны хүмүүстэй уулзаж, албан ёсны мэдээллийг цуглуулсан юм. Гэтэл олон нийтийн таамаглаж байгаагаас тэс өөр үйл явц болсон нь цуглуулсан материал, албан ёсны баримт бичгүүдээс тодорхой болж, сурвалжлагын үр дүн тэс өөрөөр эргэв.


Туулыг эзэгнэгч хэн байв


Яг одоо бидний өмнө Тусгай зөвшөөрөл, Улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох яам, албадад хаягласан албан хүсэлт, шаардлага, тоотууд байна. Эдгээр нь Бага Тэнгэрийн амаас чанх хойш, Туул голын эрэгт тэмдэглэгдсэн дөрвөн га газартай холбогдоно. Өөрөөр хэлбэл, мөнөөх дуулиан тарьж, Д.Оюунхоролыг буруутгах гол шалтгаан болсон газрын баримт бичгүүд юм.

Уг газрыг 2006 оны дөрөвдүгээр сарын 4-нд Улсын бүртгэлийн 9011041039 дугаараар бүртгэж, “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн аялал жуулчлал, зочид буудлын чиглэлийн үйл ажиллагаа явуулах талбар мөн хэмээн баталгаажуулжээ. Гэрчилгээн дээр “Зүүнбаян рефайнери” ХХК-ийг Хан-Уул дүүрэг, Пийс бриж зочид буудалд албан хаягтай хэмээн тодорхойлсон байв. Хавсралтаас харахад, тус компани 2006, 2007 онд ААНБ-ын тооллогод хамрагдаж байсан.

Гэхдээ Улсын бүртгэлийн гэрчилгээ авснаас хойш хоёр жилийн хугацаанд уг газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Харин 2008 оны наймдугаар сарын 8-нд Байгаль, орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас “Зүүнбаян рефайнери" компанид 743 дугаартай Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах ГЭРЧИЛГЭЭ-г таван жилийн хугацаатай олгожээ. Гэрчилгээг газрын дарга А.Намхай баталгаажуулсан. Тэгэхдээ уг газрын ашиглах зориулалт нь анх авсан үеийнхээсээ өөрчлөгдөөгүй буюу аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэсэн нь хэвээрээ байлаа.

Гэтэл үүнээс хоёр жилийн дараа Богдхан уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас тус компанид анхааруулга хүргүүлжээ. Тодруулбал, 2010 оны долоодугаар сарын 8-нд Хамгаалалтын захиргааны 208 тоот албан бичгээр “Зүүнбаян Рефайнери” компанийг төсөл хэрэгжүүлэхдээ байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, батлагдсан зураг төсөл, мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсныхаа дараа ажлаа эхлүүлэхийг анхааруулсан байна.

Гэвч 2010 оноос хойш уг газарт ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй байсаар Гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусгавар болсон аж. Ингээд 2014 оны тавдугаар сарын 2-нд тус компаниас газар ашиглах хугацааг дахин таван жилээр сунгахаар албан хүсэлт гаргаж Богдхан уулын Хамгаалалтын захиргаанд ирүүлж, Гүйцэтгэх захирал У.Ундармаа гарын үсгээ зуржээ.

Улмаар Тусгай хамгаалалттай газрын нутгийн удирдлагын газраас Гэрчилгээний хугацааг таван жилээр сунгасан ба энэ удаад анх 2008 онд авч байсан солбилцлуудад ихээхэн өөрчлөлт гарсан байлаа. Харин Хамгаалалтын захиргаанаас үйл ажиллагаанд мөрдөх стандартуудыг дагахыг сануулж, ‘Урт нэртэй хууль'-ийн дагуу хамгаалалтын бүсээс 200 м-ээс дотогш нэвтрэхгүй байхыг онцгойлон анхааруулсан.

Гэвч “Зүүнбаян рефайнери” компани эдгээр стандарт, шаардлагыг илэрхий зөрчсөн. Энэ нь өдгөө олны нүдэнд ил болсон ба хэн ч очиж харсан ойлгомжтой гэдэгтэй зөрөх хүн гарахгүй биз ээ.

Тиймээс 2017 оны тавдугаар сарын 30-нд Хамгаалалтын захиргаанаас 449 тоот албан шаардлагыг “Зүүнбаян рефайнери” ХХК-д хүргүүлжээ. Албан тоотод тус компанийг газрын төлбөр төлөөгүй, Дархан цаазат газрын дэглэмээс зөрж бургас хядсан, гэрээнд заасан нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн тул газар ашиглах эрхийг цуцлах нөхцөл үүссэнийг анхааруулж, холбогдох бичиг баримтыг БОАЖЯ, ТХНУГ, Хамгаапалтын захиргаанд авчрахыг үүрэг болгосон байв.

Харин “Зүүнбаян рефайнери” компаниас хариу ирүүлээгүй тул зургаадугаар сарын 19-ний хурлаар газар ашиглах эрхийг цуцлах шийдвэр гарсан байна. Гэтэл зургаадугаар сар 22-нд “Зүүнбаян рефайнери" компаниас сая нэг өгөхдөө “БОАЖЯ-д шаардлага хүргүүлэх тухай” гэж тодорхойлжээ.

Шаардлагадаа БОАЖЯ-ы хууль зөрчсөн хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. Улмаар өөрсдийнх нь ашиглаж буй газрын хөрс ус ихтэй учраас бургас хядсан, үүний төлбөр болгож 2014-2017 онд нийт 15.9 сая төгрөг төлсөн, барилга барих газрынх нь 60 хувь ногоон байгууламжаас бүрдсэн тул асар их мөнгө зарцуулж байгаа, газрын төлбөрийг төлж барагдуулсан зэргээ дурдсан. Ингээд ашиглах эрхийг даруй сэргээхийг шаардаж, захирал С.Уламбаяр гарын үсгээ зуржээ.

Гэвч тус компани байгаль орчинд ноцтой хохирол учруулсан тул шаардлагыг хүлээж аваагүй ба 2017 оны долоодугаар сарын 27-нд Хамгаалалтын захиргаанаас тус компанийн газар ашиглах эрх нэгэнт дуусгавар болсон тул Гэрчилгээгээ хураалгаж, онгилсон газрыг нөхөн сэргээж, хүлээлгэн өгөхийг даалгасан байна.

Харин үүнээс сар гаруйн өмнө буюу 2017 оны зургаадугаар сарын 20-нд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол А/177 тоот тушаал гаргаж, “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн газар ашиглах эрхийг албан ёсоор дуусгавар болгосон байна. Уг тушаалд дурдсанаар, “Зүүнбаян рефайнери” ХХК нь үйл ажиллагаа явуулахдаа анх авсан дөрвөн га газрын хүрээнээс хэтэрч, дур зоргоороо газрынхаа хэмжээг нэмсэн, байгаль орчны унаган төрхийг эвдэж, ноцтой зөрчил гаргажээ.



Төрөөс давсан эрх мэдэл


Гэвч “Зүүнбаян рефайнери” ХХК үйл ажиллагаагаа зогсоосонгүй. Туул голын эргийг сүйдэлж, усны гол тэжээл болсон бургасыг нь хядаж байгаа ч өнөөдөр тэднийг зогсоох хууль Монголд үгүй ажээ. Тэгвэл энэ эрх мэдэл яг хэний гарт төвлөрнө вэ. Тодруулбал, “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн захирал С.Уламбаяр гэх эрхэм юм билээ. Туулын эрэгт хувийн компани үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн хууль үгүй ч дээрх эрхмийн “Зүүнбаян рефайнери” гэх компанийн хувьд дүрэм, журмыг олон талаар зөрчиж, илэрхий ноцтой ажил хийж байгаа.

Тухайлбал, “Зүүнбаян рэфайнери” компани Туул голын эргээс наймхан метрийн зайд барилгынхаа суурийг тавьжээ. Тэгэхдээ ус тогтоох үүрэг бүхий хайргыг ухаж, зайлуулсан. Мөн таван га газрын бургасыг хядсан аж. Энэ нь Усны тухай хуулийн 22.2-ын "Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно", Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариапан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэх заалтыг, мөн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж заасныг илтэд зөрчжээ.

Дээр нь анх газар авсан зориулалтыг гуйвуулж, өдгөө гурван давхар, 50 айлын тансаг хаус, дөрвөн давхар нүсэр үйлчилгээний төв барих гэж буй талаар эх сурвалж мэдээлсэн. Тэгвэл “Зүүнбаян рефайнери” компанийг дийлэх төр, засаг, хууль хяналтын байгууллага үгүй ажээ. БОАЖЯ, Хамгаалалтын захиргаа, ТХНУГ-ын шаардлага, тушаал тэдний хувьд нохой хуцсаны дайнд нөлөөлсөнгүй.

Харин ч бүр эсрэгээрээ УИХ-ын гишүүн Д.Оюунхорол сайд байхдаа тэдний хууль бус ажилд саад болсноороо өдгөө гол “буруутан” болчихсон чичлүүлж байгаа аж. Гэвч тэрбээр өнөөг хүртэл өөрийгөө өмөөрч ганц үг ган хийсэнгүй.

Тэгвэл дандаа Дархан цаазат газар, усны ундарга, Туулын эрэг, эсвэл айлууд суурьшсан газрыг гартаа оруулж, Улаанбаатар хотын иргэд, байгаль орчны эсрэг ноцтой гэм хор хийж буй өндөр албан тушаалтан хэн бэ.

Өглөөний сонин
Р.Төгс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-06-21 03:34:12
    hudlaa uls tur hiihee bolioch ee nirgesen hoino hashgirav gegcheer tuuliin ergeer barilga duuren bgaa biz dee ter hairganii kareiruud muu usaa tuulruu shuud
    202.70.41.206
    Мэдэгдсэн Хариулах
  • Д 2018-06-21 03:29:45
    Амарсайхан ажлаа зогсоож туулаа авраачее
    112.72.14.58
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2018-06-21 06:58:57
      yasan sain meddeg yum be hahaha
      202.70.41.206
      Мэдэгдсэн Хариулах