
Хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн хоёрдугаар шатны тоглолт Орос, Египетийн шигшээ багуудын тоглолтоор өнгөрсөн шөнө эхэллээ.
Санкт-Петербург хотын “Крестовский” цэнгэлдэх хүрээлэнд болсон уг тоглолт оросуудын үнэмлэхүй ялалтаар өндөрлөв.
Тоглолтын эхний үе гоол оролгүй өндөрлөсөн. Харин хоёрдугаар үе эхлээд 47 дахь минутад Египетийн Ахмед Фатхи өөрийн хаалгандаа авто гоол хийснээр онооны харьцаа 1:0 болж, оросууд тэргүүлж эхэлсэн. Улмаар ОХУ-ын багаас Денис Черышев 59 дэх минутад, Артем Зюба 62 дахь минутад тус тус гоолдож, 3:0-ээр тэргүүллээ бататгав.
Харин Египетийн багаас тоглолтын 73 дахь минутад Мохамед Салах 11 метрийн торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж, тоглолтын харьцааг 3:1 болгосон. Төгсгөлийн 20 гаруй минутад аль, аль баг гоол хийж оноог ахиулж чадалгүйгээр ийнхүү оросууд 3:1-ээр өрсөлдөгчөө хожлоо.
Оросын багийн хувьд “А” хэсгийг зургаан оноотойгоор итгэл төгс тэргүүлж, хэсгээсээ шалгарах болзлоо хангалаа. Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо зургадугаар сарын 25-ны өдөр Уругвайн багтай хийнэ.
Б.ОД