Гадаадад сурах зорилгоо биелэл болгох нь

Маш олон эцэг эх надаас "Ер нь хүүхдээ гадагшаа явуулж сургах нь зөв үү буруу юу? Хэдэн настайд нь явуулсан нь дээр вэ?", бас сургуулиа төгсөөд ажил дээр гараад хэдэн жил ажиллачихсан нас нь 30 дөхөж яваа найзууд маань ч "Гадагшаа явж сурвал эргээд ашигтай хөрөнгө оруулалт болж чадах болов уу" гэж асуудаг.

Эдгээр асуултад хариулахад тийм амар биш боловч хэрвээ та хүүхдээ гадагшаа явж сургах гэж байгаа зорилгоо мэдэж байгаа бол хариултаа оллоо л гэсэн үг!

Хэрвээ та хүүхдээ зөвхөн гадаад оронд юм үзэж нүд тайлан тэндхийн амьдрал ахуйтай танилцан, боловсролын үнэмлэх аваад эх орондоо эргэн ирж ажиллаж амьдрах зорилгоор явуулах гэж байгаа бол хэрэгцээт мөнгө төгрөг нь л байх юм бол зорилгодоо хүрэхэд нэг их хэцүү биш. Харин хүүхдээ гадаадад боловсрол эзэмшүүлээд тэнд нь ажиллаж амьдруулах санаатай бол хүүхдээ тэнд очоод бүх талаар өсч хөгжих шаардлагатай гэдэгт сэтгэл санааг нь бэлтгэх хэрэгтэй.

...Дөрвөн жилийн өмнөх зун би Америкт мастерт сурахаар ирснийхээ дараахан өөртөө маш олон боломжууд байгаа гэж бодон их бардам байдаг байлаа. Найзууддаа дандаа л "Хэрвээ төгсөөд энд ажил олдохгүй бол их л сайндаа эх орондоо очиж ажиллана биз, тэртэй тэргүй төгсөөд очиход ажлын боломж зөндөө байгаа юм чинь" гэж ярина. Зөвхөн энэ л өөрөө өөртөө итгүүлсэн бодлоосоо болж би сургуулийнхаа карьер төлөвлөлтийн төвөөс зохион байгуулдаг ажил хайх семинаруудыг үл тоож, сургуулийнхаа ази оюутнуудтай л нийлж, хичээлгүй үед ихэвчлэн гэртээ бүгж үгүй бол сургуулийн элдэв үдэшлэг цэнгүүнд явж, мөнгө хүрэлцээтэй бол хэдэн аялах дуртай найзуудыгаа даган Америкийн нилээд хэдэн газраар тэнэсэн юм.

Ажлыг зөвхөн интернэтээр ажилд орох хүсэлтээ илгээгээд л олчихдог юм шиг бодож явсан би өдөр шөнөгүй профессорууд болон илтгэл тавигч нарыг эргүүлдэн сургууль дээр өнждөг ангийн андуудаа битүүхэндээ шоолонгуй хардаг байлаа. За тэгсээр төгсөхийн өмнөх өдөр манай ангийн нилээн хэдэн хүүхэд маш сайн ажил олчихсон, харин надтай найзалж дандаа л хамт цагийг нөхцөөдөг хэд маань аль хэдийн нутаг буцахаар шийдчихсэн байва. Миний хувьд хэд хэдэн ажилд орох ярилцлаганаас татгалзсан хариу авчихсан ганцаараа үлдэн өөрийнхөө дараагийн алхмын тухай бодол болон суулаа.

Би ажил хайсаар ер нь бууж өгөх талдаа орж нутаг буцахаар шийдээд байтал нутаг нэгт амжилттай яваа нэг залуутай танилцав. Тэр алдартай сайн сургууль төгсөөгүй, хүчирхэг бөгөөд мөнгөтэй гэр бүлийн дэмжлэгэтэй ч биш, гэвч дэлхийд хамгийн сайн нь гэгдэх хөрөнгө оруулалтын банкинд ажил эрхэлдэг, Нью-Иоркийн нилээн хэдэн газар хөрөнгө оруулчихсан, мөн байнга төгссөн сургуульдаа урилгаар очиж илтгэл тавьдаг.

Түүнд байгаа байдлаа учирлатал, миний хэдэн газар луу хэдэн товч намтар ажилд орох өргөдлөө явуулсныг сонссон ч үгүй, шууд л аав ээжийн минь энэ хоёр жилд надад нийт хэдэн төгрөг зарцуулсныг, миний ямар ямар арга хэмжээнд оролцож байсныг, энд хэр зэрэг танилын хүрээтэй зэргийг лавлан, бас миний англи хэл хангалттай сайн биш байгааг шүүмжлэв. Эцэст нь тэр толгойгоо сэгсрээд сулханаар "Хэрвээ одоо нутаг буцвал чи бол бүтэлгүй амьтан!" гэв.

Хэрвээ би энэ үгийг урд нь дуулсан бол маш ихээр уурлаж миний өөрийгөө гэх бардам зан хэзээ ч намайг бүтэлгүй амьтан гэж дуудуулахыг зөвшөөрөхгүй байлаа. Гэвч одоо сайтар бодож үзвэл надад үнэхээр өөрийгөө өмөөрчих ганц сэдэл байсангүй. Нөгөө миний шоолонгуй хардаг байсан ангийн андууд маань профессорын тодорхойлолт болон санал болгосны дагуу Америкийн хамгийн том гэгдэх банкуудад шинжээчээр ажиллаж, мөн л үл тоомсорлон оролцдоггүй байсан сургуулийн арга хэмжээнүүд хичнээн ажлын боломжийг олгосныг би мэдсэнгүй. Үнэхээр ч би гэдэг хүн хэн ч биш нэгэн бүтэлгүй амьтан болжээ.

Анх Америкт ирж байгаа зарим оюутнууд өөрийн гэсэн тодорхой зорилгогүй мөртлөө нэг тийм сонин өөртөө дэндүү итгэлтэй, би өөрийнхөө улсад шилдэг нь байсан юм чинь энд ч бас сайхан ирээдүй угтаж байгаа гэж боддог. Хамгийн гол нь энэ бол хүний газар, энд өөрийн гэсэн тоглоомын дүрэмтэй, харин бид мэтийн гаднаас ирсэн ажил хайгчид бол тэдний тоглоомын дүрмийг нарийн судлахаас гадна нутгийн хүмүүсээс илүү гарч өөрийгөө үнэлүүлж байж сая нэг юм боломж олдоно гэдгийг сайн ухаардаггүй.

Ингээд түүний хэлсэн үгнээс болоод би Америкт үлдэж өөрийнхөө бүтэлгүй амьтан биш гэдгийг нотлохоор шийдэв.

Өнгөрсөн гурван жилд би ажлын визний төлөө таван ажил сольж, дөрвөн удаа нүүжээ. Би бичиг хэргийн бүтээгдэхүүний борлуулагчаас эхэлж, элэгдэж урагдсан гутлаараа өөрийнхөө америкт бизнес хийж чадахаа харуулав.

Англи хэл сайнгүй учраас өдөр бүр нэг кино эсвэл нэвтрүүлгийг гурван удаа үзэж, эхний удаа зөвхөн сонсож үзэн, хоёр дахь удаагаа киноны доорх үгийг тавьж үзэнгээ мэдэхгүй үгээ интернэтээр харж тогтоон, гурав дахь удаагаа үгийг хааж дахин үзэж үг өгүүлбэрүүдийг сайн ойлгож байгаа эсэхээ шалгадаг болсон.

Намтар дахь чадварууд маань сул болохыг анзаарч мэргэжлийн лиценз авах шалгалтад бэлдэж, танилын хүрээ байхгүй учраас өөрийгөө хүчлэн ямар ч арга хэмжээнд оролцохоос татгалзахаа больж, тэр бүү хэл нэг арга хэмжээнээс хамгийн багадаа таван нэрийн хуудас олж авахаар шийдэж эдгээрийгээ ч бүгдийг хэрэгжүүлсэн.

Гурван жил өнгөрчээ. Бичиг хэргийн борлуулагчаас эхлэн банкны шинжээч, хувийн хөрөнгө оруулалтын сангийн захирлын туслах хүртэл ахисан байна. Нягтлан бодох бүртгэлийн лицэнз авахын тулд би дахин сургуульд орж, илүү сайн сурахын хажуугаар дээр дурдсан чадваруудаа тогтмол дээшлүүлэхийн тулд өдөрт гуравхан цаг л унтаж байлаа.

Гурван жилийн дараа өмнө нь нийлдэг байсан найзууд аажмаар холдож би бага зэрэг ганцаардсан, бие минь жоохон сул болсон ч би өөртөө тавьсан бүхий л зорилгоо биелүүлж, зөвхөн мөрөөдөж л болох байсан ажилдаа орлоо.

Нью-Иорк үнэхээр миний амьдралыг өөрчилсөн, яагаад гэвэл эндхийн бүх хүн хамаг хүчээ дайчилж байж амжилтын үр шимийг хүртдэг гэдгийг мэддэг, энэ л замыг би энд хэр удаан амьдрахаа яг нарийн тооцоолоогүй ч нэгэнт шийдээд хичээж чадвал хэзээ ч боломжгүй юм гэж байдаггүйг, амжилт гэж амжилттай хүмүүс гэдэг тэртээ холын мөрөөдөл биш юм гэдгийг би туулж мэдсэн.

Миний түүх бол чиний төгсөөд Америкт үлдэж ажиллахаар бол туулж магадгүй зам ч байж болох, хэрвээ чи хангалттай азтай, хангалттай ухаалаг бол магадгүй над шиг алдсаныхаа дараа маш олон цагийг үрж дахин сурахгүй байх, гэвч чи суралцах болон ганцаардалтай нүүр тулах л болно. Өөрийнхөө улсад бол мэдээж тоолж баршгүй найз нөхөд, цаг минут тутамд хажууд үглэх ээж аав, хэлэхэд л бэлэн хоол хүнс байж байдаг. Гэвч Нью-Иоркод бол чамд байгаа чинь зөвхөн чи болон цаг хугацаа. Ажилтай үедээ хичнээн оройтож ирсэн ч өөрийгөө албадан интернэтэд орж хамгийн сүүлийн үеийн нягтлан бодох бүртгэлийн аргыг олж сурах, ажилгүй үедээ өөрийгөө албадан өдөрт дор хаяж нэг цагийг ном уншихад зориулах, спортоор хичээллэх, зохион бичлэг хийх, нийгмийн харилцаанд орох гэх мэтэд цагийн хамгийн төгс төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Ингээд л чи суралцах болон цаг хугацаатай уралдан гүйж тэр ч байтугай хайр дурлалын цагаа золиослох ч магадгүй.

Нью-Иоркод би бага зэрэг ганцаардсан, гэхдээ ганцаардсан болхоор би өөрийгөө улам сайжруулж чадсан.

Эцэст нь миний бодлоор хэрвээ гадагшаа явах боломж нь байвал залуу дээрээ гадагшаа явж унаж босох сэтгэлийн бэлтгэлтэй байж, өөрийнхөө хаа хүрч чадах хязгаарыг үзэх, боломжгүй бол өөрийн байгаа газраа өөрийгөө сорьж ч бас болно шүү дээ. Би чамайг заавал өөрийн адил "өөрийгөө албадах өвчин туссан мэт" цаг минут бүрийг нарийн төлөвлө гэхгүй боловч тэгж төлөвлөөд оролдоод үзээрэй. Хэдхэн өдөр хэдхэн сар болоход л амжилт чамд ямар ойрхон байгааг чи мэдрэх болно.

Хэрэв та амжилтанд хүрэхийг хүсч байгаа бол эхлээд бардам зан болон өөрийгөө хуурдгаа хаях хэрэгтэй. Дараа нь цаг хугацаа болон оюун ухаан, хүч чадлаа бат бэх суурийг бий болгоход зарцуул.

Чи гадагшаа явж сурч амьдрах, улсдаа үлдэж хүчээ үзэх аль нь ч байсан ялгаагүй амжилтын зам нэг юм шүү. Чамд шалгуураа амжилттай даван туулахыг хүсэн ерөөе.

Nick Hsu-'Love in NYC' номын хэсгээс...

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.