Тойм: Дэлхийг донсолгосон үйл явдал арвинтай долоо хоног
Өнгөрсөн долоо хоногийн хувьд Монголд биш дэлхийг донсолгосон үйл явдал арвинтай долоо хоног байлаа.

Тодруулбал, Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, Хойд Солонгосын Ерөнхийлөгч АНУ-ын Ерөнхийлөгч нарын анхны түүхэн уулзалт, ШХАБ-ын төрийн тэргүүн нарын албан ёсны уулзалт гээд олон үйл явдал болж өнгөрөв, зарим нь одоо ч өрнөж байна. Ингээд онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
 
Хоёр удирдагчийн түүхэн уулзалт
 
АНУ, Хойд Солонгосын удирдагчдын анхны түүхэн уулзалт энэ сарын 12-ны өглөөний 9:00 цагт (Улаанбаатарын цагаар) Сингапурын Сентоза арлын Капелла зочид буудалд эхэлсэн билээ.
Тэртээ 1950-1953 онд болж байсан Солонгосын дайнаас хойш энэ хоёр орны удирдагчид нүүр тулан уулзаж байгаагүй, утсаар ч ярьж байгаагүй юм.
Олон жилийн дайсагналын дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар анх удаа гар барин мэндчилсэн билээ. Уулзалтын үр дүнд Солонгосын хойгт “дайн хийж тоглох”-оо зогсоохыг Дональд Трамп амласан юм.


 
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт болов

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XVIII хурал Хятадын Шаньдүн мужийн Чиндао хотноо болж өндөрлөв. Зохион байгуулагч орны төрийн тэргүүн Ши Жиньпин хурлыг даргалж, ОХУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекстан, Энэтхэг, Пакистан зэрэг орны удирдагчид оролцсон байна.
Энэ удаагийн уулзалтын нэг онцлог гэвэл  ШХАБ-ын гишүүн найман орны удирдагч хэлэлцээр хийсний дараа ажиглагч орнуудын төрийн тэргүүн, олон улсын байгууллагын албан тушаалтнуудтай өргөтгөсөн уулзалтыг зохион байгуулсан юм.


 
С.Баярцогт, Б.Бямбасайхан хоёрыг батлан даалтад гаргалаа

Оюутолгойн гэрээтэй холбоотой хэргээр шалгагдаж буй ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавив. 
Тэднийг АТГ-аас "Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт буруутган шалгаж байгаа юм. 

Чуулганаар Д.Гантулга гишүүнийг чөлөөллөө
 
Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. УИХ-ын гишүүн Д.Гантулга нь өнгөрсөн даваа гарагт УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан. Уг хүсэлтийг МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэнээр ийнхүү пүрэв гарагт УИХ-ын чуулганаар хэлэлцсэн юм.  Хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувийн саналаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс нь чөлөөлсөн юм. Ингэснээр УИХ-ын гишүүн биш иргэн Д.Гантулга боллоо гэсэн үг юм.


 
Miss Mongolia-2018” тэмцээний тэргүүн мисс тодров


“Miss Mongolia” холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын гоо бүсгүйг шалгаруулах “Miss Mongolia-2018” тэмцээний тэргүүн миссийн титмийн ялагчийг тодруулсан билээ. 
Тэргүүн миссийн титмийн эзний төлөө өрсөлдөх эцсийн шатанд 19 бүсгүй шалгарч бөгөөд тэргүүн миссээр Б.Мөнхчимэг тодорсон юм. “Miss Mongolia-2018” тэмцээнд оролцож буй миссүүд “Мисс оюунлаг”, “Мисс авьяас”, “Мисс спорт”, “Мисс бикини”, “Мисс модель” “Мисс фото” төрлөөр өрсөлджээ.


 
Манай сагсчид ДАШТ-нд нэрээ мөнхлөв


Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос /FIBA/ зохион байгуулсан 3х3 ДАШТ Филиппин улсын Манила хотод болж өндөрлөв.
Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд шилдэг 20 баг оролцсоноос Монгол Улсын шигшээ баг ОХУ, Бразил, Канад, Филиппиний багтай “С” хэсэгт багтсан.
“FIBA 3x3” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон манай шигшээ баг ОХУ, Филиппин, Бразил улсын багийг хожин хэсгээсээ шалгарч, улмаар хасагдах шатанд Ази тивээ төлөөлсөн цор ганц баг болж, Монгол гэсэн нэрийг Дэлхийн 3x3 сагсан бөмбөгийн түүхэнд анх удаа гаргасан юм.


 
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
 
Дэлхийн 22 дахь удаагийн хөлбөмбөгийн “ДАШТ-2018”-ын нээлтийн ёслол Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд  энэ сарын 14-нд эхэллээ. ОХУ-д анх удаа зохион байгуулагдаж буй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тус улсын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болох юм.
Нээлтийн ёслолд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Их Британийн дуучин Робби Уильямс, Оросын дуурийн дуучин Аида Гарифуллина болон Бразилийн шигшээ багийн тамирчин Рональдо нар оролцжээ.
Нээлтийн ёслолын ажиллагааг алдарт дуучин Робби Уиллиамс нээж, "Let me entertain you", "Feel " зэрэг дуунуудаа дуулснаас гадна Татарсны гавьяат жүжигчин, дуурийн дуучин Аида Гарифуллинагийн хамт "Angel" дуугаа толилуулсан нь нэн сонирхолтой байв.
Хөлбөмбөгийн ДАШТ-ий эхний тоглолт зохион байгуулагч ОХУ болон Саудын Арабын үндэсний шигшээ багийн хооронд болж  багуудын тоглолт 5:0 харьцаатай ОХУ-ын багын  хожлоор  өндөрлөсөн юм.


Хүүхдийн паркийн тоглоом сүйдэж, 4 хүүхэд хүнд бэртлээ
Хүүхдийн паркийн “Сансрын хөлөг” тоглоом ажиллаж байх үедээ хугарч, хүүхдүүд бэртсэн хэрэг гарлаа.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага болон Цагдаагийн байгууллагаас хамтарсан шалгалтыг хийж урьдчилсан байдлаар хугарсан тоглоом нь насжилт өндөртэй, хуучирсан гэх дүгнэлтийг гаргаж, үйл ажиллагааг нь зогсоов.
Харин бэртэл авсан хүүхдүүдийн тухайд, гурван хүүхэд нь зөөлөн эдийн гэмтэлтэй, нэг хүүхэд нь биеийн байдал нь зовиуртай ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.



О.Сайхан 
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.