Хүүхэд, хөгшидийн хүссэн хүлээсэн Бороо чи хүрээд ирлээ, баярлалаа
Яг одоо гараад алхвал таныг цэвэр агаар, борооны чимээ, өнгөө засаж буй гудамж талбай, үер биш ч тогтоол ус угтах болно. 

Яагаад гэвэл өнгөрсөн шөнөөс эхэлж тэнгэр хангай хураа хайрлалаа. Хурын усанд угаагдана гэдэг их хувь заяа. Хүссэн хүлээсэн бороо орж хүн малын зоо тэнийсэн сайхан өдөр болж байна.

Бороо, цас, салхи гэдэг ямар ч орчуулгагүйгээр хүн бүрт өөр өөр эсвэл ижил мэдрэмж төрүүлдэг нууц увидастай. Тиймээс чийг үнэртэж, зөөлөн бороо дусалсан энэ өглөө танд борооны тухай алдартнуудын хэлсэн эшлэлийг хүргэж байна. Бороо танд гуниг, баяслын алийг нь ч төрүүлдэг бай цаг агаарын нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар мэдрээрэй. Мөн борооны тухай бичсэн гоёмсог шүлгэнүүдээс түүвэрлэн хүргэж байгааг сонирхоорой.
 
Амьдрал тэр чигтээ гоо үзэсгэлэн. Анзаараарай. Жижигхэн хүүхэд, инээмсэглэж буй хүн, борооны үнэр, салхийг мэдэр. Амьдралдаа байгаа сайхан зүйлсийг бүгдийг нь ашиглаж мөрөөдөлтэйгээ тэмц. Эшли Смит

Зарим хүмүүс бороонд алхдаг бол зарим нь зүгээр л нордог. Рожер Миллер

Бороо орохгүй бол хэзээ ч солонго татахгүй. Гилберт К.Честертон

Байгалиас гардаг гурван гайхалтай чимээ бий. Борооны чимээ, салхи модод сэрчигнүүлэх чимээ, далайн ус давалгаалах чимээ. Хэнри Бестон

Ямар ч ширүүн бороо нэг л дуслаас эхэлнэ. Манал ал-Шариф

Яруу найраг гэдэг бол бороо орж байхад гадаа зогсож буй нэгэн аянгын гэрлийг хүлээхтэй ижил юм. Жэймс Дикей

Яагаад гэдгийг мэдэхгүй ч бороо над дээр дусах тэр агшинд би хүүхэд насныхаа тухай бодож эхэлдэг. Дануш

Би бороонд уйлах дуртай. Учир нь хэн ч миний уйлж байгааг мэдэхгүй. Чарли Чаплин

Бороотой өдөр гэдэг модонд алхахад хамгийн төгс цаг үе юм. Рэйчел Карсон

Борооны чимээнд орчуулга хэрэггүй. Алан Уаттс

Санаа зовох гэдэг бол утгагүй зүйл. Яг л бороо орохоос өмнө шүхэр барин алхахтай ижил. Виз Халифа
 
А.Эрдэнэ-Очир: Тавдугаар сарын бороо

Гэзэгний үсээ сэгсэрч бороон дор хаврын охид зогсоно
Гоо сайхныг нь тэнгэр таалах мэт бороо зөөлхөн шивэрнэ
Өөртэй минь адил гуньж чаддаг охины тухай
Өөрт минь илүү сайхныг нээх мэт бороо шивэрнэ
Яг одоо би чиний нэрийг тэнгэрт хашгирч
Ягаахан усан хөшгийг цуу татан аянга болмоор байна
Тэгэхэд чи хэн рүү ус дуслуулан гүйж
Тэврүүлэхдээ нойтон цээжээ яаж наах бол оо.
 
Л.Өлзийтөгс: Харанхуйн бороо

Зарим нь бүлээн, зарим нь хүйтэн бороон дуслууд
Нүд уруул дээр минь чимээтэй, чимээгүй үнсэлнэ
Заримдаа үнэн, заримдаа худал ертөнцийн
Ер нэгэн шөнөөс ер нэгэн бороо дусална
Сар үгүй атал нойтон дусал бүр гэрэлтэж
Од үгүй атал орчлон бүхэлдээ гялалзана
Хуруу гараас минь тэнгэр дусагнаж
Хувцас өмсгөлөөс харанхуй бөнжигнөнө
 
Р.Эмүжин: Өдөр, шөнийн туршид бороо... 

Өдөр, шөнийн туршид бороо шивэрлээ 
Өмссөн хувцас, өр зүрх минь шал нойтон
Өрөөлийн өвөрт гээсэн аз жаргал минь 
Өнөө хаана төөрснийг 
Хэн мэднэ, мэдээд ч яах юм. 
С.Начин:Бороо  

Бороо дусагнаад л тэгсэн хэрнээ
Нэг л гуниглангуй 
Нулимсаа хатамжилсан эрх хүүхэд шиг
Бүр тийм л гэсэн шиг ганц хоёрхон дусал
Хаяад л.... 
Яг миний зүрхний түг түг хийх цохилт шиг
Ялгуухан алгуурхан асгараач
Ямар үед нь ороод, хэдийд нь цурхирдагаа
Яг одоо хэлээд өгөөч
Асгараач.....
 
Н.Заяа: Бороо орж байна 

Гадаа бороо орж байна
Гал хайрын цэцэрлэгт чамтайгаа би сууж байна
Ганц нэгээрээ хундаганд орсон дуслуудыг
Гэзэгний чинь үнэрээр дарууланхан би ууж байна
Улаан шороо норж байна
Ургаа моддын дор чамтай би сууж байна
Уусан дарсандаа бус өөрийн чинь үнэрт согтоод
Усан бороонд норон норон бидэн хоёр сууж байна
Би айж байна
Битгий л зүүд байгаасай гэж дотроо гуйн залбирч байна
Халхын үзэмж Монгол бүсгүйд сэтгэл зүрхээн өгчихөөд
Хайрлан дурлаад эцэст нь хагацахаас би айж байна
Бороонд нэвт норсон нимгэн цамцны чинь цаанаас
Бие чинь гэрэлтээд сэтгэлийг минь гижигдээд
Дурлал гээч дарсыг дундаа тавиад ууж байна
Дур хайрандаа хөлчүүрэн цэцэрлэгт хамт сууж байна
Гадаа бороо орж байна
Гал хайрын цэцэрлэгт чамтайгаа би сууж байна.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN  2018-06-17 12:06:03
    HANGAIN BOROO GENET ASGAH SAIHAN , HARANHUIN DUND TCAHILGAAN GYLBAH SAIHAN ,HONON ONJIN BOROO ZUSREH SAIHAN ,HOLOOS GIICHIN IREH SAIHAN....ENE HEN BE.
    • Яруу найраг сонирхогч 2018-06-18 04:12:18
      Дорнодын Эрээнцавын алдарт яруу найрагч Д.Нямсүрэн. Энэ шүлгийн төгсгөлд: "Эрээнцавд бороо орох сайхан Эргэх дөрвөн улирал ээлжлэх нь сайхан" гэдэг юм.