
Өнгөрсөн шөнө хөлбөмбөгийн ДАШТ-ий “А” хэсгийн нэг, “B” хэсгийн хоёр тоглолт явагдаж өндөрлөлөө. Эдгээр тоглолтуудын тоймыг хүргэж байна.
ҮНДСЭН ЦАГ: ЕГИПЕТ 0:1 УРУГВАЙ
“А” хэсгийн ээлжит тоглолт Уругвай-Египетийн багуудын хооронд өрнөлөө.
Екатеринбург хотын “Екатеринбург Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон тус тоглолтод Уругвайн баг өрсөлдөгчөө 1-0 харьцаатайгаар хожсон юм. Тодруулбал, тоглолтын эцсийн мөчид буюу 90 дэх минутанд хамгаалагч Хосе Хименес гоол оруулснаар, Уругвай эхний хожлоо авав.
ҮНДСЭН ЦАГ: МАРОККО 0:1 ИРАН
“B” хэсгийн эхний тоглолт Марокко болон Ираны багуудын хооронд болсон юм. Тоглолтын хувь заяа мөн эцсийн мөчид шийдэгдсэн.
Тодруулбал, тоглолтын явцад санаачлагыг гартаа авч байсан Мароккогийн шигшээ баг цаг дуусах мөчтэй зэрэгцэн хаалгандаа авто-гоол оруулснаар хожигдол хүлээв. Марокко Улсын шигшээ багийн тоглогч Бухаддуз тоглолтын 94 дэх минутанд өөрийн хаалгандаа гоол оруулсан юм.
ҮНДСЭН ЦАГ: ИСПАНИ 3:3 ПОРТУГАЛ
Энэ удаагийн ДАШТ-ий хэсгийн шатны хамгийн сонирхолтой, үзэгчдийн хүсэн хүлээсэн тоглолтуудын нэг өнгөрсөн шөнө явагдлаа. “B“ хэсэгт учраа таарсан Испани-Португалийн шигшээ багуудын тоглолт хөлбөмбөг сонирхогчдыг өндөлзүүлсээр 3:3-ын харьцаатайгаар өндөрлөв.
Тус тоглолтод Португалийн шигшээ багийн ахлагч Криштиан Роналду гурван гоол оруулж, хэт-трик хийсэн бол Испанийн багаас Д.Коста 24, 55, Начо 58 дахь минутад тус тус гоол оруулсан.
Б.ОД