Урьдчилгаа 30 хувь төлөөд 8 хувийн хүүтэй зээл авах боломж иргэдэд байхгүй

БХБЯ, ТОСК, МИК, Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч" компанитай хамтран "Барилгын зах зээлийн өнөөгийн байдал ба эрэлт нийлүүлэлт"-ийн судалгааг 2018 оны гуравдугаар сарын байдлаар эцэслэн гүйцэтгэжээ. Энэхүү судалгааны талаар салбар яамнаас мэдээлэл хийлээ.

БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн “2018 оны гуравдугаар сарын байдлаар нийслэлд 380 мянган өрх амьдарч байна. Үүний 160 мянга нь орон сууцанд, 217 мянган өрх нь гэр хороололд амьдардаг. Түүнчлэн борлогдоогүй 5822 айлын орон сууц байгаа нь нийлүүлэлт эрэлтээсээ давчихсан байгааг харуулж байна.

Мэдээж гэр хороололд байгаа 217 мянган өрх орон сууцанд орох хүсэлтэй гэдэг утгаараа эрэлт бий. Тиймээс яамны зүгээс нийлүүлэлт тогтворжсон гэж үзээд эрэлт дээр төвлөрч, энэ асуудалд бодлого боловсруулж ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

Гэр хороололд амьдарч байгаа 217 мянган өрхийн санхүүгийн байдлыг судлаад үзэхээр 16 хувь нь л ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг төлж, зээлд хамрагдах чадамжтай нь харагдаж байгаа.

Энэ оны хувьд уул уурхайн салбар сэргэлттэй байгаа, иргэд олноороо БНСУ-руу явж ажиллаж байгаа нь орон сууцны салбар сэргэх, худалдан авалт нэмэгдэхэд эергээр нөлөөлнө.

Яамны зүгээс судалгаан дээр тулгуурлан ипотекийн зээлийн шаардлага хангахгүй байгаа иргэдээ орон сууцжуулахын тулд зээлийн урьдчилгаа, хүү, хугацаа зэргийг эргэн харах шаардлагатай гэж үзсэн. Энэ асуудлаар Сангийн яам, Монголбанктай зөвшилцөж байна.

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг буцаагаад орон сууц худалдан авах гэж байгаа иргэдэд олгооч ээ гэсэн байр сууринаас манай яам хандаж байгаа. Эргэн төлөлтөөр 2017 онд 10 мянга орчим өрхийг орон сууцжуулсан.

Судалгааны үр дүнгээс урьдчилгаа 30 хувь төлөөд 8 хувийн хүүтэй зээл авах боломж ард иргэдэд байхгүй нь харагдаж байна. Тиймээс эхний ээлжинд ядаж хөдөө орон нутаг, хотын зах орчмын хороололд ипотекийн зээл өгөхдөө урьчилгааг 25 хувь, хүүг 7 хувь болгож бууруулаач ээ гэсэн хүсэлтийг байнга тавьсаар байгаа. Мөн багш, эмч, малчдад зориулан тусгайлсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх бодлого барьж байгаа.

БНСУ-аас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах асуудал яригдаж эхэлсэн. Үүнийг агаар орчны бохирдлыг бууруулахад зарцуулах бөгөөд урт хугацаанд хэрэгжих төслүүд тухайлбал, хороолол барихад зарцуулна.

Улаанбаатар хотыг цаашид хөгжүүлэхэд ипотекийн зээл, инженерийн дэд бүтэц зайлшгүй хэрэгтэй. БНХАУ-аас ирж байгаа 2 тэрбум юанийн буцалтгүй тусламжаар бололцоо бүхий гэр хорооллыг инженерийн дэд бүтцэд холбож өгнө. Бололцоо бүхий гэдэг нь газар зүйн байрлалаас хамаарч байгаа.

Дэд бүтэц татах боломжтой байрлалд амины орон сууц барихыг дэмжинэ. Бага дунд орлоготой иргэдээ яаж орон сууцжуулах уу, орлогыг нь хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал дээр Засгийн бодлого төвлөрнө” гэлээ.

Дээрх мэдээллийн дараа дэд сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

Уулын орой руу өгсөөд буучихсан айлууд руу дэд бүтэц татах боломжгүй


-Орон сууцны м.кв-н үнэ хөөрөгдсөн хэт үнэтэй, бага дунд орологотой иргэд худалдан авах боломжгүй байна гэсэн иргэдийн сэтгэгдэл байна. Үнийн асуудал дээр салбарын яам ямар бодлого барьж байгаа вэ?

-Орон сууцны м.кв-н дундаж үнэ 1.6 сая төгрөг байгаа. Яаж үнэ буулгах вэ гэдэг асуудал үндсэн карказ, аюулгүй байдалтай холбоотой учраас хамаагүй механикаар хандаж болохгүй.

Харин барилгын дотоод засал чимэглэлтэй холбоотой асуудлаар үнэ буулгах асуудал яригдаж болно. Дотоод засал чимэглэлгүйгээр үнийг хэлэхэд м.кв-н үнэ 20-25 хувь буурах бололцоо байгаа. Тэгэхээр иргэд санхүүгийн боломждоо тааруулаад засал чимэглэлийн үнэлгээг шийддэг байх ёстой.

-БНХАУ-ын буцалтгүй тусламж, БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээс ипотекийн зээлийг нэмж санхүүжүүлэх боломж бий юу?

-2013 оноос ипотекийн зээл олгож, 3.8 их наяд төгрөг хэвлээд гаргачихсан. Энэ хугацаанд 76 мянган өрхийг орон сууцанд оруулсан. Эргэн төлөлтөөс сард 25 тэрбум төгрөг орж ирж байгаа. Энэ жилийн хувьд эргэн төлөлтөөс гадна улсын төсөв дээр 120 тэрбум төгрөг суулгаж ипотекийн зээлийг санхүүжүүлэх гэж байна. Гадны зээл тусламж бидэнд шууд бэлэн мөнгөөр ирээд, ийшээ тийшээ гээд хуваарилах боломжгүй юм шиг байгаа юм. Хөнгөлөлттэй зээл олгож байгаа талаас манайд ирж хэрэгжих төсөл хөтөлбөр дээрээ ажиллаж байгаа. Тэдний зүгээс манайд орж ирж орон сууц барьж өгөх сонирхолтой.

-Гэр хороолол руу дэд бүтэц татна гэлээ. Дэд бүтцийн асуудал нь шийдэгдсэн иргэдэд амины орон сууц барихад нь зориулж хөнгөлөлттэй зээл олгох уу, ипотект хамруулах боломжтой юу?

-Гэр хорооллын иргэдээ хамгийн амархнаар орон сууцжуулах гарц бол ерөөсөө л дэд бүтэц татах, амины орон сууцжуулах. Гол асуудал нь дэд бүтцийн асуудал байгаа биз. Дэд бүтцийг шууд л татчихаж болохгүй байна. Уулын орой руу өгсөөд буучихсан айлууд руу цахилгаан, ус татлаа гэхэд бохирын асуудлыг шийдэх боломжгүй. Учир нь шугам хоолой тогтсон стандарттай.

ЖАЙКА, Азийн хөгжлийн банк гээд манай хотын нөхцөл байдлыг удаан хугацаанд судалсан байгууллагууд хамтран Ногоон уур амьсгалын санг байгуулахаар яригдаж байна. Уг сангаас дэд бүтэц нь шийдэгдсэн бүсэд ногоон буюу дулаан алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих загвар зургийг иргэдэд гаргаж өгөхөөр төлөвлөж байгаа. Сангаас дээрх шаардлагыг хангасан бол таван хувийн хүүтэй зээл олгох боломжтой гэж үзсэн. Мэдээж ипотект хамрагдах бас боломжтой.

Өглөөний сонин
Б.Төгөлдөр

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-06-16 06:07:18
    30 багасгаад 10-15 болгоод энэ түгжигдсэн хөрөнгийг хөдөлгөөнд оруулахсан
    112.72.14.210
    Мэдэгдсэн Хариулах
    • Иргэн 2018-09-13 13:34:50
      Харин тиймээ. Урьдчилгаа хүрэхгүй ч зээлэнд хамрагдах хүсэлтэй хүмүүс олон байна даа.
      182.250.243.40
      Мэдэгдсэн Хариулах
  • худлаа 2018-06-06 06:14:26
    30% төлчихөөд 8% ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй л байна
    203.91.115.250
    Мэдэгдсэн Хариулах