Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан агентлагтай болно

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Засгийн газраас өнгөрсөн сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг тус Байнгын хорооны өнгөрсөн сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэнийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагийн нэгдсэн хуралдаанаар дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
 


 

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан сүүлийн үед олон улсын зарим бичиг баримтад “тусгай хэрэгцээт” гэсэн нэршил хэрэглэгдэх болсон байна, иймээс төсөлд тусгагдсан “хөгжлийн бэрхшээлтэй иргэн” гэсэн нэр томъёо нь оновчтой эсэхийг ажлын хэсгээс тодруулсан юм.

Гишүүний асуултад ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаян өгсөн хариултдаа, манай улсад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид энэ томъёог хэрэглэж байгаа, тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хуульд “хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдэгт ямар хүнийг хамааруулах талаар тодорхой зааж өгсөн. Мөн олон улсын гэрээ, конвенцид ч энэ томъёог хэрэглэж байгаа. Харин Боловсролын тухай хуульд “тусгай хэрэгцээт” гэсэн нэр томъёо тусгагдсан байдаг гэлээ.
 


 

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томъёолол гараагүй тул УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжив. Иймээс “Тогтооллын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэй дэмжсэн юм. 

НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 61 дүгээр чуулганаар баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц, түүний нэмэлт протоколд Монгол Улс 2008 онд нэгдэн орж, уг конвенцийн үзэл баримтлалд тулгуурлан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг Улсын Их Хурлаас 2016 онд баталсан. Уг  хуульд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенци, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр үндэсний хэмжээнд ажиллах хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бий болгохоор хуульчилсан. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх замаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг байгуулахаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж хэлэлцүүлж байгаа юм.

Шинээр байгуулагдах агентлагийн хүний нөөцийг одоо ажиллаж байгаа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн 31 ажилтныг төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлд шилжүүлж, ажлын чиг үүргийг өөрчлөх замаар бүрдүүлэх бөгөөд 2018 онд нэмэлт орон тоо шаардахгүй. Харин уг төвийн дэргэдэх улсын төсөвт үйлдвэрийн гурван газрыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу шинээр байгуулагдах ерөнхий газрын дэргэд ажиллахаар зохион байгуулах аж. Харин аймаг, дүүрэгт тус газрын чиг үүргийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар/хэлтэст ажиллаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэх юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-06-05 10:58:42
    яаж сум агентлагийн тоог цеелех вэ гэхийн оронд нэмээд байх юмаа оюуны емчийн газар байгуулах гэлуу иргэний буртгэл ул хедлех херенгийн буртгэлээс том юмуу
    112.72.14.20
    Мэдэгдсэн Хариулах