“Хавдрын эсрэг үндэсний аян” Увс аймгаас эхэллээ
Ард иргэдийн эрүүл амьдралын төлөө ХААН Банк, Хавдар Судлалын Үндэсний Төв /ХСҮТ/, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз /МҮОНРТ/  хамтран 8  дахь жилдээ хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”–ы үзлэг оношилгоо Увс аймгаас эхэллээ. Тус аяны эмч нарын баг бүрэлдэхүүн  Увс аймагт гурав дахь жилдээ ирж буй бөгөөд өнгөрсөн хоёр жилд 6000 орчим иргэдийг үзлэг, оношилгоонд хамруулж байжээ.
 
Энэ жил “Хавдрын эсрэг үндэсний аян”-ны эмч мэргэжилтнүүдийн баг баруун гурван аймаг болох Увс, Баян Өлгий, Ховд аймгуудад ажиллаж, ард иргэдийг 8-10 төрлийн хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулна. Энэ жил ходоодны хорт хавдар өвчнийг онцлон ажиллах бөгөөд энэ төрлийн хавдар хамгийн өндөртэйд тооцогддог дээрх гурван аймгийг сонгожээ.  Мөн орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг нарийн мэргэжлийн сургалтад хамруулах, сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалтад банкны ажилтнуудыг хамруулах болон ард иргэдэд хорт хавдраас урьдчилан сэргийлэх  мэдлэг мэдээллийг түгээх, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах ажилд анхаарах юм.


 
Нээлтийн үеэр ХААН Банкны Иргэдийн банк хариуцсан дэд захирал М.Энхсайхан хэлсэн үгэндээ “ХААН Банк нь банк санхүүгийн үйлчилгээг иргэд харилцагчиддаа хүргэхээс гадна нийгмийн хариуцлагаа ухамрсарлаж, олон нийтийн эрүүл мэндийн төлөө Хавдрын эсрэг үндэсний аяныг 8 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ аян маань зорилтот бүлэгтээ хүрч чадан олон хүнд эрүүл саруул амьдралыг бэлэглэдэгт бид баяртай байдаг. Цаашид ч энэ аянаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно хэмээн” онцоллоо.
 
Аяны эмч нарын багийн дараагийн ажиллах аймаг Баян-Өлгий аймгийн Өлгий хот бөгөөд 06-р сарын 11-ээс үзлэг оношилгоог үргэлжлүүлнэ.
 
Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрсдэлт бүлгийг үзлэгт хамруулах, эрт илрүүлэх, хорт хавдар үүсгэгч халдвараас сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх ач холбогдолтой үндэсний хэмжээний “Хавдрын эсрэг үндэсний аян” өнгөрсөн 7 жилийн хугацаанд 115,  мянга гаруй иргэнийг хавдрын цогц үзлэг оношилгоонд хамруулжээ. 


 
Аяныг санаачлан хамтран хэрэгжүүлэгч ХААН Банкны хувьд өнгөрсөн 7 жилийн хугацаанд тус аяныг хэрэгжүүлэхэд 1 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт үзүүлж,  орон нутгийн 2600 гаруй ажилтнаа эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнээр бэлтгэж, хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд түгээгээд байна.  
 
Хавдрын эсрэг үндэсний аян зорилтот бүлэгтээ хүрч олон хүнд эрүүл саруул амьдрал, олон айл өрхөд элэг бүтэн гэр бүл бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна.

Бусдад түгээх
  • gplus