“Гурван шөнө нойргүй хоноод тусыг олоогүй бол эмээ хөлсөлж ав”
Сүүлийн хэдэн өдөр хөнжил, гудсаа га­зар дэвсэж, цементэн талбай дээр майхан са­ваа барьсан олон хүний зургийг та ца­хим сүлжээнээс олж харсан байх. Эдгээр зур­гуудын ихэнхийг шөнө авсан байх бөгөөд эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэж дугаарлаж байгаа нь энэ. Захын гэр хороолол, хотын төвийн хуучны орон сууц­ны хорооллын хаанаас ч энэ инээдтэй ч гэ­мээр басхүү эмгэнэлтэй дүр зургийг харж болох байв.

Харин өчигдөр үдээс хойш уг дүр зураг баллуурдсан мэт сарниж алга болов. Ийн хэлэхийн учир нь сунжирсан урт дараалал алга болсон ч цэцэрлэгийн хашаа, үүд бараадсан эцэг, эхчүүд хэд гурваараа бөөгнөрч зогсоод өдрийг барсан. Тэд бүгд харьяаллынхаа дагуу хүүхдээ бүртгүүлэх гэж хэдэн өдөр хонож, өнжин, дараалал гарган манаач хийж хоносон боловч хамрынх нь урдуур дарааллыг нь тасалжээ.

Нийслэлийн БЗД-ийн 129 дүгээр цэцэрлэгийн үүдэнд хүүхдээ бүртгүүлж чадаагүй иргэд хоёр настай болон таван настай хүүхдээ бүртгүүлэх гэж хоёр бүлэг болон хуваагдаж, хэрхэх талаар хөөрөлдөж зогсоно.

Зарим нь “Өргөдөл, гомдол гаргая. Би цэцэрлэгийн өөдөөс харсан орцонд амьдраад удаж байна. Гурав шөнө унталгүй гэрийнхэнтэйгээ ээлжилж дугаарлаад хүүхдээ оруулж чадсангүй” хэмээн бухимдаж, гомдсон, бас цөхөрсөн хоолойгоор санал гаргаж, бусдын анхаарлыг түр ч атугай сатааруулна лээ.

Гэтэл хажуунаас нь залуухан ээж эсрэг талдаа зогсох хижээл насны залуу руу хандаж “Та урдуур дайраад л байсан, тэр хүмүүст хэдэн төгрөг өгсөн бэ. Мөнгө өгөөд ч орж чадахгүй байгаа биз дээ. Бүгдээрээ хэлдэг газарт нь хэлье” гэж өмнөх бүсгүйг дэмжиж байх юм. Байдлыг ажиглавал энэ хавь өглөөгүүр фронтын тэргүүн шугам байсан бололтой. Дээр дурьдсанчлан зарим нь тав, гурван хүний урдуур орчих санаатай дугаараа зарж, ашиг хийх гэсэн башир нэгний мэхэнд орж хохирсон гэдэг нь илт.

Дайны хажуугаар дажин

Дайны хажуугаар дажин гэж “Бүртгэл явагдаж байхад тэр хамгаалагчид юун хүмүүс байсан бэ” гэж гайхах хүн ч таарсан. Тэр ч бүү хэл дугаараа 2500 төгрөгөөр зарах шинэ бизнес цэцэрлэгийн үүдэнд цэцэглэж байсныг ч иргэд хэлж байв. Эцэг, эхчүүдээс энэ талаар лавлаж асуутал “Мэдэхгүй хамгаалалтын хүмүүс гээд хэдэн залуучууд байсан. Олс татаад бүс заачихсан байсан. Гэхдээ хараад байхад урд талын эгнээний хэдэн хүмүүсийг оруулчихаад гарч ирэхээр нь яваад өгсөн. Тэр хэд хуйвалдсан юм шиг байна лээ” гэж аргаа барсан аятай дуугарч байлаа.

Хүүхдүүдээ бүртгүүлж чадаагүй эцэг, эхчүүдтэй уулзчихаад тус цэцэрлэгийн удирдлагуудтай уулзах гэсэн боловч хаалга, цонхоо бүгдийг нь дангитал цоожлочихоод хэнбугуай ч байсан оруулах шинж алга. Аргаа барсан эцэг, эхчүүд “Наад хаалгаа нээгээч бид одоо яах юм бэ. Үнэхээр хүүхдийн тоо гүйцчихсэн юм уу. Ямар нэг юм хэлээч” гэж хаалгыг нь балбана.

Тэд хүүхдийн тоо гүйцсэн эсэхийг лавлах гэж улайраад байгаа нь ч учиртай аж. Тодруулбал тус цэцэрлэг хоёр настай 64, гурван настай 35, таван настай 16 нийт 115 хүүхэд шинээр элсүүлэх ёстой аж. Гэтэл иргэдийн хэлж буйгаар эхний 70 хүнийг оруулаад бүртгэлийн ажлыг дуусгасан гэнэ. Тэд үүнийгээ өөрсдийн үрчийтэл нь атгасан дугаар бүхий ногоон өнгийн жижигхэн цаасаараа баталж байсан юм.

Энэ мэт явдал газар сайгүй болж байгаа бололтой. Тодруулбал Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд шинээр баригдсан 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн гадаа эцэг, эхчүүд хонож дугаарлаж байхад зарим нь 300 мянган төгрөг өгч дугаарлахгүйгээр хүүхдээ бүртгүүлж байна гэх мэдээлэл бидэнд ирлээ.

Б.Цээнээ: Өнгөрөгч 11-нээс хойш дугаарласан

Ингээд эцэг эхчүүдийн төлөөлөл болгож БЗД-ийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 170 дугаар байрны 4-144-т оршин суудаг Б.Цээнээ гуайгаас болсон үйл явдлын талаар тодрууллаа.

-Та энд хэр удаан амьдарч байгаа вэ. Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлж чадсангүй юу?

-Манайх энд амьдраад олон жил болж байна. Манай ач одоо таван настай. Түрүү жил хүүхдээ цэцэрлэгт өгөх гэсэн боловч таван нас хүрэхэд хоёр сар дутуу байна. Манайх энэ жил 2009 оны хүүхэд авахгүй гээд эрхлэгч нь хүүхдийн минь бичиг баримтыг нүүр рүү шидэж буцаасан. Гэхдээ нөөцөнд бүртгүүл гэхээр нь гомдлын мөр бичүүлчихсэн. Араас утсаар ярьж хэлнэ гэсэн тэр чигтээ таг болсон.

Дараа дахиад ирж уулзтал “Ирэх хавар харьяаллынхаа дагуу хүссэн хүсээгүй авна. Манайх угаасаа тав болон хоёр настай хүүхдийн нэг, нэг бүлэг шинээр нээх гэж байгаа” гэсэн ч хэлсэндээ хүрсэнгүй. Аргаа бараад хүүхдийн ээж, аав хоёр нь гадаадад сурахаар явсан. Би тэтгэвэрт байдаг, группын хөгшин гэж зовлонгоо яриад ч бараагүй.

Сая өнгөрөгч 11-ний өдрөөс хойш дугаарласан. Сүүлийн гурван өдөр өдөрт нь өөрөө ирээд, шөнөдөө хүүхэд ирж хоносон. Таван настай хүүхдүүд ирэх жил сургуульд орно тэгэхээр цэцэрлэгт явахгүй бол хэцүү шүү дээ. Манайх энэ цэцэрлэгийн өөдөөс харсан байр. Уг нь хорооноос бичиг баримт бүх юмаа авчихсан. Гэтэл ингээд яг урдуураа таслуулчихлаа.

-Хүүгээ цэцэрлэгт өгч чадахгүй бол өөрөө гэртээ харах уу. Эсвэл өөр цэцэрлэг хайх уу?

-Цэцэрлэгүүд чинь харьяаллынхаа дагуу хүүхдээ авдаг болохоор бидний хүүхдийг өөр газарт авахгүй шүү дээ. За таван настай юм чинь гээд сургуульд өгчихье гэхээр сургууль нь авахгүй. Энэ таван настнууд одоо яах юм бүү мэд. Жил бүр л ийм асуудал гардаг шүү дээ. Шинээр хүүхдийн цэцэрлэг барьчихаж болдоггүй л юм байх даа. Одоо Л.Гантөмөр сайд энэ асуудлыг шийдэж өгмөөр байна.

-Өнөө өглөө бүртгэл хэдэн цагт эхэлсэн бэ?

-Уг нь 10:05 гэж байсан. Гэтэл бараг 10:30 цагийн үед эхэлсэн. Биднийг дугаарлаж байх үед дундуур нь хүмүүс өөрийн дугаараа 25 мянган төгрөгөөр хүртэл зарж байсан. Настай бид нь түүнийг мэдсэнгүй. Дугаарлаад л орчих юм бодож байлаа.

-Хандивын анги гэж байдаг байсан. Энэ цэцэрлэгт тэр анги нь алга уу?

-Бид чинь аргаа бараад сүүлдээ тийм ангийг нь асууж үзлээ. Өөрийнхөө тэтгэвэр, хүүхдүүдийн ца­линтай нийлүүлээд өгдөг мөнгийг нь өгье гэж бодсон хэрэг. Гэтэл “Та чинь хүнийг шоронд хийхнэ үү. Тийм зүйл байхгүй” гээд загнаж байна лээ.

Б.Цээнээ гуайг ярьж байх үед бусад нь “Яг тийм” гэж дэмжиж байсан бөгөөд бид дотогш орж, цэцэрлэгийн эрхлэгчтэй нь уулзах гэсэн боловч чадсангүй. Дэмий л цэцэрлэгийн байрыг тойрч, хамаг хаалгыг нь татаж, тогшиж үзсэн боловч амжилтыг эс олов. Аргаа барсан эцэг, эхчүүд “Цагдаа дуудах уу” “Ийм асуудал дээр юу гэж цагдаа ирэх вэ дээ” гэсээр цэцэрлэгийн үүдийг сахиад үлдсэн юм.

Хонгилийн үзүүрт гэрэл

Аргаа барсан тэднийг орхин зэргэлдээ орших Нийслэлийн 122 дугаар цэцэрлэгийг зорив. Энд бүртгэл дууссан байртай нам гүм байсан бөгөөд хашааных нь гадна долоо, найман залуу эцэг, эх цугларч, ямар нэг зүйлийн талаар нухацтай ярилцаж байв.

Тэднээс хүүхдээ бүртгүүлж чадсан эсэхийг нь асуутал “Манай энэ хавийнхан дөрөв, тав хонох нь хонож дугаарласан. Эцэг, эхчүүд өөрсдөө бүртгэлийн дугаарлалтаа зохион байгуулсан. Уг нь маш цэгцтэй болсон. Гэхдээ бид хэд хүүхдээ бүртгүүлж чадсангүй” гэж байв.

Тэдний хувьд цөөхүүлээ болоод ч тэр үү 129 дүгээр цэцэрлэгийнхнийг бодвол илүү уужуу тайван байсан юм. Хэдэн өдөр ээлжлэн жижүүрлэж, дугаараа хамгаалан, бүртгэлийн дугаарлалтын ажлыг зохион байгуулсны ач. Гэтэл зарим нь хүүхдүүдээ бүртгүүлж чадаагүй үлджээ. Тэд цэцэрлэгийн удирдлагуудад хаягласан өргөдөл гаргасан байсан нь ухаалаг шийдэл гэж бодогдохоор байлаа. Тус цэцэрлэг анги дүүргэлтээ 35 хүүхдээр хийж байгаа аж. “Зарим цэцэрлэг нэг ангидаа 40-45 хүүхэд авч байна лээ” гэх бидний үг тэдэнд дэм болсон бололтой “Боломж байна шүү” гэсээр үлдсэн. Энэ үг тэдний хувьд хонгилын үзүүрт ассан гэрэл болсон бололтой.

Газар, тэнгэр шиг том ялгаа

Бид БЗД-ийн 84 дүгээр сургуулийн хоёр талд байрлах тус цэцэрлэгүүдийг орхиж, Спортын төв ордны ар талд байрлах Нийслэлийн 42 дугаар цэцэрлэг дээр ирлээ. Гэтэл энд байдал тэс өөр байх аж.

Энд өмнөх шиг бөөгнөрч, дугаарлаж, бухимдсан эцэг, эхчүүд алга. Харин цэцэрлэгийн байрны урд талд газар шорооны ажил явагдаж байв. Засвар хийж байгаа юм байх даа гэсэн бодол тээн газар ухаж буй тракторын жолоочоос асуутал “Өргөтгөлийн байр­ны шугам, сүлжээний ажил хийгдэж байна. Цэцэрлэг бүртгэлээ авч байгаа ороод уулз” гэв.

Цэцэрлэгийн хуучин байрны хажууд хоёр давхар хаус хэлбэрийн канад модон барилга байх бөгөөд энэ нь хичээлийн байрны өргөтгөл аж. Угсралтын ажил дуус­сан бөгөөд одоо гаднах шугам, сүлжээ болон бага сага засварын ажил үлдсэн гэдгийг гүйцэтгэгч компанийнхан хэлсэн юм.

Биднийг дотогш ороход арав хүрэхгүй эцэг эхчүүд бүртгэл хийгдэж буй өрөөний үүдэнд дугаарлаж байсан юм. Заавал бужигнаж байх ёстой юм шиг санаад “Бүртгэл дуусчихсан юм уу” гэтэл “Хүүхдүүдээ бүртгэж байна. Танай хүүхэд шинээр орох уу” гээд эелдэгхэн асууж байна. Ийм үг сонсоод гайхаж тус цэцэрлэгийн эрхлэгчийн өрөөг зорилоо.

Б.Отгонжаргал: Өргөтгөл ашиглалтад орохоор 100 хүүхдээр бүл нэмнэ

-Танайх бусад цэцэр­лэгүүдийг бодоход хөл хөдөлгөөн багатай байна. Энэ жил шинээр хэдэн хүүхэд элсүүлж байгаа вэ?

-Энэ жил бид гурван настай 35, дөрөв болж таван настай 15-20 хүүхдийг шинээр бүртгэнэ.

-Түрүү жил явж байсан хүүхдүүдээс хэд нь энэ жил сургуулийн насанд шилжсэн бэ?

-Өнгөрсөн жил 60 хүүхэд ахлах ангийг төгссөн байгаа. Жил бүр иймэрхүү хэлбэлзэлтэй байдаг юм.

-Танай энэ хавийн эцэг, эхчүүд хонож, өнжин ду­гаарлах асуудал байдаг уу?

-Манайд ер нь тийм асуудал гардаггүй.

-Цэцэрлэг хэдэн хүүхдийн нормтой вэ. Ачаалал хэтэрдэг үү?

-Манайх уг нь 200 хүүхдийн хүчин чадалтай. Хуучин цагаан, ногоон хоёр байр маань 1961 оны барилга, 50 гаруй жилийн настай. Цагаан байр маань МХЕГ-ийн дүгнэлт гарчихсан. Гэхдээ хараахан актлагдаагүй. Ер нь нураагаад шинэ барилга барина гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэр хүртэл үйл ажиллагаагаа явуулна даа. Одоо өргөтгөл ашиглалтад орохоор 100 хүүхдээр бүл нэмнэ.

Өргөтгөлийн цэцэрлэгт орох хүүхдүүдийнхээ бүрт­гэлийг сая давхар хийсэн. Гэхдээ нэг мөр ашиглалтад орохоор нь хүүхдүүдээ дуудна. Манай наймдугаар хорооны хүүхдүүд төрийн өмчийн 135 болон манай цэцэрлэг хоёрт хамрагддаг. Мөн хувийн дөрөв, таван цэцэрлэгт явдаг. Тэгэхээр манай хорооны хүүхдүүдийн 90 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагддаг.

-Өргөтгөлийн барилга хэзээ ашиглалтад орох вэ?

-Уг нь ирэх сарын эхээр орох байсан боловч дулааны хоолой зэрэг асуудлаас болоод ирэх аравдугаар сарын 1-н хүртэл хугацаа нь хойшилсон. Тус цэцэрлэгийн эрхлэгч Я.Отгонжаргал ийнхүү ярьсан юм.
Тэрбээр үргэлжлүүлэн “Манайх аль болох харьяаллынхаа хүүхдүүдийг үлдээхгүйг хичээдэг анги дүүргэлтийг 40-45-ын хооронд хийдэг” гэв.

Эцэг, эхчүүд нь “алалцан” байж дугаарладаг дээрх цэцэрлэгүүдийг бод­вол энд байдал амгалан. Харьяаллынхаа хүүхдүүдийг боломжийнхоо хэрээр авч байгаа харагдав.

Түүний ярианаас үзэхэд харьяа хороонд нь төр, хувийн, том, жижиг нийлсэн хэдэн хэдэн цэцэрлэг байвал бүртгэлийн ажил энэ мэт нам гүм явагдах бололтой. Тэгэхээр шинээр баригдаж буй орон сууцны хорооллуудад заавал хүүхдийн цэцэрлэгтэй байх ёстой гэдэг шалгуур тавьчихвал газар, тэнгэр мэт ялгаатай энэ асуудал бага ч атугай шийгдэх нь дамжиггүй.

Энэ жил 100 хүүхдийн багтаамжтай 17 цэцэрлэг ашиглалтад оруулна

Ингэж явсаар үд өн­гөрч Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны 41 дүгээр цэцэрлэгт очсон юм. Тус цэцэрлэг энэ жил хоёр настай 60 хүүхэд авч байгаа бөгөөд өнгөрөгч жил 105 хүүхэд цэцэрлэгийн танхимаас сургуулийн ширээнд шилжсэн гэнэ. Энд мөн л нам гүм байсан бөгөөд багш, хорооны хэсгийн ахлагч, эцэг эхчүүдийн төлөөллөөс бүрдсэн бүрт­гэлийн баг ажлаа дуусчихаад өдрийн цайгаа уухаар гарах гэж байхтай таарсан юм.

Биднийг очих үед гурван залуу хүүхдээ бүртгүүлэхээр сууж байсан бөгөөд бүгд хүүхэд нь ахлах бүлэгт орж байгаа аж. Бүртгэлийн багийнхан залуусыг “Хүүхдээ ирж бүртгүүлдэг нийгмийн идэвх сайтай мундаг аав нар” гэж магтахаа ч мартсангүй. Учир нь тус цэцэрлэгт шинээр бүртгүүлэх л гээгүй бол заавал ирж бүртгүүлэх шаардлагагүй бололтой.

Гэхдээ мэдээж оршин суугаа хаяг болон холбоо барих утасны дугаар зэрэг нь өөрчлөгдөөгүй бол шүү дээ. Ийнхүү өдөржин цэ­цэр­­лэгүүдээр явсны эцэст Багшийн хөгжлийн орд­ныг зорьж Сургуулийн өмнөх боловсролын мэргэ­жилтэнтэй уулзлаа. Тус газрын мэргэжилтэн Б.Мөнх­заяа одоогоор нийслэлт төрийн өмчийн 178 цэцэрлэг байгааг хэлээд шинээр 100 хүүхдийн багтаамжтай канад технологиор барьсан 17 цэцэрлэг ашиглалтад орох гэж буйг дуулгасан юм. Харин актлагдсан цэцэрлэгийн тоо энэ жил нэмэгдээгүй байна.

Түүнээс цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлж чадаагүй иргэд яах ёстой талаар асуухад “Бүртгэлийн асууд­лыг эрхлэгч нар нь комисс гаргаж ажилладаг болохоор бидэнд тэр бүр хянах боломж байдаггүй. Гэхдээ элсэлт, бүртгэлийн тухай зөвлөмж хүргүүлдэг. Иргэдээс хүүхдээ бүртгүүлж чадсангүй гэх зэрэг олон төрлийн гомдол өдөржин ирж байна” гэснээр бидний сурвалжлага ч өндөрлөж редакцруугаа хөдөллөө. Эцэст нь гэж хэлэхэд гурван шөнө нойргүй хоноод тусыг олоогүй бол хүүхдээ харуулах эмээ хөлсөлж авахыг зөвлөе.
Өглөөний сонин
М.Санчир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.