Эрх танхил багачууд эрхээ эдэлж, инээд цалгисан долоо хоног
Өнгөрч буй долоо хоног гэрэлтэй гэгээгтэй үйл явдлаар дүүрэн долоо хоног байлаа.

Хүүхэд багачуудын хамгийн их хүсэн хүлээдэг Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу "Хүүхдийн баяр" өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө.

1925 онд Швейцар улсын Женев хотноо чуулсан “Хүүхдийн сайн сайхны төлөө Дэлхийн улс орнуудын чуулга уулзалт”- аас уриалан, жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн эрхийн олон улсын өдөр” гэж зарласан түүхэн үйл явдлаас хойш, Дэлхий хэмээх гайхамшигт цэнхэр гарагийн хүмүүн төрөлхтөн бид ирээдүйн эзэн хүүхдийн эрхийг дээдлэн хүндэтгэж, эдүгээ 93 дах удаагаа тэмдэглэж байна.

Монгол Улс маань ч 1952 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн, энэ өдрийг “Хүүхдийн баяр” хэмээн нэрлэж, үр хүүхдийнхээ төлөө цаг зав, сэтгэл оюун, халуун дулаахан хайраа бүтэн зориулах баярт мөчүүдийн нэг болгон, эх үрсээрээ, гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэхэд төр засгаас онцгойлон үзэж, амралтын өдөр болгон тэмдэглэж, 66 дахь жилийг угтлаа.
 
"Монгол хүүхэд" арга хэмжээ боллоо
 
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Монгол хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээ Сүхбаатарын талбайд өчигдөр болж өнгөрлөө. Хүүхдийн баярын тус арга хэмжээнд хүүхэд багачууд өргөнөөр оролцож, өнгө өнгөөр гоёсон хүүхдийн инээдээр төв талбай бялхаж байлаа. Баярын үйл ажиллагаанд МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Үасгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, УИХ, ЗГ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, хүүхэд багачууд нийслэлийн иргэд оролцлоо.
 
ШХАБ-д элсэх эсэх асуудлаар хаалттай хуралдав
 
Эдийн засгийн форумын үеэр ШХАБ-тай харилцах харилцаагаа өргөжүүлэх бодлого барих нь зөв гэх утгаар байр суурийг Ерөнхийлөгч илэрхийлсэн билээ. Тэрбээр энэ сарын 9-10-ны өдрүүдэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцохоор явах юм. Үүнтэй холбогдуулан Монгол Улс ШХАБ-д элсэх эсэх асуудлаар УИХ-ын чуулган хаалттай хуралдсан юм.
 
Чуулганаар уг асуудлыг хаалттай хэлэлцэхээс өмнө эрх баригч намын бүлэг ээжит бусаар хуралдсан ч саналаа нэгтгэж чадаагүй билээ.
 
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэхээр болов
 
Өнгөрч буй долоо хоногт олон нийтийн анхаарлыг татсан нэг зүйл бол хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох уу, хамрах хүрээг нь нэмэгдүүлэх үү гэдэг асуудал байв. Тэгвэл УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудлыг хэлэлцэж гишүүдийн олонх хүүхэд бүрт биш харин зорилтод бүлгийн хүүхдүүдийн хамрах хүрээг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг дэмжлээ.
Өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр бэлэн мөнгөөр олгох тухай, хоёр дахь заалтад хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохтой холбогдуулан холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгах асуудлын талаар тусгажээ. Ингээд тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68 хувь нь дэмжиж уг тогтоол батлагдсан юм.
 
Төрийн албан хаагчид интернэт ашиглахыг хориглов
 
Засгийн газраас Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчид ажлын байранд төрийн албаны интернэт сүлжээгээр олон нийтийн сүлжээ, онлайн тоглоомын болон видео сан бүхий сайтууд (Facebook, Twitter, Youtube, Instagram, Steam гэх мэт) ашиглахыг хориглосон тогтоол гаргав. Энэ нь Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилготой бөгөөд уг тогтоолын хэрэгжилтэд ТЕГ-аас хяналт тавих юм байна. 
Үндэсний их баяр наадам зохион байгуулах төсвийг батлав
 
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилий ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад 2 тэрбум 981 сая төгрөг зарцуулна. Үүний 2 тэрбум 90 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс, 390 саяыг баяр наадмын үйл ажиллагааны орлогоос, 500 саяыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар боллоо.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороод 3 тэрбум 945 сая төгрөг шаардлагатай гэсэн санал ирүүлснийг хянаж ийм шийдвэр гаргасан байна.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.