Нэг бүс-Нэг зам хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам эхэллээ

Монгол, Хятад хоёр орны биеийн тамир, спорт, хүмүүнлэгийн үйл ажиллагааг цаашид эрчимтэй хөгжүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Гранд Чайна Спортс” наадмыг 2018, 2019, 2020 онуудад Монголын Үндэсний Паралимпийн хороо, “Гранд Чайна” компани (Тиан Жин ХХК), Монгол-Хятадын биеийн тамир, спортын холбоо, Монголын Тусгай Олимпийн Хороо, Монголын Дифспортын Хороо, Пара спортын холбоод, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын холбоодтой хамтран зохион байгуулахаар болоод буй.
 

 

 

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд паралимпийн хөдөлгөөнийг таниулан, сурталчлах, паралимпийн спортод татан оролцуулах, залуу тамирчдын авьяасыг нээн илрүүлэх, амьдралын зөв дадал хэвшилтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой уг наадам өнөөдөр Спортын төв ордонд нээлтээ хийлээ. Нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжмц, Монголын үндэсний паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Шин Хай Мин, БНХАУ-ын Элчин сайдын яамны Соёлын зөвлөх Ли Вэй, “Гранд чайна спортс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Хоу Да Вей тэргүүтэй албаны хүмүүс оролцож үг хэллээ. 

 

 

 

 

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, “Нэг бүс-нэг зам” санаачилгын хүрээнд спортын наадам зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулж, тэдний ирээдүйд гаргах амжилт, урам зоригийг тэтгэж, бадрааж өгч буйд БНХАУ-ын Засгийн газар, БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчид сайдад улсынхаа өмнөөс мөн нийт багш, сурган хүмүүжүүлэгчдийнхээ өмнөөс халуун талархал илэрхийлж байна. Өнөөдрийн энэ наадам ойрхон байгаа Токиогийн олимпт паралимпийн тамирчид маань амжилт үзүүлэх анхны гараа байхыг үгүйсгэх аргагүй. Нийт тамирчиддаа амжилт хүсье” гэсэн бол БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Шин Хай Мин, “БНХАУ-ын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудалд маш их анхаарал хандуулж байгаа. Түүний нэг хэсэг нь өнөөдрийн наадам. Удахгүй 300 хүүхдийн багтаамжтай Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв байгуулагдах гэж байгааг дуулгахад мөн таатай байна. Та бүхнийг тэмцээндээ амжилт үзүүлэхийг хүсье” гэсэн юм.  

 

 

 

 

 

Энэ сарын 31-нийг хүртэл гурван өдөр үргэлжлэх Нэг бүс-Нэг зам хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам найман төрлөөр зохион байгуулагдах бөгөөд нийт 500 гаруй өсвөрийн тамирчид, 90 гаруй шүүгчид болон 60 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулах хороо, сайн дурын ажилтан хамрагдах юм.

Монгол улсад анх удаа зохион байгуулж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадмын хөтөлбөрт паралимп, дифлимпийн болон тусгай олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг спортын төрлүүдийг оруулсан нь хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхдүүдийг хамруулах боломжийг нээж өгч буйгаараа ач холбогдолтой юм. 

БСШУСЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.