Хисако Кояма: Малчин хүнтэй сууна гэж ерөөсөө бодоогүй

Энэ удаагийн дугаартаа Хисако Кояма хэмээх сонирхолтой зочныг урьж ярилцлаа. Тэрбээр Н.Бадамсамбуу гэх малчин залуугийн гэргий болоод арав гаруй жил Монголд амьдарч буй бүсгүй билээ.

- Таныг монгол залуутай гэрлэж, хөдөө мал маллан амьдарч байгаа гэхээр их сонирхол татлаа. Ингэхэд та хоёр хэрхэн танилцсан тухай асуултаар ярилцлагаа эхэлье?

- Бид хоёр монголд нэг газарт ажилдаг байсан юм. Би жуулчны баазад хэлмэрч хийдэг байлаа. Mанай нөхөр морины хөтөч хийдэг байсан. Тэр надад морь унуулж, хамтдаа айраг ууж, тарваганы мах иддэг байсан. Тэр үеэс л бие биедээ дасч, ойр дотно болсон доо /инээв/.

- Өөрийг тань монгол залуутай суух болсонд эцэг эх тань хэрхэн хүлээж авсан бэ?

- Аав, ээж хоёр нэг их тоогоогүй ээ. Ер нь тэд маань "Миний охин хүнтэй суу" гэж их санаа тавьдаг байлаа. Учир нь нас 32 хүрчихлээ, гэрлэлт чинь оройтох нь гэсэн дээ тэр байх.

Тэгээд гэрийнхэндээ монгол хүнтэй гэрлэх гэж байгаагаа дуулгатал их сайхнаар хүлээж авсан. Удалгүй аав, ээж минь биднийг хуримаа хийхийг зөвлөсөн дөө.

- Өмнө нь монгол хүнтэй гэрлэнэ гэж төсөөлж байв уу?

- Анх Монгол оронд зочилж ирэхэд энэ орны бүх зүйл надад сайхан сэтгэгдэл үлдээсэн учраас монгол хүнтэй суух юмсан гэсэн бодол жаахан байсан. Гэхдээ хөдөөний малчин хүнтэй сууна гэж ерөөсөө бодоогүй.

- Та хоёр нэг хүүтэй байх аа. Хүүгийнхээ тухай яриач. Япон хэл мэддэг үү?

- Бидний хүүг Б.Наранхүү гэдэг. Японоор сайн ярьдаг. Одоо "Халх сэтгэмж" сургуульд сурдаг. Хүү маань уншиж бичдэг болчихсон юм чинь одоо сургуульд явахгүй аав шигээ малчин болно гээд байгаа /инээв/. Тэр бас морь унах их дуртай.

- Алс хол газар байгаа болохоор та Япон орноо, аав ээжийгээ их санана биз?

- Өө их санахгүй ээ. Анх бид хоёрыг нэг гэр бүл болоход Төв аймгийн Өндөр ширээт суманд Япон руу холбоо барих гар утасны сүлжээ ч байхгүй байсан. Тэр үед аав ээж рүүгээ ярьж болохгүй жаахан хэцүү байлаа.

Гэтэл 1-2 жилийн дараа манай суманд сүлжээ тавигдаж Япон руу шууд холбогддог болсон. Мөн би хааяа нутаг руугаа аав ээж дээрээ очдог болохоор тэр талаар бараг санаа зовдоггүй ээ.

- Монгол эрчүүд болон япон эрчүүдийн ялгаа юун дээр тод илэрч байна вэ?

- Япон эмэгтэйчүүд нөхөрт гараад бүх л цаг заваа нөхөр хүүхэддээ зориулдаг. Ажил хийх нь ховор. Монгол эмэгтэйчүүд биднийг бодоход ажиллах, хөдөлмөрлөх тал нь илүү нээлттэй юм билээ.

Манай нөхөр бол зав л гарвал надтай хамт байхыг хүсч, найзуудтайгаа юм яриад сууж байхад байсхийгээд л утсаар залгаж, "Чи хаана байна, ирэх болж байна уу" гэж асуудаг /инээв/. Харин Япон эрчүүд эсрэгээрээ "Өө ашгүй би ганцаараа гэртээ үлдлээ" гээд зурагт үзэж, пиво уугаад л тааваараа байдаг.

- Та хоёр хэл ярианы хувьд хэрхэн ойлголцдог байсан бэ?

- Би японд байхдаа монгол хэл багагүй үзчихсэн байсан. Эхний үед ганц хоёр үгээр л ойлголцдог байлаа. Түүнээс хойш Монголд олон жил болсон болохоор бид одоо сайн ойлголцож байгаа.

- Монгол ахуй амьдрал дотор ороод ирэхээр хийж чадахгүй ажил их таарч байсан байлгүй?

- Тийм ээ. Нэг удаа нөхөр намайг аргалд явуулахаар нь би мэдэлгүй хуурай аргал биш, шуудай дүүрэн нойтон аргал түүгээд ирсэнээс болж нөхөр намайг багагүй зэмлэсэн / инээв/.

Бас нэг удаа манайх хонь гаргахад би гэдсийг нь цэвэрлэсэн юм. Тэгсэн чинь чанасных нь дараа хүмүүс идчихээд "Яасан гашуун амттай юм бэ" гэхээр нь би "Намайг ёстой уучлаарай. Би угаасан юм" гэсэн чинь "Тийм байх аа" гээд л бүгд инээлдээд байсан /инээв/.

- Та ер нь монгол хоол хийхдээ хэр байсан бэ. Манай үндэсний хоолноос аль нь илүү таалагддаг бол?

- Би цуйванд их дуртай. Эхэндээ намайг монгол хоол хийгээд очихоор нөхөр маань "Жаахан амт муутай байна" гэж хэлэхэд надад их хэцүү байдаг байлаа. Заримдаа сонин сонин хоол хийхэд "Зүгээр, аваад ир" гээд чимээгүй иддэгт нь би их баярладаг.

Нэг өдөр бууз хийх болоод их сандарч билээ. Гурил элдэх, мах татах ажил зэрэг явагдаж байсан болохоор надад амаргүй байсан. Тэр үед манай хажуу айлын хүүхэд мах татаад, манай нөхөр гурил зуураад л, цагаан сарын бууз хийж байгаа юм шиг бүгдээрээ ширээ тойрч суугаад хоолоо хийж билээ.

Харин хуушуур хийж сайн чадахгүй болохоор "Чи хоол хийлгүй, хүлээж байгаарай. Орой ирээд тусалъя" гэж хэлдэг. Тэгээд бид хамтдаа хоолоо хийдэг. Энэ бүхэн надад үнэхээр сайхан санагддаг даа. Манай японд бол хоол хийх ажил зөвхөн эмэгтэй хүний үүрэг байдаг юм.

- Цагаан идээ бас хийж байсан биз?

- Би цагаан идээ сайн хийж чадахгүй. Ямаагаа саагаад л тараг бүрж чадна. Ганц удаа ааруул хийсэн чинь жаахан түлчихсэн. Нөхөртөө миний хийсэн анхны ааруул гээд өгтөл, гашуун амтагдсан юм байлгүй "Ямаанд өг" гэсэн /инээв/.

- Хөдөө байхдаа олон найз нөхөдтэй болов уу?

- Тийм ээ. Тэд намайг хотод ажлаа хийгээд байж байхад "Нөхөртөө очиж туслаач. Юу хийгээд байгаа юм" гэж утсаар ярьдаг байлаа /инээв/. Монгол эмэгтэйчүүд мундаг ажилсаг шүү дээ. Надад ямаа саах, юм оёх гээд олон ажил зааж өгсөн.

- Ер нь Монгол хүмүүсийн ямар зан чанар танд илүү ихээр таалагдсан бэ?

- Монгол хүмүүсийн хоорондоо маш элгэмсэг дотно, тусархаг зан чанарууд нь надад их таалагдсан.

- Тэгвэл таагүй сэтгэгдэл төрүүлсэн зан чанарууд гарч байх юм уу?

- Нэг удаа би Улаанбаатар хотод их дэлгүүрийн тэндээс такси хөлслөөд явсан юм. Тэгээд буугаад мөнгөө төлөх болоод би "Хэд гарсан бэ" гэж асуусан чинь 20 мянга төгрөг гэж хэлсэн. Би гайхахдаа "Яагаад" гэсэн чинь "Бензиний үнэ нэмэгдсэн шүү дээ" гэж хэлсэн.

Урьд нь би яг тэр газраар таксидаад явж байхад 3000 төгрөг гарч байсан юм. Тэгээд хэсэг бодож байгаад 3000 төгрөгөө өвөр дээр нь чулуудчихаад зугтаагаад яваад өгсөн. Монгол хүмүүс гадаад хүн гэхээр л их мөнгөтэй гээд ойлгочихсон юм шиг байна лээ /инээв/.

- Япончуудыг манай ард түмэн байгалийн гамшиг ч юм уу ямарваа нэг гэнэтийн зүйл тохиолдоход их уужуу тайван байдгийг гайхдаг?

- Гэнэтийн гамшиг тохиолдоход хэн ч сандарна шүү дээ. Бид ч гэсэн сандарна. Зүгээр л зарим хүмүүс сандарлаа гээд юу ч өөрчлөгдөхгүйг мэддэг болохоор тайван байдаг байх.

- Бас танай ард түмний ажилсаг хөдөлмөрч зан чанарыг манайхан их үнэлдэг?

- Япончууд бүгдээрээ ажилсаг биш ээ. Тэнд ч бас өдөржингөө гэр зуураа цаг нөгцөөж амьдардаг залхуу хүмүүс байдаг. Ажилсаг, хөдөлмөрч хүмүүс ч байдаг. Тэр тал дээр бол бид бараг адилхан.

- Та урлагт хэр элэгтэй вэ. Тухайлбал дуу хөгжимд?

- Өө урлаг талд бол ёстой маруухан. Надаас монгол хүмүүс японы "Зуурдын сэтгэл" киноныхоо дууг дуулаад өгөөч гэж гуйж байсан. Даанч нөхөр, хүү, бид гурвуулаа дуулж чаддаггүй. Найр наадам юм уу, нийтийг хамарсан арга хэмжээнд дуулна гэдэг бидний хувьд хэцүүхэн асуудал байдаг.

- Гэр бүлтэйгээ японд амьдрах бодол байдаг уу?

- Хүүгээ сургуульд орохоор Японд амьдарна гэж боддог байсан. Тийшээ очиж амьдрах санал тавихад манай нөхөр ч зөвшөөрсөн. Тэгээд би нөхрөө хонинд явахад нь япон үсэг бичиж өгөөд зөндөө заасан юм.

Даанч сураагүй /инээв/. Хүүгээсээ "Япон руу явах уу" гэж асуусан чинь дургүй байна лээ. Яваандаа хүүгээ том болохоор нь хөдөө амьдрах хүсэлтэй байгаа.
Нийслэл таймс
А.Батнасан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol huu 2014-08-26 01:48:49
    Saihan yariltslaga baina. Tand bolon tanai ger buld az jargal husye. Yapon humuus tsaanaa l neg nudend dulaahan humuus shuu. Daanch Yapon Mongoltoi hil zalgaa bish yum daa.
    73.39.197.64
    Мэдэгдсэн Хариулах