Танилц: Цэцийн шинэ гишүүд
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон нэр дэвшигчдийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав.



Ерөнхийлөгч захирамж гаргаж Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нэр дэвшигчдийг санал болгосон бөгөөд энэ саналаа тавдугаар сарын 18-ны өдөр УИХ-д хүргүүлсэн байна.

Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлжээ.



Нэр дэвшигч Б.Буяндэлгэр 1960 онд төрсөн. 1984 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг төгссөн, хуульч мэргэжилтэй. 1990-1992 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат, 1991-1993 онд Дорнод аймгийн Залуучуудын холбооны тэргүүн, 1993-2008 онд “Нугын гол” ХХК-ийн захирал, 2008-2012 онд УИХ-ын Тамгын газрын Судалгаа, шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтэст ахлах референт, 2015 оноос “Дорнын тал экологи” ХХК-ийн захирлаар ажиллаж буй юм байна. 1992-1996, 2004-2008, 2012-2016 онуудад Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр нийт гурван удаа сонгогдон ажиллажээ.

Нэр дэвшигч Г.Туулхүү 1961 онд төрсөн. 1982 онд Дархан-Уул аймгийн Политехникум, 1990 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Хуульч мэргэжилтэй.



1982-1983 онд Инженер хайгуулын товчоонд техникч геологич, 1990-1998 онд Дархан хотын Давж заалдах шатны шүүхэд Ардын шүүгч, шүүгч, 1998-2001 онд Гаалийн ерөнхий газрын Хяналт шалгалт, хэрэг бүртгэлийн хэлтсийн дарга, 2001-2002 онд Шийдвэр гүйцэтгэх газарт дэд дарга, 2007-2009 онд Шийдвэр гүйцэтгэх газарт Мэргэжлийн хяналт, тоо бүртгэл хариуцсан дэд дарга, Шийдвэр гүйцэтгэх газрын дарга, 2009-2014 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, 2015-2016 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, 2016-2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэлийн асуудал эрхэлсэн дэд дарга, 2017 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны даргаар ажиллаж буй юм байна.



Нэр дэвшигч Ц.Нанзаддорж 1962 онд төрсөн. 1987 онд ОХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль, 1991 онд Засгийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн институт, 2004-2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн. Хуульч мэргэжилтэй. 1996-2000 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга, газрын дарга, 2000-2004 онд “Гурван гол” ХХК-д дэд захирал, 2004-2010 онд Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга, 2010-2012 онд “Гурван гол холдинг” ХХК-д дэд захирал, 2012-2013, 2015-2016 онд Төрийн өмчийн хорооны дарга, 2016 оноос “BOD” ХХН хуулийн формд хууль зүйн зөвлөхөөр ажиллаж буй юм байна.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарыг дэмжин, бүрэн эрхийнх нь хугацаа дууссан Д.Наранчимэг, Н.Жанцан, Т.Лхагваа нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Даваасүрэн, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусаад нэлээд хугацаа өнгөрөөд байхад яагаад нэр дэвшигчдийн нэрийг оруулж ирээгүй юм бэ хэмээн асуусан.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Нэр дэвшүүлсэн гурван хүний хоёрынх нь хугацаа жил орчмын өмнө, нэг хүнийх сая тавдугаар сард дууссан. Өнгөрсөн жилийн тавдугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулсан байсан. Түүнтэй холбоотойгоор өмнөх ерөнхийлөгч хүн нэр дэвшүүлээгүй сонгуультай золгосон. Сонгуулийн дараа шинээр сонгогдсон Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн асан Д.Бурмаагийн нэрийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд дэвшүүлсэн ч Байнгын хорооны хуралдааны үеэр дэмжигдэхгүй нь тодорхой болсон учир нэр дэвшигчийн талаархи саналаа татсан байгаа. Ингээд гурав дахь хүний бүрэн эрхийн хугацаа дууссантай зэрэгцээд нэг мөр гурван хүний нэрсийг танилцуулж байна. Бүрэн эрхийн хугацаа дуусангуут нэр дэвшүүлэх тухай Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заалт байхгүй юм байна гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Үндсэн хуулийн цэцийн гишүүд Үндсэн хуулийн манаач нар гээд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар 1990 онд Үндсэн хуулийг батлалцаж явсан хүний хувьд юу гэж бодож байна вэ хэмээн нэр дэвшигч Б.Буяндэлгэрээс тодруулсан бөгөөд нэр дэвшигч Б.Буяндэлгэр, санал нийлэхгүй ганц нэг зүйл бий хэдий ч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг үндсэнд нь дэмжиж байгаа гэлээ.

Гишүүд нэр дэвшигчдэд шударга, зарчимтай, улстөржилгүй ажиллаж, Үндсэн хуулийн манаачийн үүргээ сайн биелүүлээрэй хэмээн захьсан. Ийнхүү хэлэлцсэний эцэст санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нэр дэвшигч Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжиж, бүрэн эрхийнх нь хугацаа дууссан Д.Наранчимэг, Н.Жанцан, Т.Лхагваа нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөллөө.

Ш.Солонгыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

Дараа нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх асуудыг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшсэнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ нэр дэвшигч Ш.Солонго Сонгуулийн ерөнхий хороонд гаргасан байна.  

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн нь Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлыг давхар гүйцэтгэхийг хуулиар хориглосон байдаг тул тэрбээр Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ийнхүү гаргасан болохыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хуралдаанд танилцууллаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүд Ш.Солонгыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөхийг санал нэгтэй дэмжсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва үг хэлсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Ш.Солонгыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөхийг дэмжсэн юм.

Үргэлжлүүлээд Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох асуудлыг хэлэлцлээ.

УИХ-аас санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн талаар УИХ-ын дарга М.Энхболд танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээл шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заажээ. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно” гэж заасан байдаг.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан УИХ-ын дарга тавдугаар сарын 21-ний өдөр Төрийн байгуулалтын байнгын хороонд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Ш.Солонгын нэрийг дэвшүүлэх тухай албан тоот хүргүүлж, хэлэлцүүлсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцэн, нэр дэвшигчийг дэмжсэн тул Монгол Улсын Их Хурлын даргын 107 тоот захирамж гарган Ш.Солонгыг албан ёсоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах саналаа Хууль зүйн байнгын хороонд хүргүүлжээ.




Нэр дэвшигч Ш.Солонго нь 1962 онд төрсөн. Тэрбээр 1984 онд Москвагийн Их сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж, 1994 онд Тайваньд Зах зээлийн худалдааны хууль тогтоомжийн, 2000 онд Австри Улсад захиргааны шийдвэрийн нөлөөллийн, 2005 онд ХБНГУ-д захиргааны ерөнхий хуулиар тус тус мэргэшил дээшлүүлжээ. Хуульч мэргэжилтэй, гавъяат хуульч цолтой. 1984-1992 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтэст мэргэжилтэн, 1992-1994 онд Засгийн газрын Тамгын газарт дэс түшмэл, тасгийн дарга, 1994-2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт түшмэл, Засгийн газрын ахлах референт, 2000-2008 онд мөн газарт Хуулийн хэлтсийн дарга, 2008 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа аж. Төрийн албанд 34 жил ажилласан Ш.Солонгыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх шалгуурыг бүрэн хангасан гэдгийг УИХ-ын дарга танилцуулгынхаа үеэр онцолсон.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүд төрийн албанд 34 жил ажиллахдаа зарчимч чанар гэж юу болох, төрийн албанд хэрхэн шударгаар ажиллахыг Ш.Солонго өөрийн биеэр харуулсан хэмээгээд Үндсэн хуулиа хатуу барьж ажиллах уур амьсгалыг цэцийн танхимд бүрдүүлж ажиллаж чадах хүн гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн.

Эцэст нь санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжиж, бүрэн эрхийнх нь хугацаа нь дууссан Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөллөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • china 2018-06-01 02:58:31
    tsagaani nanzaddorj geech xujaa ingeed toroor toglood toriin xamgaalaltand Zi giin buyanaar ordogiin baijee
    69.75.108.82
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-27 14:44:07
    Энэ арай дэнднээ.
    66.181.186.189
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-25 12:32:21
    Буяндэлгэр харин ард түмэн сайн мэдэхгүй ч боловсролтой, Үндсэн хууль батлалцсан боловсрол мэдлэгтэй боломжийн хүн шүү. Нөгөө хоёр нь арай арай.
    202.120.234.75
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-25 06:03:25
    Нанзаддорж Баттулгад баахан улсын объeкт үнэгүйдүүлж хувьчилж өгснийхөө хариуг ч сайн авч байна даа. Хэрэг хуучрахгүй дээ. Ард иргэд чинь бас нүдтэй, чихтэй шүү...
    112.72.11.105
    Мэдэгдсэн Хариулах
  • Инженер 2018-05-25 03:05:13
    Сугарыг шоронд нь томил
    139.5.216.100
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-25 01:48:19
    Gydamjnii tuvshind ynalaa daa.
    66.181.186.223
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-24 19:59:31
    Нанзаддоржоос өөр хүн олдохгүй байна уу эсвэл Нанзаддоржийг баттай хамгаалалтад авахаас өөр аргагүй байдалд орчихоод байгаа юмуу.
    203.91.115.37
    Мэдэгдсэн Хариулах
  • like 2018-05-24 14:46:05
    yahav dee bas dajgui l humuus bna
    202.21.106.168
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2018-05-24 14:01:17
    СОЛОНГО ДОО БАЯР ХҮРГЭЖ АМЖИЛТ ХҮСЬЕ,,,, ЧИ МУНДАГ ШҮҮ
    112.72.14.116
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-24 09:06:11
    solongoos busad ni yaanan be
    202.21.106.134
    Мэдэгдсэн Хариулах