Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс мэдээлэл хийлээ
Шүүх хуралдаанаас гарч байгаа шийдвэрийг олон нийтэд нээлттэй болгох зорилгоор нийт шүүхүүдэд шүүх хуралдааны явцын дуу дүрс бичиж архивлах төхөөрөмжийг суурилуулжээ. Дээрх ажлыг хийснээр шүүх хуралдааныг сонирхогч нь өөр танхимд байрлуулсан дэлгэцээр хуралдааны үйл явцыг шууд үзэх боломжийг олгож байгаа аж. Түүнийг дагаад шүүх хуралдааны ил тод нээлттэй байх зарчим хангагдаж, шүүх хуралдааны бүхий л үйл явцыг харуулсан дуу, дүрс бичлэгийн архивын сан бүрдэж, хэргийн оролцогчид, иргэд хэдийд ч тэр бүгдтэй танилцах боломжтой болсон байна. Энэ талаар өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
 
Мэдээлэл, технологийн шинэчлэлт хийснээр шүүх ил тод нээлттэй болж,
үйлчилгээ нь иргэдэд ойртлоо
 
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр сар тутмын "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлаа "Шүүхийн мэдээлэл технологийн шинэчлэлт”, "Шүүхийн аюулгүй байдал” сэдвээр Тахарын ерөнхий газартай хамтран зохион байгууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргаа удирдлагын газрын дарга Ж.Бат-Амгалан, Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг нар Шүүхийн мэдээлэл технологийн чиглэлээр хийсэн шинэчлэлтийн талаар мэдээллээ. 

Шүүхийн тухай багц хууль 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлснээр шүүхийн үйл ажиллагааны техник, технологийн боломжуудыг нэмэгдүүлж, шүүхэд мэдээллийн технологи, програм хангамж, техник хангамжийн сайжруулалт, шинэчлэлт нэвтрүүлж иргэд, олон нийтийн зүгээс шүүхийн үйл ажиллагаанд тавих хөндлөнгийн хяналт бий болгон, шүүхийн үйл ажиллагааны талаар үнэн зөв ойлголттой болох боломж бүрдүүлэх шаардлага тулгараад байна. Шүүхийн үйл ажиллагаа нь иргэд олон нийт рүү чиглэсэн дараах ажлыг хийж гүйцэтгээд байна. Нийт шүүхүүдэд шүүх хуралдааны явцын дуу дүрс бичиж архивлах төхөөрөмж суурилууллаа. Дээрх ажлыг хийж гүйцэтгэснээр хурлын тэмдэглэл үнэн зөв гарах, шүүх хуралдааныг сонирхогч иргэд өөр танхимд байрлуулсан дэлгэцээр шууд үзэх боломжийг олгосноор шүүх хуралдааны ил тод, нээлттэй байх зарчим хангагдаж, шүүх хуралдааны бүхий л явцыг харуулсан дуу, дүрс бичлэгийн архивын сан бүрдэж, хэргийн оролцогчид, иргэд хэдийд ч танилцах боломжтой боллоо. 21 аймаг болон багануур дүүрэгт байрлах шүүхүүдэд видео хурлын систем нэвтрүүллээ.

Видео хурлын төхөөрөмж суурилуулсан нь бүх төрлийн сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг зайнаас хийдэг болж өргөн уудам нутаг дэвсгэр, дэд бүтцийн онцлогоос үүдсэн бэрхшээлийг шийдвэрлэх, эдийн засгийн хэмнэлттэй ажиллах боломж бүрдэнэ. Тойргийн журмаар бүсчлэн байгуулагдсан давж заалдах шатны шүүх хуралдаанд тухайн бүс нутагт амьдардаггүй хэргийн оролцогч, гэрч болон бусад холбоотой хүмүүсийн мэдүүлгийг тухайн амьдарч байгаа газрын шүүх хуралдааны танхимаас авч, шүүх болон иргэдийн цаг хугацаа хэмнэх, зардал чирэгдэлийг багасгах ач холбогдолтой боллоо.
 
Шүүхийн шийдвэрийн цахим сан www.shuukh.mn-г ажиллуулж байна

Нээлттэй шүүхийн толь болох шүүхийн шийдвэрийн цахим сан www.shuukh.mn-г ажиллуулж байна. Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах, эрдэмтэн, багш, судлаач, хуульчдад судалгааны ажил хийх, оюутан сурагчдад гарын авлага болгох, хуулийг нэг мөр, зөв хэрэглэх, жишиг тогтоох зорилгоор шүүхийн шийдвэрийн цахим санг олон нийтэд нээлттэй ажиллуулж байна. Уг цахим санд 2011 оноос хойшхи нийт анхан шатны шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэх (цагаатгах) тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолыг байршуулсан бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцтай холбоотой шийдвэрээс бусдыг татан авах боломжтой бөгөөд нийт 100 гаруй мянган шийдвэр байршуулаад байна. Шүүхийн захиргаа буюу захиргааны удирдлага, хүний нөөц, санхүү, сургалт, судалгаа, гадаад харилцааны болон бүх төрлийн мэдээллийг тухай бүр нь цахим хуудсаар /www.judcouncil.mn/ мэдээлж байна. Шүүхийн захиргааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6 дахь заалтад "шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтийн саналыг бичгээр болон цахим хэлбэрээр авах ажлыг зохион байгуулна” гэж заасны дагуу энэхүү цахим хуудсаар дамжуулан олон нийт саналаа цахим хэлбэрээр /contact@judcouncil.mn/ илгээх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Faсеbоок хуудаст санал сэтгэгдлээ илэрхийлэх, Yоutubechanel-д хандан иргэд олон нийтэд чиглэсэн бүх төрлийн нэвтрүүлэг, шторк үзэх, нийт шүүхүүдийн цахим хуудас, байршил, хэргийн харъяалал, холбоо барих хаяг зэргийг үзэх боломжтой боллоо.
 
Иргэн, захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем нэвтрүүллээ

Иргэн, захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем нэвтрүүллээ. Нэгдсэн системтэй болсноор шүүхийн нэхэмжлэл, хэрэг хүлээн авах,  бүртгэх ажиллагааг хялбар шуурхай болгох, шүүгч, шүүгчийн туслах,  нарийн бичгийн даргын ажил үүргийн хуваарь тодорхой болох, анхан, давж заалдах,  хяналтын шатны шүүхийн мэдээлэл солилцоог сайжруулах, тайлан мэдээ гаргахад зарцуулдаг цаг хугацааг багасгаж,  хөдөлмөрийг хөнгөвчлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч буй процесс,  техник алдааг багасгах зэрэг олон давуу тал бий болж байна.

Энэ бүх шинэчлэл нь хэргийг шийдвэрлэх хугацааг багасгах,  хэргийн хөдөлгөөнд хяналт тавих, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны талаарх мэдээллийг хэргийн оролцогчид шуурхай авах боломжоор хангагдах,  хэргийн шийдвэрлэлтийн чанар сайжрах зэрэг давуу боломжийг бий болгож байгаа юм.
 
Тахарын албанаас шүүхүүдийн байрыг хамгаалалтад авлаа

Тахарын албаны хэмжээнд 2014 оны хоёрдугаар сараас хойш улсын хэмжээнд 10 тойргийн 31 хэсэгт эрүү, иргэн, захиргааны 59 шүүхийн 44 байрыг 24 цагийн хугацаанд 4 ээлжээр хамгаалалтад аван ажиллаж байна. Тухайлбал 1 дүгээр тойрог дахь Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймаг, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум зэрэгт 9 шүүхийн 4 байр, 2 дугаар тойрог дахь Замын-Үүд, Дорноговь аймгийн Сайншанд сум, Говьсүмбэр аймаг зэрэгт 3 шүүхийн 3 байрыг хамгаалалтад авсан байна. Мөн 3 дугаар тойрог дахь Дундговь аймаг, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Өмнөговь аймаг зэрэг 7 шүүхийн 3 байр, 4 дүгээр тойрог буюу Өвөрхангай аймаг, Архангай аймаг, Баянхонгор аймаг зэрэгт 4 шүүхийн 4 байр, 5 дугаар тойрог дахь Завхан аймгийн Улиастай сум, Говь-Алтай аймгийн Тосонцэнгэл, Говь-Алтай аймаг зэрэгт 7 шүүхийн 3 байр, 6 дугаар тойрог дахь Ховд аймгийн Булган сум, Увс аймаг, Баян-Өлгий аймаг, Ховд аймаг зэрэгт 5 шүүхийн 5 байр, 7 дугаар тойрог дахь Орхон аймгийн Эрдэнэт, Булган аймаг зэрэгт 5 шүүхийн 2 байр, 8 дугаар тойрог дахь Хөвсгөл аймгийн 1 шүүхийн 1 байр, 9 дүгээр тойрог дахь Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Сэлэнгэ аймаг, Сэлэнгэ аймгийн Сайхан сум зэрэгт 5 шүүхийн 5 байр, 10 дугаар тойрогт Улаанбаатар хот, Төв аймаг, Налайх дүүрэг, Багануур дүүрэг дэх 13 шүүхийн 13 байрыг тус тус хамгаалалтад авчээ. Нийтдээ тахарын албаны 157 ажилтан, алба хаагч дээрх шүүхүүдэд ажил үүрэг гүйцэтгэж байгаа талаар Тахарын ерөнхий газрын Хуяглан хүргэх хэлтсийн дарга Ж.Гиваасамбуу мэдээллээ.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.