О.Гэрэлтуяа: Иог бол эмгүй эмчилгээ
Монголын Иогчдын Холбооны гишүүн иогийн төв, багш нар энэ сарын 26-нд буюу бямба гарагт эх орондоо анх удаа иогийн фестиваль зохион байгуулах ажлаа бэлтгээд тун завгүй байна.

Ер нь сүүлийн жилүүдэд иогийн бясалгал, дасгал манайд хүчтэй хөгжиж иогоор хичээллэх хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Ямарваа нэгэн эрүүл мэндийн асуудалтай хүн иогт яваад цоо эрүүл болох, хагалгаанд орох гэж байсан хүнд өвчтэй хүн иогоор хичээллээд илааршсан тохиолдол цөөнгүй байна. Манайд иогийн маш олон төрөл байдаг бөгөөд зөвхөн нийслэлд  гэхэд мэргэжлийн 70 гаруй багш иогийн төвөө байгуулсан багш, сургагчаар ажиллаж байна. Иог хүнийг амар амгалан, аз жаргал, эрүүл мэнд, эрч хүч, эв нэгдэл, энх тайванд хөтөлдөг арга зам юм.

Ингээд ирэх хагас сайнд болох фестивал болон иогийн урлагийн талаар Монголын Иогчдын Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, “Мандал Иог Эрүүл Амьдрахуй Төв” -ийн захирал О.Гэрэлтуяатай ярилцлаа.


-Монголын Иогчдын Холбоо хэдэн онд байгуулагдсан бэ. Холбооны гол зорилго чиг үүрэг нь юу вэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Монголын Иогчдын Холбоо 2014 онд байгуулагдсан, иогийн багш нарыг нэгтгэсэн төрийн бус байгууллага. Холбооны дүрмэнд зорилгоо инйхүү тодорхойлсон байдаг. “Эртний иогийн тухай мэдлэгийг олон түмний хүртээл болгон дэлгэрүүлэн хөгжүүлэх, тус улс орон дахь иогийн хөгжлийг хөхүүлэн дэмжих, иогийн цогц замаар монголын хүн амыг эрүүл саруул, энх амгалан, эрч хүчтэй болгоход оршино.”

Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд байгууллага нь олон нийтэд зориулсан иогийн сургалтыг тогтмол зохион явуулах, иогийн багш нарын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт зохион явуулах, иогийн багш, багш бэлтгэх сургуулиудын стандартыг тогтоож, итгэмжлэх зэрэг үйл ажиллагаа явуулж байна. (Иогийн төвүүд нь ашгийн гэхээсээ илүүтэй нийгэмд чиглэсэн үйлчилгээ үзүүлдэг байгууллага гэж ойлгож болно.)

-Манайхан анх удаа иогийн фестивал зохион байгуулна гэхээр их сонирхол татаад байна?

-Иог бол эрүүл тайван амьдралд хөтлөх арга зам. Дэлхий дахинд олон нийт хүлээн зөвшөөрсөн оюун ухаан, бие махбодийн амралт гэж ойлгож болно. Хүний сайн сайхан амьдралыг болон дэлхийд амар амгалан байдлыг бүрдүүлэхэд иогийн сургаал, дадлагын оруулж буй хувь нэмрийг дэлхий нийтээр зүй ёсоор үнэлж хүлээн зөвшөөрөн. 2014 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Чуулганаас Олон Улсын Иогийн Өдрийг тунхаглан зарлаж, жил бүр тэмдэглэхээр болсон. Монгол ч гэсэн энэ өдрийг дэлхий нийттэй хамт дөрөв дэхь жилдээ тэмдэглэх гэж байна. Энэ арга хэмжээг угтаад манай холбоо анх удаа Иогийн Фестивалийг хийхээр бэлтгэж байна.

Олон иогийн төвийн багш нар хүчээ нэгтгээд томоохон арга хэмжээ хийнэ. Монголынхоо ард түмэнд иог гэж ийм байдгийг өөрийн биеэрээ мэдрээсэй, сэтгэлийн болоод биеийн амар амгалан эдлээсэй гэсэн чин сэтгэлээсээ хүсэн энэ арга хэмжээг зохион явуулах гэж байна.

Хамтран ажиллаж байгаа байгууллага гэвэл ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, мөн Хаан банк, Монос Хүнс, Ред Пойнт, Континентал зочид буудал манай арга хэмжээг ивээн тэтгэж байгаа.

Иогийн Фестиваль олон хүний анхаарлыг татаж байгаа. Иог хүний эрүүл мэнд, амар тайван байдалд тус нэмэртэй гэдгийг хүмүүс маш сайн ойлгодог болсон.  Нэг өдөр өөртөө зориулан иогийн гайхамшгийн бие сэтгэлээрээ мэдрэх боломжийг бид олгож байгаа юм. Мөн эрүүл амьдрахуйг сонирхсон, энэ замыг хөөсөн сонирхол нэгт олон хүмүүстэй танилцаж уулзаж, ихийг мэдэж авах болно. 

-Тухайн өдрийн хөтөлбөрийг сонирхож байна?

-Нийтдээ иогийн олон төрлийн 43 хичээлийг өглөөний нар мандахаас эхлээд нар жаргатал хийнэ. Иогийн маш олон арга байдаг. Тэрнээс гадна өөр өөрийн гэсэн онцлог түвшинтэй. Дөнгөж эхэлж байгаа хүн энгийн дасгал хийдэг. Дунд шатныхан бол арай өөр байх зэргээр ондоо юм. Тухайн өдрийн хөтөлбөр өглөө 06.30 цагаас Монгол уламжлалаараа морин хуурын аялгуунд нарны мөргөлөөр хичээлээ эхэлнэ.

Нийтдээ зургаан зааланд багш нар нэгэн зэрэг иог, бясалгалын хичээлээ заана. Тухайлбал, Хатха иог, уламжлалт анагаах ухаан ба иог, Ом бясалгал, цагирагтай иог, эмчилгээний нөхөн сэргээх иог, нүүрний иог гэх мэт олон хичээлийг мэргэжлийн багш нар заана. Иог, бясалгал нь монгол уламжлалтай, иймд бид уламжлалаа сэргээж монгол бие биелгээ, монгол наадгаа тэмцээн явуулна.  Тухайлбал, 32 цагаан лонх тоолох монгол наадгаа нь цаад утгаараа иогийн амьсгалын дасгал юм. Мөн Монгол бие биелгээ хийж, нам гүм суухад чимээ аниргүйг мэдэрч бясалгалд орох жишээтэй.



-Иог, бясалгал хоёр ондоо ойлголт уу?

-Иог гэдэг цогц ойлголт. Үүнд бясалгал, иогийн биеэрээ хийдэг байрлалууд, иогийн амьсгалын дасгалууд, иогийн цэвэрлэгээ, тарни уншлага гээд олон мэдлэг багтдаг. Бясалгалын хувьд олон төрөл, арга техникүүд байдаг. Иогийн төвийн хажуугаар маш олон бясалгалын төв Монголд үйл ажиллагаагаа явуулж байна.  

-Манайд иогийн төвтэй, түүндээ багшилдаг хичнээн төв байна вэ?

-Иог манайд хөгжөөд удаагүй байна. Гэхдээ бүр нарийн яривал 1984 онд Энэтхэг улсад иогийн анхны монгол багш төгсөөд ирж байсан юм билээ. Тэр үеэс нэгдүгээр эмнэлэгт эмчилгээний иог гэсэн төрлөөр зааж эхэлсэн гэдэг. Түүний дараа Шри Шри Амьдрах Урлаг манайд орж ирсэн. Яг тогтмол өдөр бүр иогийн хичээл заадаг төвүүд олноор бий болж хөгжиж байна. Орон нутгаа оролцуулж тоолохгүйгээр зөвхөн нийслэлд гэхэд 60-70 төв байгаа.

-Таны хувьд хэчнээн жил иогоор хичээллэж, багшилж байна вэ?

-Миний хувьд иог бясалгалаар 10-аад жил хичээллэсэн. Чанадаас халих бясалгал хийдэг. Бие болоод сэтгэл санаагаа засах гэж анх хийдэг байсан. Одоо бол эрүүл мэндийн асуудлаа бүрэн шийдвэрлэсэн. Амьдралд хүртэл том өөрчлөлт ахиц гарсан.  Өөртөө олж авсан гоё мэдлэг, мэдээлэлээ өөртөө бариад байж болдоггүй юм байна. Бусадтай хуваалцах хэрэгтэй юм байна гэж бодсоны үндсэн дээр  “Мандал Иог Эрүүл Амьдрахуйн Төв”-ийг үүсгэн байгуулж багшилж байна. 

-Эрүүл мэндийн асуудлаас болж иргэд иогт их явдаг гэлээ. Нурууны суулт, хүзүү сээрний хөшилт, тархи толгойны өвдөлтөнд үнэхээр сайнаар нөлөөлж чадах уу. Өвчнөө иогоор эмчилсэн өчнөөн асуудал бий юу?

-Иог нөлөөтэй байхаар барах уу, эмгүй эмчилгээ гэж хэлнэ. Сүүлийн үед суугаа ажил эрхэлж буй хүүмүсийн дунд нйитлэг болоод байгаа хүзүү нурууны өвчтэй хүнийг эмч нар иогт яв гэж зөвлөж байна. Нуруу өвдсөн гэх шалтгаанаар үнэтэй эмнэлгүүдэд үзүүлж харуулж явдаг. Гэтэл гэрийн хаяанд иог байж байх жишээний. Иогийн сунгалт нь  ууц нуруу, хүзүү өвдөхөөс хамгаална. Тэр ч бүү хэл хүзүү нурууны хагалгаанд орох гэж байсан хүн иогт яваад асуудлаа шийдсэн тохиолдол олон бий.

-Эмчилгээний нууц нь юунд байна?

- Хүзүү, нуруу газрын татах хүчээр дарагдаад байдаг. Тэгээд мэдрэл, жийргэвчээ дарчихдаг. Тэгэхээр иог сунгаж өгснөөр дарагдсан мэдрэлийг чөлөөлж өгдөг. Тийм үед хүний бие хөнгөн, өвчний зовиур арилж, эрүүл мэт болдог. Манайхан газрын татах хүчээр суудлын ажилдаа өөрийгөө дараад байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр иогийн амьсгал гэж маш нарийн нандин зүйл байдаг. Бид амьсгалаараа амьдралын эрч хүч, амин энергийг олж авч, амьсгалаа гаргахдаа биеэс бүх хороо гадагшуулж чаддаг. Үүний зэрэгцээ үзэн ядалт, бухимдал, айдас зэрэг сэтгэлийн сөрөг мэдрэмжүүд амьсгалаар гарч тайвширдаг.

-Муу муухай бүхнээр энергийн блок хийчихдэг улс бид. Тэгвэл түүнээсээ салахын тулд иогоор хичээллэх нь зөв гэж ойлгож болох уу?

-Болно. Сөрөг мэдээ мэдээллээр энергийн блокууд үүсгэсэн байдаг. Тэгвэл иог хийснээр энэ бүхнээс чөлөөлөгдөж эерэг чиг хандлагатай болно доо. Эрч хүчтэй болно, болж бүтэхгүй байсан ажлууд саадгүй бүтнэ. Амьдралаас таашаал авах гоё. Гэвч сүүлийн үед нийгмийн амьдралын хэмнэл, янз бүрийн мэдээллийн ачаалалаас болж хүн их стресст өртөж байна. Уур бухимдалтай яваад байвал нэг нэгэндээ сөрөг энерги өгнө.

-Иогоор хичээллэж байх үед зөв хооллолтын дэглэм барих шаардлагатай юу?

-Иогоор хичээллэснээр өөрийгөө илүү мэдэрдэг болчихдог. Бид таван мэдрэхүй гадаад орчинтойгоо харьцаад байдаг, харин өөрийнхөө дотоод ертөнцөө мартчихдаг. Хүмүүс өөртөө юу хэрэгтэйгээ гэдгээ хүртэл мэдрэхээ больсон. Иогоор хичээллэснээр өөрийнхөө дотоод ертөнц рүү өнгийх боломж нээгдэж мэдэрдэг. Ер нь бол кола, чипс, түргэн хоол, архи, тамхи хэрэгдэх, өөрт хэрэггүй хоол хүнснээс татгалзаж чаддаг болчихдог юм. Өөрөөр хэлбэл, муу зуршлаасаа салж байна гэсэн үг юмдаа. Мөн биеэ сайхан цэвэрлэж чадвал таны бие эрхтэн эрүүл байна, оюун санаа ариун болно.
 
- Бясалгалд хэрхэн яаж суралцдаг вэ?

Бясалгалын олон арга техникүүд байдаг. Тодорхой обьектод төвлөрөх, тарнитай, биеэ ажиглах гээд. Хүн бүр өөртөө тохрсон бясалгалын хэлбэрийг сонгон авч хийдэг байх.

-Иогоор хичээллэсэн хүмүүс цаанаасаа гэрэл гэгээтэй, амар амгалан, гоо сайхан талаасаа ч их гоё болсон харагддаг?

-Тийм шүү. Биед гарах өөрчлөлтүүд гэж их бий. Хүмүүс анх ирэхдээ биеийнхээ хөшүүн байдлыг арилгая, эмэгтэйчүүд нь илүүдэл жингээ хасах гэж ихэвчлэн ирдэг. Тэгээд хичээллээд явах үед эрүүл мэнд нь эрс сайжирдаг. Бие галбирт нь өөрчлөлт гарна. Бодисын солилцоо сайжирч, хоол хүнсээ тохируулаад ирэхээр аяндаа галбиржина. Нүүр царай гэрэлтэнэ, уур уцаар бухимдалгүй болно гэх мэт. Бид эс эсээ сэргээгээд ирэхээр наснаасаа ч залууждаг. Сэтгэл сайхан, бие махбод цэвэрхэн байхад нүүр царай гоё байхаас аргагүй. Дотроосоо гэрэлтэх ёстой шүү.

-Хэдий хэр хугацаанд хичээллэхэд үр дүн мэдэгдэх вэ?

-Ядаж нэг сар яваад үзэхэд тодорхой үр дүн мэдэгдэнэ шүү. Бие хөнгөрнө, намуун тайван болно. Хүмүүсийн харилцаанд гоё өөрчлөлт гарна. Бид тайван байвал орчин сайхан байна.

-Иогоор хичээллэхэд иргэд юуг анхаарах вэ?

-Иогоор хичээллэнэ гэсэн зорилго тавьсан байх ёстой. Тууштай байх хэрэгтэй. Иог бүх хүнд тохирдог. Түүнээс заавал уян байх ёстой, залуу байх ёстой гэсэн ойлголт байхгүй. Бусадтай өөрийгөө харьцуулахгүйгээр зөвхөн өөртөө таатай байдлаар хийх нь чухал. Гэхдээ багшаа зөв сонгох ёстой. Мэргэжилтэй, туршлагатай чадвартай багштай ажилласан хүн шал өөр байдаг.

-Хүн уян хатан байж иогоор хичээллэнэ. Сунгалтгүй суналтгүй хүн шантраад хаях орхих тохиолдол зөндөө байдаг байх. Ийм тэсвэр тэвчээрийн үед яах ёстой вэ?

-Нэг, хоёр хичээлд суугаад хаячихвал ямар ч үр дүнд хүрэх зорилго байхгүй гэсэн үг. Иогийн оргилыг уулын оргилтой адилтгадаг. Авирч байгаад буцвал дахиад л эхнээс авирч эхлэх болно.  Харин жааханаар ахисаар байгаад оргилд нь гарвал чи чадлаа гэсэн үг. Иогт хичээллэхээр олон хүн ирдэг. Тэр хүмүүс иогийн ашиг тусыг хүртээд гоё сайхан болоод ирэхээр гэр бүлийнхэн болон ойрчин тойрных нь хүмүүс сонирхож ирж байна. Түүнээс гадна нэг анхаарах зүйл гэвэл анх явж байгаа хүн анхан шатны хичээлдээ явах ёстой. Анхнаасаа дунд шатныхантай ороод хичээлд суухаар чадахгүй шантраад болих үе байдаг. Тиймээс өөрийнхөө түвшинд тохирсон хичээлд суух хэрэгтэй.

-Иогийн фестивалд оролцох хүсэлтэй хүмүүст хандаж хэлэх зөвлөгөө юу байна.

-Эрүүл саруул, намуун тайван, эрч хүчтэй амьдрах боломж байна шүү, та бүхэн Иогийн Фестивальд хүрэлцэн ирж энэ боломжтой танилцаарай гэж хүмүүст хандан хэлмээр байна.  Арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Иогчдын Холбооны Фейсбүүк хуудаснаас авч болно.






О.Сайханцэцэг 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus