Цэргийн бэлтгэл сургалт явагдаж байна

Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдын цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл, цэргийн 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтний цэргийн анхан шатны бэлтгэл сургалтуудыг Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн сургалтын материаллаг баазыг түшиглэн энэ дугаар сарын 16-ны өдрөөс зохион байгуулж байна.

Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн, дүйцүүлэх алба хаагчдыг Батлан хамгаалах тухай хуульд заасан иргэний үүргийн дагуу эх орноо хамгаалах бэлтгэлтэй болгох, цэргийн анхан шатны мэдлэг эзэмшүүлэх зорилгоор сургалтыг зохион байгуулж байна.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар “Монгол Улсын иргэн эрэгтэйчүүд таван төрлийн нэгээр цэргийн алба хаана гэж заасан байдаг. Орон нутгийн төрийн захиргааны байгууллагад батлан хамгаалах асуудал эрхлэсэн төрийн захиргааны төв байгууллага Батлан хамгаалах яамыг төлөөлж суугаа цэргийн штаб бол Цэргийн албаны тухай хуулийн дагуу энэ таван төрлийн албыг орон нутагт хэрэгжүүлэх үүрэгтэй. Нийслэлийн Засаг дарга, Батлан хамгаалахын сайд нар тухайн ондоо хийх ажлын гэрээг байгуулж ажилладаг. Энэ гэрээний дагуу энэ сургалт мөн явагдаж байгаа” хэмээв.

Тус сургалтад нийслэлийн есөн дүүргийн цэргийн дүйцүүлэх алба хаагч болон цэргийн 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтнүүд хамрагдаж, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан сургалтын хөтөлбөрөөр сургалтыг Цэргийн штабын офицер, ахлагч нар зохион байгуулж байна.

Цэргийн 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн Б.Өлзийпүрэв СБД-ийн 7 дугаар хорооны иргэн, их эмчээр ажилладаг. Тэрбээр “Цэргийн жинхэн алба хаах нас өнгөрсөн учир мөнгөн төлбөрөө төлөөд, өнөөдөр зэвсэгт хүчний 350 дугаар ангид хоёр дугаар зэргийн бэлтгэл үүргээ хангаж, цэргийн анхан шатны мэдлэг олж авч байна. Энд ирснээрээ галт зэвсэгтэй хэрхэн харьцах,  өөрийгөө болон эх орноо хамгаалах зэрэг олон зүйлийг сурах давуу талтай” хэмээв.

 

“Миний хувьд БГД-ийн 22 дугаар хороонд оршин суудаг. Дүүргийнхээ Цэргийн штабд өргөдөл өгч, өөрийн хүсэлтээр цэргийн дүйцүүлэх албанд ирээд байна. Энд ирээд маш олон талын мэдлэг олж авч байна” хэмээн СУИС-ийн жүжигчиний ангийн оюутан Ц.Балдан-Очир ярилаа.

 

Энэхүү сургалтад цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа 18-25 насны иргэд болон цэргийн жинхэнэ алба хаагаагүй 26-аас дээш насны цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаасан 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтнүүд хамрагдаж байна. Энэ удаагийн сургалтад оролцож байгаа цэргийн 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтний 78,8 хувь нь дээд боловсролтой, 16 хувь нь төрийн байгууллагад, 69 хувь нь төрийн бус байгууллагад ажилладаг байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.