Ажлын байрыг тогтвортой хадгалж байгаа ажил олгогчийг дэмжинэ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцлээ.





Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Ганболд ахлан ажилласан бөгөөд УИХ-ын гишүүн М.Билэгт, Д.Гантулга, Б.Саранчимэг, Б.Ундармаа нарын бүрэлдэхүүнтэйгээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төв, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон Нийгмийн халамжийн газар, Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллажээ.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар 2017 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд их дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ажилгүй байгаа иргэдийг ажлын байраар хангахад зориулж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зургаан хөтөлбөр баталж, 28708 ажлын байр бий болгосон мэдээтэй байгаа аж.

Ажлын хэсэг дээрх газруудын үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзан санаа бодлыг мөн сонссон байна.

Уулзалтад оролцсон иргэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээл олгох төсөл хөтөлбөрт хамрагдах хүсэл эрмэлзлэл их байдгаа дурдаад төсөл хэрхэн бичих сургалтыг төсөл шалгаруулалтаас өмнө үе шаттай хийж байх, мөн төслийн санхүүжилтийн дүнг нэмэх, төслийн тооцоолол хийсэн дүнгээр зээлийг олгодог байх, хэрэгжилтийн явцад эргэх холбоотой ажиллахад анхаарах хэрэгтэй байна хэмээжээ.

Ажлын хэсэг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж ажилласны үндсэн дээр тодорхой саналуудыг тусгасан Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулжээ.

Ажлын хэсгийн тайлан болоод тогтоолын төслийн талаар Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганболд танилцуулсан юм.

Ажлын хэсгээс боловсруулсан Байнгын хорооны тогтоолын төсөлд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, улс, орон нутгийн төсвөөс хөрөнгө нэмж хуваарилах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо, бичил аж ахуйн нэгжид олгодог жижиг зээлийн үйл ажиллагааг Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх сангаас жижиг, дунд үйлдвэрүүдэд олгодог зээлийн үйл ажиллагаатай харилцан шаталсан байдлаар уялдаатай байх хууль эрх зүйн орчныг бий болгох талаар тусгажээ. Мөн ажлын байрыг тогтвортой хадгалж, ажилтнаа ажилгүйдлээс урьдчилан сэргийлж байгаа ажил олгогчийг дэмжих, энэ чиглэлийн бусад шинэ туршлагыг нэвтрүүлэх талаар тусгасан байна.



Харин Нийгмийн халамжийн тухай хуулийн хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн нэр төрлийг оновчтой тогтоож, багцлах, халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэх, тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшинд хүргэж нэмэгдүүлэх, Ахмад настны асрамжийн газарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын цалингийн шатлал, зэрэглэлийг шинэчлэх асуудлыг тусгасан байна.
Түүнчлэн асрамж, халамжийн төвүүдэд амьдарч буй хүүхдүүдийг амьдрах ухаанд сургах, дээрх төвүүдээс насанд хүрээд гарч буй залуучуудыг амьдралд хөлөө олоход нь дэмжих үйлчилгээ үзүүлэх талаар тогтоолын төсөлд оруулсан байна.
Ажлын хэсгийн тайлан болоод Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Гишүүд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд ямар хэмжээний зээл олгодог, зээлийн эргэн төлөлт хэдэн хувьтай байгаа, хэдэн иргэн, аж ахуйн нэгжид зээл олгосон талаар тодруулсан. Мөн гадаадаас авах ажиллах хүчний тоог бууруулсантай холбогдуулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрөх орлого эрс багассан гэсэн үнэн үү хэмээн лавлаж байсан.



Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн хариулснаар, аж ахуйн нэгжүүдэд 20 сая хүртэл, иргэдэд бизнесээ эхлэхэд нь зориулан 10 хүртэл сая төгрөгийн зээлийг олгодог бөгөөд 2017 онд 3850 аж ахуйн нэгж, 3817 хүнд бичил, жижиг бизнесийн зээлийг олгожээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлийг сонгон шалгаруулсан банкуудад байршуулан тэднээр дамжуулан олгож буй бөгөөд зээлийн эрсдлийг олгож буй банк хариуцдаг байна. Зээлийн эргэн төлөлт 100 хувь байгаа гэсэн дүнтэй байгаа аж.

Гадаадаас авах ажиллах хүчний тоог жил бүр дараалан бууруулах бодлого Засгийн газраас барьж байгаа бөгөөд үүнтэй холбоотой Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрдөг хөрөнгө огцом биш ч багасч байгаа хэмээн салбарын сайд хэлээд дээрх санд төсвөөс тодорхой дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг дурдсан.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2014 онд 53 тэрбум, 2015 онд 36 тэрбум, 2016 онд 32 тэрбум, 2017 онд 29 тэрбум төгрөгийн орлого орсон байна.

УИХ-ын гишүүд ажлын хэсгээс танилцуулсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ахмад настны асрамжийн газарт ажиллаж байгаа ажилтнуудын цалингийн шатлал, зэрэглэлийг шинэчлэх, асрамжийн газарт өссөн хүүхдүүдийг амьдралд хөлөө олох нь туслах гэсэн саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн гишүүд зээл аваад бичил бизнесээ эхлүүлсэн ч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь худалдан авдаггүй хүндрэл буйг анхаарч, тэдгээр хүмүүст бүтээгдэхүүнээ борлуулах лангуу, байрыг хөнгөлөлттэй түрээстэйгээр гаргаж өгөх талаар анхаарах, цаашид нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагддаг хөдөлмөрийн чадвартай иргэдийг “халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү” гэсэн зарчмын хүрээнд ажилтай, орлоготой болгох чиглэлээр ажиллах нь зүйтэй гэсэн саналыг ч гаргасан.

Ингээд Байнгын хорооны тогтоолын төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол батлагдлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.