Азийн хамгийн алдартай “Сасүке нинжа дайчин” шоу монголын үзэгчдэд хүрнэ

Монголын телевиз үзэгчид “Got talent” (Авьяаслаг Монголчууд), “Яг түүн шиг”, “Next top model” “The Voice” зэрэг дэлхийн ихэнх оронд нэвтэрсэн шоуг албан ёсны эрхтэйгээр цэнхэр дэлгэцээр үздэг болсон. Тэгвэл уг жагсаалт нэгээр нэмэгдэж, Японы TVS телевизийн “Сасүке нинжа дайчин" шоуг удахгүй “Монгол нинжа дайчид" нэрээр МҮОНРТ үзэгчиддээ хүргэхнээ.

Тус шоуны анхны дугаар 1997 онд арлын Японд эфирээр цацагдсанаас хойш өнөөг хүртэл жил бүр 1-2 дугаар үзэгчдэд хүрсэн юм. Түүнчлэн Англи, Герман, Франц, Итали, ОХУ, БНХАУ зэрэг 20 орны телевиз эл нэвтрүүлгийн албан ёсны эрхийг авч өөрсдийн үзэгчдэд хүргэсэн байдаг. Харин МҮОНРТ эл шоуны албан ёсны эрхийг авснаар Монгол Улс “Сасүке нинжа дайчин” телевизийн шоуг хийсэн 21 дэх улс болох юм.

Дээрх шоу нэвтрүүлэг нь дөрвөн үеэс бүрддэг. Эхний үед хурд, авхаалж самбаа дараагийн үед оролцогч бартаа саадыг давах хэрэгтэй болдог. Харин гуравдугаар үед нинжа дайчид агаарт байрлуулсан саад бартаатай тулна. Ийн төгсгөлийн үед оролцогчид цаг хугацаатай уралдах ёстой. Тодруулбал, олс, шат эсвэл ханаар дамжин дээш өгсөж, өгөгдсөн цаг хугацаанд багтаж цамхгийн оройд хүрэх ёстой.

“Сасүкэ дайчин Нинжа" нэвтрүүлгийн дээрх үе шат нь 21 саад бэрхшээлээс бүрддэг. Оролцогчдыг үе шат бүхэнд биеийн хүчний төрөл бүрийн ур чадвар, сорилоор сорих бөгөөд ялалт байгуулахад бие физиологийн тэнцвэр, ур чадвар (оюун сэтгэлийн хат)-аа бэлдэх хэрэгтэй гэнэ.

Нэвтрүүлгийн оролцогчдын тухайд “Сасүкэ дайчин Нинжа” шоунд бүртгүүлсэн нийт хүнээс нэвтрүүлгийн багийнхан 100-200 оролцогчийг сонгон шалгаруулж авдаг.

Оролцогчдыг сонгоход анхаардаг гол зүйл бол аль болох эрс тэс мэргэжилтэй хүмүүсийг эл тэмцээнд оруулахыг зорьдог юм байна. Жишээлбэл, “Сасүкэ дайчин Нинжа” шоу эгэл жирийн залууг олимпийн аваргатай өрсөлдүүлж, тэдний хоорондын тэмцлийг нь үзэгчдэд хүргэдэг. Тиймдээ ч “Эгэл жирийн хүмүүсийн олимп” гэгддэг тус шоу зөвхөн уралдаан тэмцээн гэхээсээ илүү оролцогчдын хөрөг нэвтрүүлэг болж чаддаг юм. “Монгол нинжа дайчид” нэвтрүүлгийн бүртгэл энэ сарын 19-нд хийгдсэн бөгөөд оролцогчдын нэрс ирэх долоо хоногт тодорч зураг авалт наймдугаар сард болох юм байна.

Өглөөний сонин
Т.Эрдэнэ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.