Сүржин нэртэй даржин хэвлэлийн хурал хийдэг ШӨХТГ-ынхан
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас байсхийгээд хэвлэлийн хурал зарладаг.

Хурлаараа аж ахуйн нэгж компаниудад хийсэн шалгалтын дүнг танилцуулах гэж. Товчхондоо гэвэл шалгасан газруудад ямар зөрчил илэрсэн, илрээгүй талаараа тайлагнадаг. Ядаж байхад жижигхээн умгар өрөөнд нь сэтгүүлчид багталцахгүй. 

ШӨХТГ нь Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага. Хар ухаанаар бодох юм бол хамгийн түрүүнд хэрэглэгчдийнхээ эрх ашгийг дээдэлдэг байгууллага гэж боддог.

Тиймээс ч хэрэглэгчийн эрхийг хамгаалах, гомдол, саналыг шийдвэрлэх, бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг сайжруулах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг бодитоор шийдэх, төрийн бус байгууллагуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зэрэгт анхаардаг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуультай.

Гэвч бодит байдал дээрээ бид эрхээ хамгаалуулж чадаж байна уу. Тухайлбал, хэд хэдэн жишээ татахад ААН-үүд  шатахууны үнээ нэмж хэрэглэгчдийг шантаажилна, шатахуун дутуу шахна. Гурил дутуу жин граммаар савлаж худалдаанд гаргана, СӨХ-той холбоотой асуудлаар оршин суугчид хохирно гээд өчнөөн асуудал гардаг. Тэгвэл эдгээр зөрчлүүдэд ШӨХТГ-аас шалгалт хийгээд ямар хариуцлага тооцдог юм бэ.

Жишээлбэл, өчигдөр хуурамч шатахуун зарж борлуулж байгаа мэдээллийг олон нийтийн сүлжээнээс авсан шалгаж байгаа гэх. Мөн ШТС-иуд шатахуунаа дутуу шахаад байна гэсэн иргэдийн гомдлыг шалгаж үзээд дутуу шахдаггүй нь тогтоогдсон гэж мэдээлэв.

Мөн бидний өдөр тутмандаа хэрэглэдэг гурилыг жин, кг-аар дутуу савласан гомдол дээрх газарт иржээ.

Гомдлын дагуу шалгаад үзэхэд 5-25 кг гурил дутуу савлагдсан болохыг тогтоосон. Эхний удаад худалдааны төв, гурилын үйлдвэр супермаркетуудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, зөрчил дутагдлыг арилгах хугацаатай үүрэг өгсөн. Цаашид анхаарч ажиллах талаар зөвлөмж өгч ажиллалаа. Хэрвээ энэ дутагдлаа арилгахгүй хэрэглэгчдийг хохироож буй аж ахуйн нэгж компаниудад ШӨХТГ-аас хуулийн дагуу хариуцлага авах болохоо мэдэгдсэн гэнэ.
 
Ганц удаагийн зөвлөмж сануулгаар зөрчлөө арилгалаа юу. Ингэж анхаасаа зөөлөн хандаж толгойг нь илж байхаар Хаан болсон хэрэглэгчдэдээ дээдэлж, эхнээсээ хатуу хариуцлага тооцоод явч сураач. Тэднийг даврааж, бидний эрх ашиг хохирч байх ёстой юмуу ШӨХТГ-ынхан.

Худалдаачин нэртэй хулхидагч нарт бид хулхидуулж, дутуу граммтай гурил, дутуу граммтай шатахуун худалдаж аваад байх юмуу.  Хуулийн дагуу хариуцлага тооцлоо гэхэд дээд тал нь 5 сая төгрөгөөр торгоно. Өдөрт хэдэн саяын орлоготой компаниудад энэ бол инээдтэй мөнгө байгаа биз дээ.
 
Зах зээл дэх өрсөлдөөнийг шударга байлгах үүрэгтэй агентлаг зарим зүйлд үүргээ биелүүлж чадахгүй байна уу гэж хардаж эргэлздэг болов.

Өчигдөр хэвлэлийн хурал хийсэн газрын даргаас нь “Хэрэглэгчдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа гурил үйлдвэрлэгч компаниудын нэр усыг нийтэд зарлаач. Аль захуудаар ямар нэртэй гурил худалдаалагдаж байгааг мэдье” гэж асуухад “Шалгаж байгаа болохоор иргэдийг төөрөгдүүлэх замаар баттай болоогүй мэдээллийг цацах боломжгүй. Шалгалтын дараа нэр устай нь мэдээлж болно.Бид ийм байгууллагатай хамтарч ажиллаж байгаа болохоор эхний удаа сануулна. Бүр болохгүй бол арга хэмжээ авна” гэсэн хариу тайлбар өгөх юм.

Дандаа ингэж ярьж бөөрөнхийлдөг. Хэвлэлийн хурал болгоноороо шалгаж байна, зөвлөмж хүргүүлсэн, хамтарч ажиллана, эхний удаад сануулсан болохгүй бол арга хэмжээ авахаар мэдэгдсэн гэх. Яс юман дээрээ хэрэглэгч бид хохироод байхыг хүсэхгүй биз дээ. Зөвлөмж, санамж, анхааруулга, сэрэмжлүүлэгээр ажил явдаггүй юмаа.

Хэрвээ зөрчлийг арилгах чиглэлээр гурил үйлдвэрлэгч компаниудад шаардлага тавьж, иргэд худалдан авч буй бараа бүтээгдэхүүнийхээ жинд анхаарч шалгаж авч байх хэрэгтэйг сануулж байхын оронд дундаас нь тоншоод байгаа наймаачдад хатуу хариуцлага тооцох хэрэгтэй шүү дээ. Ажлаа чанартайхан шиг хийж, даварсан газруудад нь даруулгыг нь жинтэй өгч сураачээ. 

О.Сайхан
Оллоо.mn 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-05-22 04:11:46
    Бид хамтарч ажиллаж байгаа юм өгөхгүй бол зарлана гэсэн үг үү
    103.10.21.39
    Мэдэгдсэн Хариулах