Ундны усны хоолойг цаасан дээр нь шалгая

Монгол Улс нь “2015 он гэхэд баталгаат ундны усны хангамжгүй, сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдаагүй хүн амын тоог хоёр дахин бууруулна” гэсэн Мянганы хөгжлийн зорилтдоо хүрч чадаагүйг НҮБ-ын тусгай илтгэгч Лео Хеллер шүүмжилснийг бид өмнөх нийтлэлдээ хүргэсэн билээ. Баталгаатай усыг хүртээмжтэйгээр хэрэглэх, ариун цэвэр орчинд амьдран суух хүний эрхийг хүндлэн дээдэлдэг олон улсын жишгээс хоцорч яваа бидний өмнө яг ямар асуудал тулгамдаад байгааг, гарц шийдэл нь юу байж болох талаар “Зууны мэдээ” сонин цувралаар хөндөж байгаа билээ.

Уг нь аль 2010 онд “Ус” үндэсний хөтөлбөрийг батлахдаа нийслэлийн гэр хорооллын 30 мянгаас доошгүй өрхийг төвлөрсөн шугам сүлжээнд холбож, жилд дунджаар 10 мянгаас доошгүй өрхийн орон сууцны нөхцлийг сайжруулах үр дүн амласан. Харамсалтай нь өнөөдөр Нийслэлийн 380 гаруй мянган өрхийн ердөө 40 хувь нь инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдарч, үлдсэн нь зөөврийн усыг ундандаа хэрэглэж байна. Харин орон даяар 334 сумын дөнгөж 20 сумын төв хэсэгт ус хангамжийн төвлөрсөн шугам сүлжээ байна. ДЭМБ-аас 2015 онд гаргасан тайланд хөдөөгийн хүн амын зөвхөн тал нь ундны усаар хангагдаж байгааг дурджээ. Өнөөдөр энэ байдал төдийлөн дээшилсэнгүй. Ус хэрэглэх эрхийг хоёр талаас нь авч үзэх ёстой. Нэгдүгээрт, чанарын шаардлага хангасан ус ундандаа хэрэглэх, хоёрдугаарт ДЭМБ-аас зөвлөсөн хэмжээгээр хүрэлцээтэй хэрэглэх. Ингэхийн тулд усны ашиггүй, үрэлгэн хэрэглээг хянах асуудал зайлшгүй зэрэгцэх ёстой юм.
 

УСНЫ ХЭРЭГЛЭЭ НАСЛАЛТАД НӨЛӨӨЛДӨГ


Хөгжиж буй орнуудын нийт өвчлөлийн 80 хувь нь, нас баралтын гуравны нэг нь чанаргүй усны хэрэглээнээс үүдэлтэй байдаг аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр өдөрт нэг хүн хэрэгцээндээ зарцуулж болох усны хэмжээг 100 литр гэжээ. АНУ энэ хэмжээнээс тав дахин их, харин Гана, Гаити, Ангол зураг улс 6-7 дахин бага ус хэрэглэж байна. Тэгвэл Монгол Улсын гэр хорооллын оршин суугчид дээрх зөвлөмж хэмжээнээс 12 дахин бага ус хэрэглэж байна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулиас дэлхийн хүн амын хоногийн усны хэрэглээг дундаж наслалттай нь харьцуулан судалжээ.

Судалгааны дүнгээс харахад усны хэрэглээ өндөр буюу 200 литрээс дээш хэрэглэдэг улсад гэдэсний суулгалт өвчний тархалт бага байгаа бөгөөд дундаж наслалт 80-аас дээш байна. Харин манай улсын хувьд хоногт хэрэглэдэг усны хэмжээ 69 литр бөгөөд гэдэсний суулгалт өвчний тархалт их гэсэн хэсэгт хамаарагдаж, дунджаар 68 насалж байх юм. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах чухал асуудлуудын нэг нь яалт ч үгүй усны чанар, баталгаа, хүрэлцээ гэдэг нь дээрх баримтаас тодорхой харагдаж байна. Өнөөдрийн байдлаар бид ямар усыг хэдий хэмжээгээр хэрэглэж байгаа, ойрын үед авч болох ямар арга хэмжээ байж болохыг эрдэмтэн судлаачдын судалгаа, баримтад тулгуурлан үргэлжлүүлэн хүргэе.
 

ХҮН УЛААН ЗЭВТЭЙ, ӨНГӨТЭЙ УСЫГ УНДАНДАА ШУУД ХЭРЭГЛЭЖ ЧАДАХГҮЙ


Нийслэлийн орон сууцны иргэд өдөрт 150-200 литр ус хэрэглэдэг судалгаа бий. Ундны ус, цэвэрлэгээ, бие засах гээд бүх хэрэгцээ үүнд хамаарна. Энэ нь ДЭМБ-аас зөвлөсөн зохист хэмжээнээс 1.6 дахин их үзүүлэлт юм. Усыг үрэлгэн хэрэглэхгүй байхыг сануулсан зөвлөмж, сурталчилгаа хангалттай олон бий. Иргэдийн хандлага ч сүүлийн жилүүдэд харьцангуй сайжирч, усаа гамнах талаар мэдлэг нь дээшилж байгаа. Харин жил ирэх тусам улам хурцдаж байгаа асуудал бол насжилт нь хэтэрсэн шугам сүлжээ, замбараагүй, зохион байгуулалтгүйгээр нэмэгдэж байгаа шинэ орон сууцнууд болоод байна. 50-60 жилийн насжилттай хуучин орон сууцнуудын цоргоноос зэвтэй, өнгөтэй ус гоожих нь энгийн үзэгдэл мэт болсон. Ялангуяа ус тасраад ирэхдээ, халуун ус гоожуулахад байнга тохиолддог. Тиймээс айлууд нэмэлтээр шүүлтүүр заавал хэрэглэж байна.

Усыг ямар тохиолдолд аюулгүй гэж үздэг вэ гэхээр гаднаасаа өнгөгүй, үнэргүй, амтгүй, харин найрлагын хувьд химийн болон нянгийн, бохирдлын хэмжээ стандартаас хэтрэхгүй байх ёстой. Нян, бохирдолтой ус гэдэсний суулгалт үүсгэдэг бол химийн найрлага нь стандартаас давсан усыг удаан хугацаанд хэрэглэхэд бөөр, шээсний замын чулуужих өвчинд хүргэдэг. Ямар ч хүн улаан зэвтэй, өнгөтэй усыг ундандаа шууд хэрэглэж чадахгүй. Тиймээс орон сууцны айлууд сарын орлогоосоо дунджаар 30-40 мянган төгрөгийг ус цэвэршүүлэгч болон цэвэршүүлсэн ундны ус худалдаж авахад зарцуулсаар байна. Өнгөгүй ус гарсан ч шүүгээд уусан нь дээр гэсэн хандлага бий. Тэгвэл шүүсэн ус нь чанарын хувьд ашигтай бодисуудаа тодорхой хэмжээгээр алддаг болохыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хэсэг оюутнууд мөн судалгаагаар гаргажээ.

“Төвлөрсөн хангамжийн 590 гаруй км шугам хоолойг манай байгууллага хариуцаж байгаагийн 200-гаад км нь 2000‘оноос хойш ашиглалтад орсон полиэтилэн буюу хуванцар материалтай хоолой байгаа. Үлдсэн нь ширмэн, ган хоолой бөгөөд түүний 60 орчим хувь нь 50-иас илүү жил болсон, насжилт нь хэтэрсэн” гэж Ус сувгийн удирдах газрын ерөнхий инженер Ж.Дагвасүрэн хэллээ.

Нэгэнт дээр нь тохижилт хийгдчихсэн, авто зам баригдчихсан, барилга байгууламж зайгүй баригдсан өнөөдрийн нөхцөлд насжилт нь хэтэрсэн шугам сүлжээг шинэчлэн солиход маш их зардал, цаг хугацаа орох нь ойлгомжтой. Энэ жил Австри улсын хөнгөлттэй зээлээр 4.8 км шугамыг дэвшилтэт технологиор доторлох ажил хийгдэх юм байна. Энэ төслийг амжилттай нутагшуулж чадвал үе шаттайгаар үргэлжлүүлж, хуучирсан шугам сүлжээгээ дахин 50-60 жил ашиглах боломжтой гэнэ.
 

ЭРҮҮЛ АХУЙН УРЬДЧИЛСАН ХЯНАЛТЫГ СЭРГЭЭЕ


Зөвхөн хуучин байрнуудын цоргоноос зэвтэй ус гоождоггүй. Ашиглалтад ороод хоёр гурван жил болчихоод байхад улаан уснаасаа салаагүй олон байр бий. Мэргэжлийн хяналтынханд очдог дийлэнх гомдол ийм байдаг. Харин үүнийг зохицуулах хууль, эрхзүйн орчин одоогоор байхгүй. Гомдол гаргасан иргэнд эрүүл ахуйн байцаагчдын өгдөг зөвлөгөө нь усаа сайтар гоожуулж хэрэглэх. Төвлөрсөн усан хангамж буюу УСУГ-ын ус түгээх хэсгүүдэд жил бүр төлөвлөгөөт хяналт, шалгалтыг мэргэжлийн хяналтынхан хийдэг. Шинжилгээний хариунд санаа зовох шаардлагагүй, нийслэлийнхний усны эх цоргоос баталгаатай, чанарын шаардлага хангасан ус гардаг гэж тэд хэллээ. Харин баталгаатай ус нь орон сууц бүрт тулж очоод салбарлаад ирэхээрээ асуудалтай болчихоод байгааг яах ч аргагүй гэнэ.

Уг нь 2010 оноос өмнө шинээр баригдаж байгаа орон сууцнуудын зураг төсөл, шугам хоолойны стандарт, чанарт эрүүл ахуйн хяналтыг хийдэг байжээ. Ус сувгийн удирдах газар, мэргэжлийн хяналтын байгууллагаас комисст оролцдог байж. Харин 2010 оноос хойш энэ хяналтыг хийхээ больсон гэнэ. Өөрөөр хэлбэл сүүлийн найман жилд баригдсан орон сууцнууд ямар ч хяналтгүйгээр сантехникээ өөрсдөө шийдэж ирж. Өнгөр тогтдоггүй, зэвүүсдэггүй, даралт сайтар даадаг стандартын шаардлага хангасан шугам хоолойг барилгадаа хэрэглэж байгаа эсэх нь хяналтаас гадуур хаягдсан байна. Тэгэхээр яаралтай авч хэрэгжүүлэх боломжтой эхний ажил нь эрүүл ахуйн урьдчилсан хяналтыг сэргээх болоод байна. Ойрын гурван жилд нийслэлд 38.5 мянга, орон нутагт 10.8 мянган айлын орон сууц ашиглалтад орно. Зураг төслөөс нь эхлээд ашиглалтад орох хүртэл нь хянадаг байсан эрүүл ахуйн урьдчилсан хяналтыг сэргээчихвэл энэ гурван жилд 50 мянган өрхийн ундны усыг баталгаатай болгох боломж байна гэсэн үг юм.

Зууны мэдээ
Б.Солонго

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.