Засгийн газрын тогтоолоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийг байгуулсан. Тус төвд сард дунджаар 10 мянга гаруй дуудлагын хандалт ирдэг байна. 2017 онд 144869 дуудлага хүлээн авсны 3173 тохиолдлыг аймаг, орон нутгийн ГБХЗХГ, хэлтэс, хамтарсан багт шилжүүлж, 63%-ийг бүрэн шийдвэрлэж, 1392 тохиолдлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.
ХЗДХ-ийн сайдын тушаалаар шинэчлэгдэн батлагдсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-ын заалтад Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн тээврийн хэрэгсэлд тусгай болон гэрлэн дохио тавьж хэрэглэх тусгай зөвшөөрөл олгох тухай асуудлыг шийдвэрлэж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж сайжирсаар байна.
Цаашид тус төвийн үйлчилгээг өргөжүүлж, олон ажил хийхээр төлөвлөн өнөөдөр/05.21/ Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага, Мобиком корпораци хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ.
Энэ үеэр ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх: Өнөөдөр хүүхдийн тусламжийн 108 утас нь 24 цагийн турш сардаа 10 мянга гаруй дуудлага хүлээн авч, яаралтай хүүхдийн эрхийн зөрчил дээр очиж шуурхай тусламж үзүүлж байна. Бид өнгөрсөн онд 108 утасны төвийн дэргэд хамгаалах байр байгуулж, шуурхай тусламжийн машинтай болгосон нь хувийн хэвшил, төр мөн олон улсын байгууллагын, үр дүнтэй хамтын ажиллагаа юм. Иймд өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичгээ үргэлжлүүлэн зурах аз тохиож байна. Энэ нь монголын хүүхдүүдийн хувьд том аз юм. Тийм учраас Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага болон Мобиком корпорацийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье гэв.
2018 онд Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн программын 3 дугаар шатны шинэчлэлийг хийж, хүний нөөцийг мэргэшүүлэх, дуудлагын тоог нэмэгдүүлж, онлайн чат, утасны мессэжээр зөвлөгөө, мэдээлэл өгч, хариу үйлчилгээг чанаржуулна гэдгийг талууд энэ үеэр онцолж байлаа.