Моника Батсүх: Боловсрол бол ядуурлаас гарах итгэл найдвар

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэж байна.

Энэ удаагийн зочноор Их Британийн Хамгийн Их Итгэл Хүлээсэн Бизнес Удирдагч шагналын эзэн, амьдралын болон бизнесийн дасгалжуулагч Б.Мөнгөнтуяа буюу Моника Батсүхийг урилаа

 

БЛИЦ

БОЛОВСРОЛ:

  • 2000 онд Бээжингийн Зам Харилцаа Холбооны Их Сургуульд “Олон улсын тээвэр зохион байгуулалтын инженер” мэргэжлээр суралцаж төгссөн.
  • 2009-2011 онд Амьдралын Дасгалжуулагчийн Академид, Амьдралын Дасгалжуулагч мэргэжлийн эзэмшсэн.

Ажлын туршлага:

  • 2008 онд “Баян аав Ядуу аав” номын зохиолч Роберт Т Киёосакигийн дасгалжуулалтын хөтөлбөрт ажилласан.
  • 2012 оноос Entrepreneur Business Academy бизнес ментор хөтөлбөрт оролцож Бизнесийн дасгалжуулагч, Энтерпрайз ментор эрхээ авч бизнесүүдтэй ажиллаж эхэлсэн.
  • 2017 оноос “Мөнгөний Сэтгэлгээ 1.0”, “Гэр Бүлийн Динамик”, “Миний Бизнес” онлайн дасгалжуулалтын хөтөлбөрүүдээ гаргасан
     

МАНЛАЙЛАГЧ БОЛ АЛБАН ТУШААЛ АХИХЫН НЭР БИШ

 

“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг. Манлайлагч, бизнес, улс төрд, орон гэртээ, хаана ч бид биеэ засахаас эхэлнэ. Том амжилтууд энгийн жижиг алхмуудаас эхэлнэ. Маш энгийн жижиг алхмууд харин хувь хүний дотор болдог нөгөө л айдас, эргэлзээ, түгшүүр, уур бухимдал стрессийн нөгөө талд байдаг итгэл зүтгэл хөдөлмөр зоригоос эхэлдэг.

Манлайлагч болно гэдэг албан тушаал ахихын нэр биш, манлайлал хариуцлагаас эхэлдэг. Амьдралын өмнө тулгардаг, хүн бүхний хийдэг бэрхшээлүүдийг харсан ч түүнийг дагаж урсах биш, шийдлийг олохоор зориглож буй тэр мөчөөс л, өөрөө өөрийнхөө төлөө, өрөөл бусдын төлөө зогсохоос өөр аргагүй шийдэл дундаас өрнөдөг.

Тиймээс хувь хүний биеэ засах цэгийг, бизнесээ эрх чөлөөтэй хөгжүүлж авч явахад маш олон манлайлагчдын өмнө тулгараад байдаг, ард нь нуугдаад байдаг гэр бүлийн асуудлыг ярих ёстой гэж бодож байна.
 

БЭРХШЭЭЛ БОЛ БОЛОМЖ ЮМ

 

Энэ бол маш олон жилийн өмнөөс яагаад Монголоосоо гарах болсон шалтгаан. Би бэрхшээлээс зугтаж гарсан. Зугтахдаа харин боломж хаана байгаа бол гэж битүүхэндээ эрэлт хийж эхэлсэн. Бэрхшээлээс зугтаад өдий хүртэл шаналж яваа хүмүүсийг хэрхэн аврах боломжийг би өдөр тутам олж хардаг болж чадсан. Энэ талаар “Бэрхшээл ба Боломж” номноос маань олж уншаарай.

Бэрхшээлийг даван туулах боломж Монголд ямар их байгаа юм бэ гэдгийг хүмүүс ярьдаг ч амьдрал дээр мэдэрч туулж таашаалыг нь мэдэрч амжаагүй байж магадгүй. Ихэнх хүмүүс бэрхшээл дээр анхаарлаа төвлөрүүлдэг. Тэд бэрхшээл дээрээс, нийгмээ хардаг учраас стресстэж амьдардаг.

Монголд бэрхшээл их байна гэдэг нь Монголд бизнесийн томоохон боломжууд байгаагийн шинж тэмдэг. Төр засаг шийдэж чадахгүй, шийдвэр гаргах түвшингийн хүмүүс тодорхой зааг гаргаж өгч чадахгүй тээнэгэлзэж байгаа бол манлайлагч танд, удирдах хариуцлагыг өөртөө өгсөн хэн бүхэнд боломж байна гэсэн үг. Үүний ард асар том зах зээл, асар том глобал сэтгэлгээг олгох нь хамгийн чухал.

Хүн өөрөө сэтгэж сураагүй бол бэрхшээлийнхээ өмнө боол шиг л гацах аюултай. Гэр бүлийн доторх хэд хэдэн том асуудал байдаг, бүгдийг нь маш энгийн задаргаагаар шийдэх аргуудыг өнгөрсөн жил Жилиан Андэйл хэмээх Их Британийн гэр бүлийн мэргэжилтэнтэй бид маш гүнзгий ярилцсан. Энэ ярилцлага маань “Гэр бүлийн динамик” хэмээх хөтөлбөр болж олон өөр төрлийн гэр бүлүүдийн төлөөлөлтэй ярилцаж бий болгосон юм.

Залуу хосууд, олон жил ханилсан гэр бүлүүд, урьд нь салж байсан дахин гэрлэсэн хосууд, ганц бие эцэг эх гэх мэт өнөөгийн нийгэмд гэр бүл гэсэн хувилбарууд маань маш олон шинж чанаруудтай болсон. Тэр бүхэнд таарч тохирч болох тус тусын аргачлалуудыг бид энэ хөтөлбөр дээрээ маш нарийн ярилцаж үзээд, оролцсон хосууд маань хэрхэн өөрчлөгдөж, арга учраа олж байгааг бид хараад их бахархсан. Энэ жил бид яг энэ хөтөлбөрөө зөвхөн монголчуудын оролцоотойгоор явуулах гэж байна.
 

ХҮЧИРХИЙЛЭЛ БА ШИЙДЭЛ

 

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэл гээд сүүлийн үед хүмүүс их ярьдаг боллоо. Хүчирхийлэл зөвхөн гэр бүлд гардаг биш, улс төрд ч, гудамжинд ч өрнөсөөр л байна. Аргаа мэдэхгүй, юмаа ойлгоогүй, амьдралдаа бухимдсан хүмүүс л хүчирхийлэгчид болж хувирдаг. Чадалгүй хүмүүс л хүчээр үздэг. Чадвартай хүмүүс өөрөөр сэтгэдэг. Чадвартай хүмүүс хүчирхийлэл гарахаас зайлсхийж зохицуулж чаддаг.

Юм бүхэн учиртай. Амьдралын олон талын мэдлэг ойлголт тааруу, өөртөө итгэлгүй, гэр бүлийн сорилтонд ороод бэрхшээлтэй тулахад бэлэн биш хүн, асуудал бэрхшээлтэй шууд нүүр тулсан үедээ сандарсандаа хийдэг хамгийн анхны хариу үйлдэл бол уур бухимдал, дургүйцэл, стресс. Хэтрүүлсэн хувилбар бол хүчирхийлэл.

Стрессийг харин мэдрээд зөв дохиог нь сонсож зөв шийдвэр гаргаж чадаж байгаа хүн хүчирхийлэгчид биш, манлайлагчид болж хувирдаг. Харамсалтай нь Монголд алдартай, олны өмнө нэр хүндтэй гэгдэх, амжилттай яваа олон олон эмэгтэйчүүд ч хүртэл гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болон сэтгэлзүйн дарамтыг мэдэрдэг.

Гайхалтай нь тэр хохирогчид маань нийгэмдээ нэр хүндээ алдахаа айдаг учраас энэ асуудлаа шийдэхүйц байгууллагуудад хандаж чаддаггүй. Тэдний өмнө асар том карьерын нэр хүндийн эрсдэлүүд байнга нүүрлэдэг нь ойлгомжтой. Бид яг ийм хохирогч болдог эмэгтэйчүүдэд ийм нөхцөл байдлаас гарах, гэр бүлийн доторх та хүчирхийлэгч биш, хохирогч биш, манлайлагч биш байсан ч хамаагүй манай нийгэмд дээр дооргүй нэвт шингээд байгаа энэ хортой аргачлалыг үгүй болгоход өөрийн мэдэж сурсан хүчирхийлэлгүйгээр харилцах, ойлголцох хялбар аргуудыг амьдралынхаа нэгэн хэрэгсэл болгоно гэж найдаж байна.
 

УДИРДЛАГЫГ ГАРТАА АВ

 

Телевиз үзэж байхад удирдлагаар чинь хүн суваг эргүүлээд байхаар ядаргаатай хэцүү байдаг. Тэвчинэ тэвчинэ гэхэд яаж тэвчихэв гэдэг шиг бухимдаад стресстээд эхэлдэг. Тэгвэл удирдлагыг гартаа ав. Хүний гэр бүлийн асуудал яг үүнтэй адил. Хичнээн хичээгээд тайван сайхан амьдрах санаатай зүтгэж байвч танаас шалтгаалахгүй тааламжгүй үйл явдал асуудлууд хуй салхи шиг хийсэж орж ирээд та яахаа мэдэхгүй сандардаг, бухимддаг биз дээ? Харам-салтай нь гэр бүлийн асуудал гэдэг телевизийн удирдлага шиг амархан гарт чинь ордоггүй. Үүнийг хүн амьдралын туршлагаар суралцаж мэдэж, харилцах чадварт суралцсан хүн л гэр бүлийн асуудлаа зохицуулж гартаа оруулж чаддаг.

Сургуульд байхдаа гараа өргөөд ярих зөвшөөрлөө багшаасаа асуудаг. Хүүхэд байхад аавдаа, ээждээ ховлож арга хэмжээ авдаг байсан. Нас биед хүрээд бид аргаа олохгүйдээ шүүх цагдаад өгнө гэж арга хэмжээ авдаг болж байна. Гэр бүлдээ салвал салчихна гэж бие биенээ айлгадаг аргатай болсон байна.

Үүнд мэдээж нас, хүйс, хадам, найз нөхөд, ажлын газрынхан, захирлууд бүгд орно. Бид өөрийн эрх мэдэл, өөрийн орон зайг хамгаалж “Үгүй” гэж хэлж сурахаас эхлээд маш олон янзын харилцааны чадварыг, хувь хүнийхээ эрх ашгийг, гэр бүлийнхээ үр хүүхдийнхээ өөртөө итгэх, хувь хүний хариуцлагыг нь үүрүүлэх асуудал үнэхээр чухал. Өөрийнхөө эрхийг мэдэхгүй хүн бусдын эрхэнд автсан гэдгээ ч мэдэхгүй бусдын төлөө юм шиг амьдардаг нь маш элбэг байдаг.

Ийм байхад хүчирхийлэл, бусдыг ялгаварлан гадуурхах тэгш бус орчин нөхцөл ноёрхох нь ойлгомжтой. Өөрийн өмнөх хариуц-лагыг үүрэх гэдэг нь үнэхээр тэр хүнийг эрх мэдэлтэй болгодог, эрх чөлөөтэй амьдрах чадалтай, бие даасан амьдралтай болгодог гэдгийг манайхан одоо хэр нь ойлгодоггүй. Энэ нь манай хөтөлбөрийн оролцогчдын амьдралын түүхээс илт харагддаг.

Тиймээс бид яг ийм хүмүүсийг өөрийн амьдралаа эрх чөлөөтэй залах удирдлагаа өөрийн гартаа авах ёстой гэсэн байр сууриас нь ярилцаж байгаа юм.
 

АЙДАС ТАНЫГ ЖОЛООДДОГ

 

Эрх мэдэлтэй хүн ч айдаг, айдас томрох тусмаа аюултай. Мөнгөтэй хүн ч айдаг. Албан тушаал хүнийг айдасгүй байхын баталгаа биш, айдсыг ихэсгэдэг овоо. Амьд хүн болгон айдаг. Айдастайгаа тулж бүжиглэж сурна гэдэг бол агуу том эрх чөлөөтэй амьдралын бизнесийн амжилтанд хүрэх зурвас.

Айдаггүй хүн гэж байхгүй. Амьд хүн болгон айдаг, амьд байгаагийн шинж бол айдас. Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг шиг, харсан бүх юм аймаар санагддаг. Ажил руугаа гарахаасаа өмнө зурхай үзэх нь айдсын шинж. Үсээ засуулахаас өмнө өдөр судар шалгах нь айдсын шинж. Мэдэхгүй юмнаасаа хүн айдаг. Мэдэхгүй юмыг нь ярьсан хүнийг тархи угаалаа гэж уурладаг. Энэ бол айдас. Мэдсээр байгаа юмыг нь дахин давтан хэлж байгаа хүнд намайг юм мэдэхгүй хүн шиг доромжиллоо, доошоо хийлээ гэж айдсаа илэрхийлэх нь бий. Айдастай ажиллаж сурах тэр хүн манлайлагч, ардаа үлдсэн амьдралдаа зориулж хөрөнгө оруулагч хүн л зоригтой алхам хийх аргад суралцдаг. Айсан ч айдсаа сонсож, өөрийгөө ойлгож, өөрийгөө бүтээж, өмнөхтэйгөө ажиллаж, өөрөөр сэтгэж, өгөөмрөөр харилцаж сурна гэдэг гайхамшиг.



МЭДЭМХИЙРДЭГ ХҮН Л МЭДЭЭЛЛЭЭС ХОЦОРДОГ

 

Монголд нэг ийм хорт хавдаг шиг хурц асуудал бий. Тэр нь нэг жоохон юм мэдэхээрээ бусдаас илүү их юм мэдчихсэн юм шиг авирладаг. Мэдсэн зүйлсээ бусдаас харамладаг. Бусад хүмүүс мэддэгийг нь мэдээд авчих вий гэсэн шиг дотроо айдаг. Мэдэхгүйгээ хүнээс нуудаг.

Мэдэхгүйгээ хүнд мэдэгдвэл хүнээс доош орох вий гэдэг айдас маш олон хүнийг зовоодог. Мэдэхгүйгээ нуугаад ярианыхаа сэдэв сольж зайлсхийдэг. Мэдэхгүйгээ мэдэгдчихвий гэсэндээ нүүр буруулдаг, энэ юу ч биш мэдэхгүй чадахгүй нь утсаа ч авахгүй хэд хоногоор, хэдэн сараар нуугдаж өөрийгөө зовоо-дог. Энэ бол маш ядуу болхи сэтгэлгээ юм. Мэдээд байгаа хэрнээ засаж чадахгүй, өөрчилж чадахгүй хүмүүс байдаг.

Санаа зоволтгүй. Энэ мэдээж өөрчлөгдөж болох асуудал. Хүн болгон алдаа гаргадаг. Харин гаргасан алдаагаа дахин давтаж үргэлжлүүлэх эсэх нь тухайн хүний сонголт. Би залуустай мэддэгээ хуваалцах нь асар чухал үнэ цэнэтэй гэдгийг мэдэж авсан. Намайг бага байхад хүмүүс мэддэгээ нуугаад хэлж өгдөггүй байсан болохоор надад юм хэлж өгсөн хүнд би өөрийн эрхгүй баярладаг байсан. Мэдлэгийн үнэ цэнэ гэж тэрийг хэлдэг байх.

Харин одоо бол гадаадад сурсан мэдсэн маань ихсэх тусам монголчууддаа хэлээд өгөх юмсан, заагаад тайлбарлах юмсан гэж их боддог болсон. Тиймдээ магадгүй миний явуулдаг хөтөлбөрүүд тэр хүнийхээ мэдлэгийг тэлэхийн төлөө, өөрөө өөртөө итгэлтэйгээр эрх чөлөөтэй амьдарч сэтгэхийн төлөө зориулагддаг байх. Манай оролцогчид үүнд маань үнэхээр дуртай байдаг. Учир нь бид мэдлэгээ харамгүй зааж өгдөг, харин тэдний мэдэх гэсэн бүх юмс глобал зах зээлд нээлттэй, гарын дор эрх чөлөөтэй сэтгэлгээний хувилбар болгож дэлхийн том мэдлэгийг олж мэдсэн ментор, гадны боловсрол мэдлэгийн түвшинд монголчуудын сэтгэлгээг тэлэхэд ажилладаг.

ЯДУУРАЛ МӨНГӨГҮЙ БАЙХЫН НЭР БИШ ХАРИН...

Монголчууд маань ядуу биш л дээ. Өөрсдийгөө ядуу гэж боддог учраас л ядуу амьдардаг. Ард иргэдээ ядуу гэж бодоод халамжийн бодлогоор тэжээх нь бас л хамгийн ядуу боловсролгүй улс төрчидтэйгийн шинж. Ядуу гэж боддогийн нэг том жишээ бол өөрсдийгөө юу ч чадахгүй гэж боддог, өөртөө итгэлгүй байдал. Өөртөө итгэлгүй учраас мухар сүсгээр амьдралынхаа асуудлыг шийдэх гэж оролддог.

Том дарга нар нь, улстөрчид нь бөөд мөргөж, ламд өөрийнхөө албан тушаалыг даатгаж явна гэж бодохоор ичгүүртэй. Улсаа тэргүүлдэг, төрөө тэргүүлдэг, нэр алдартай бөхчид нь хүртэл ингэж явахаар нийтээрээ ямар ядуу сэтгэлгээтэй байгааг харуулдаг. Боловсрол бол ядуурлаас гарах итгэл найдвар.

Мэдлэгээ мэдсэн шиг мэддэг, гүн гүнзгий судалгаа хийдэг, тэрнийгээ ойлгодог, амьдрал дээр уялдуулж харж чаддаг хүн чадварждаг. Чадвартай хүнд айгаад байх юм байдаггүй. Боловсролыг харин үнэ цэнэтэй болгохын тулд мэдлэгийг нь амьдралдаа уялдуулж, амьдралын бодит нөхцөл дээр хэрэгжүүлэх ойлголт өгч чадваржуулах цэг дээр нь дарж өгөх нь хамгийн хүчтэй зэвсэг.

Ядуурлаас гарахын тулд хүн өөрөө л хөдөлмөрлөж сурах, гарын дор байгаа зүйлээ голж шилж гутардаг, хажууд байгаагаа гутаан доромжилдог биш, хайрладаг хүндэлдэг, эрхэмлэдэг. Байгаагаараа бахархдаг, байгаа зүйлээ арвилаж гамнах тэр л сэтгэлгээ хүнийг ядуу бус баян амьдрал руу очих итгэл найдварыг бэлэглэдэг. Энэ өдөөлтийг олж харж ялгаа салгаа суралцахад ямар ч хүнд боломжтой зүйл. Өөрчлөлт хийхэд хэзээ ч оройтохгүй.

Манай хөтөлбөрүүдийг зорилго яг л тийм сэтгэлгээг суралцахад тусалдаг.



МӨНГӨӨ ӨСГӨХ БОЛОМЖ


Өр зээл, мөнгөний асуудалгүй байгууллага хувь хүмүүс хаа сайгүй бололтой. Ярьсан залуу хосууд маань ихэвчлэн цалингаас цалингийн хооронд, жоохон хадгалаад байж байтал гэнэтийн яаралтай хэрэг гараад л мөнгө нь үгүй болчихлоо гэж ярьдаг. Эхнэр нөхрүүдийн хооронд болдог том асуудлын нэг бол бас л мөнгөний буруу зөрүү ойлголт.

Гэр бүлийн хосуудын хамтын санхүүгийн зорилго нь тодорхойгүй, үл итгэлцэл, санхүүгийн өрөөсгөл үзэл бодол, итгэл үнэмшил, үл ойлголцол, урьд өмнө гаргасан мөнгө санхүүгийн алдаанаас үүдсэн гомдол, маргаан гарах нь бишгүй олон. Маш олон талтай эдгээр асуудлыг хосууд хамтдаа зөв ойлголцож ярилцаж сурах нь гэр бүлийн хосуудыг гайхалтай нэгтгэж болдгийн ид шидийг тэр бүр хүмүүс мэдэрч үзээгүй байх.

Монголчуудад хадгаламж байдаггүй юм байна гэсэн банкны судалгаанууд ч тодорхой хэлж байна. Нийгмээрээ үрэлгэн, тансаг эд хөрөнгөөр л бие биедээ гайхуулах дон суусан юм уу гэлтэй. Мөнгөний боловсролыг сургуульд зааж өгөөгүй байж болно. Бид хөрөнгө оруулалтыг зөвхөн гаднаас л олж авах ёстой юм шиг дээр дооргүй нийгмээрээ өрөөсгөл ярьж хэлдэг. Хөрөнгө оруулалт гэдгийг хувь хүн хийх ёстой, өртэй хүн ч гэсэн хөрөнгө оруулалт хийх боломж байдаг.

Мөнгө олох чадвар нь өөрийгөө хэр үнэлдэг, өөрийн дотоод үнэ цэнээ тодорхойлдгоос шууд хамааралтай. Өөрийгөө үнэлж хүндэлдэг хүн бусдын хийж чаддагийг дуурайж хийдэггүй, өөрийнхөөрөө өвөрмөц сэтгэж сурах чадварыг олж авахын тулд өөртөө хөрөнгө оруулдаг.

Өөртөө хөрөнгө оруулалт хийнэ гэдэг зөвхөн мөнгө төлөх асуудал биш, манайхан мөнгөө өгчхөөд л бүх юм сайхан болно гэж найдаад хаядаг учраас хөрөнгө оруулалт нь бүтэлгүйтдэг. Хөрөнгө оруулалт бол мөнгөө төлснийхөө дараа цагаа зориулах, оюун ухаанаа зориулах гэдгээс бүрддэг. Мөнгөө өсгөхийн тулд өөрийн дотоод үнэ цэнийг өсгөх нь хамгийн хурдан атлаа гайхалтай арга зам.

Мөнгөө өсгөх олон арга замууд бий. Тэр олон арга замуудаас зөвхөн өөрийн дотоод үнэ цэнэтэйгээ тохирсон сонголтыг хийж сурах нь чухал.

Бид зөвхөн мөнгө тойрсон мөрөөдлөө ойртуулан авахуйц гайхалтай яриануудыг өрнүүлэхэд ямар ч хүн гэр бүлийн аз жаргал гэж юу байдгийг, яаж гэр бүлийнхээ аз жаргалыг мөнгө санхүүгийнхээ нөөц бололцоогоороо дамжуулж бүтээх талаар арга барил чадваруудыг тань хуваалцаж болно.

Зууны мэдээ
Б.Солонго

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дорж Черчиль 2018-05-21 06:53:21
    за худлаа яриад байгаарай Моника
    202.179.26.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Bagi 2018-05-21 03:19:50
    Eruul setgehuitei l phin baina daa
    27.123.212.143
    Мэдэгдсэн Хариулах