Хүүхдэдээ дуртайг нь биш хоргүйг нь авч өгч сургая, хэвшье
Бидний дунд ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд анзаарагддаггүй нэг хүнс байна. Сүүлийн үед бага насны хүүхдийн ундааны хэрэглээний талаар их ярьж бичдэг болжээ.

Хийжүүлсэн болон хэт чихэрлэг ундаагаар эцэг эхчүүд бид хүүхдүүддээ угждаг нь үнэн. Гэвч ийм төрлийн ундаа ууснаар эрүүл мэндэд үзүүлэх хор ямар вэ гэдгийг мэдэхгүй байгаа эцэг эхчүүд  эмгэнэлтэй.

Одоогоос хоёр жилийн өмнө ОХУ-ын Олон нийтийн танхимын нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Владислав Гриб сургууль, хүүхдийн эмнэлэг болон насанд хүрээгүй хүүхдийн бусад байгууллагад хийжүүлсэн, чихэрлэг ундааг жижиглэнгээр худалдахыг хориглохыг хүссэн. Тэрбээр “Хиймэл өнгө оруулагч, консервант болон амт оруулагчийн их агууламж бүхий хүчтэй хийжүүлсэн чихэрлэг ундааг газар сайгүй хяналтгүйгээр хэрэглэж, улмаар үндэстний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болоход Олон нийтийн танхимын гишүүд сэтгэл зовинож байна” гэж мэдэгдэж байсан ч өнөөдрийг хүртэл хориглосон улс үндэстэн гэж алга.

Өнгөрсөн онд хийсэн Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал судалгаагаар 6-11 насны нийт хүүхдийн 28.6 хувь илүүдэл жинтэй гарсан нь өмнөх жилүүдээс эрс нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг мэргэжлийн байгууллагаас онцолж байсан юм. Судалгаанаас харахад дөрвөн хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй гэсэн үг.

Энэ юутай холбоотой вэ гэхээр сургуулийн орчинд түргэн хоол, мөн чихэрлэг хийжүүлсэн ундаа, чипс, зайрмаг их зарагддаг болохоор хүүхдүүд өнгө үзэмж, амтанд нь хууртагдан дурлаж авч иддэг. Түргэн хоолноос буюу чихэрлэг ундаанаас ер нь татгалзаж чаддаггүй. Нэг хэсэг нь чихэрлэг хүнс, ундаа хэрэглэснээс болж илүүдэл жинтэй болж байгаа ч нөгөө хэсэг нь хоол тэжээлийн дутагдалтай, хоолны дуршилгүй, бие жижиг, өсөлт зогсох зэрэг сөрөг үр дагавар их бий.
Үнэндээ бол маш буруу дадал, зуршлыг хүүхдүүд өөрсдөө биш эцэг эхчүүд бид багаас нь буруу аргаар зааж өгөөд байгаа юм шүү. Түүнчлэн сургуулийн орчимд ТҮЦ-нд, дэлгүүрт, сургуулийн цайны газарт ямар ч хараа хяналтгүй зарагдаж байна.

Хийжүүлсэн ундаа их хэрэглэвэл ясны сийрэгжилт болно, чихэрлэг ундаа их уувал шүд цоорох аюултай гэсэн ойлголттой. Тэгвэл эдгээр ундааны найрлага орцонд юу ордог талаарх ойлголт мэдээлэл огт байхгүй бас мэдэхгүй. Хийжүүлсэн ундаа хэт их хэрэглэх нь яснаас кальцийг гадагшуулдаг. Улмаар хүүхдэд ясны хугарал илүүтэйгээр мэддэгдэг байна.

Тиймээс чихэрлэг, хийжүүлсэн ундааны хор хөнөөлийн талаар тайлбарлаж байна. Хийжүүлсэн ундаа нь 90 хувь хийжүүлсэн уснаас тогтох ба мөн шингэрүүлсэн сахар, фосфорын хүчил ба кофеиноос бүрдэнэ. Харин нэг хувийг нь МЕРХАНДИЗ 7 хэмээх нууцлаг бодис эзэлдэг байна. Түүнд агуулсан бодисууд бүгд тодорхой хэмжээний аюул дагуулна.  Нүүрс хүчлийн хий нь ходоод гэдэсний замыг цочроодог. Мөн цөсний хүүдий болон элэгт муугаар нөлөөлдөг. Учир нь 200 грамм хийжүүлсэн ундаанд 5 цайны халбага элсэн чихэр агуулагдана. Сахарын илүүдэл нь биеийн жинг нэмэгдүүлж арьсны өвчлөлд хүргэж болно. Ортофосфорын хүчил нь шүдний эмалийг гэмтээхээс гадна ходоонд сөрөг нөлөөтэй.

Сахарыг амтлаг үхэл, цагаан үхэл гэж нэрлэх тохиолдол бий. Ялангуяа хүйтэн чихэрлэг ундааг их хэмжээгээр хэрэглэснээр шүд илүүтэйгээр гэмтээхээс гадна хоолны дуршил бууруулна. Мөн хийжүүлсэн ундаанд агуулагдах  кофеин нь нойр хулжаана. Хүүхэд хоёр аяга ууснаар муур нойрсдог. Түүнчлэн яс хугарах, ясны сийрэгжилт үүснэ. Хамгийн аюултай нь кофеинд амархан дасал болдог бөгөөд сэргээшийн бодистой ижил үйлчилгээ үзүүлдэг тул түүнийг дахин дахин хэрэглэх хүсэлтэй болно.

Хийжүүлсэн ундаа амны цангаа огт тайлахгүй. Харин ч сахар орлуулагч ихээр агуулагдах тул улам цангааг өөгшүүлж ихээр уух хүслийг оргилуулдаг. Түүнийг ихээр хэрэглэснээр төв мэдрэлийн системд нөлөөлтэй. Хийжүүлсэн чихэрлэг ундаануудад төрөл бүрийн консервантууд үнэр амт оруулагчид болон будагч бодисууд орох ба хоол боловсруулах эрхтэн системд сөргөөр нөлөөлдөг.

Гэвч манайхан баяр ёслолын үеэр тос өөхтэй хоолныхоо хажууд хийжүүлсэн ундаа тавьдаг. Хоол шингээлтэнд сайн гэж ойлгодог. Гэвч бодит байдал дээрээ маш буруу. Нэг сөрөг юмыг нөгөөхөөр дарна гэдэг хор болно гэдгийг НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны мэргэжилтэн, АУ-ны доктор Э.Эрдэнэцогт хэлсэн юм.  

Одоо тэгэхээр чихэрлэг, хийжүүлсэн ундааны хор хөнөөл ямар болохыг эцэг эхчүүд, асран хамгаалагч нар ойлгосон байх. Иймд хийжүүлсэн удаануудаас татгалзаж, харин оронд нь сүү тараг, ориг эко жимсний шүүсүүдийг хэрэглэх нь бидэнд, бидний үр хүүхдэд тустай.
 
Пороро ундааны чихрийн агууламж Кока коланаас 70 дахин их

Хүүхэд багачуудын хамгийн их дуртай дуртай ундаа Поророг сайн мэдэх байх. Хүн бүр хүүхддээ авч өгдөг. Тэгвэл энэ ундаа хамгийн их чихэрлэг буюу амтлаг цагаан үхэл агуулж байдаг аж. Тухайлбал, пороро ундаа чихрийн агууламжаараа Кока коланаас 70 дахин их байдгийг тогтоожээ.

Саяхан жиргээнд нэг хүн жиргэсэн. Тэрбээр “Гурван  настай ач хүүдээ дан пороро ундаа өгдөг өвөө эмээ хоёртой таарч билээ. Аав ээж нь гадаадад байдаг. Өнөөх нь ус ч уудаггүй, ууртай, зэвхий царайтай, Пороро л уудаг, авдраар нь аваад тавьчихсан.  Тэр өвөө эмээ одоо магад эмч нарыг, монголын эрүүл мэндийн системийг муулна” гэжээ. Ингэж багаас нь хүүхдээ эрхлүүлж байгаа нэрийдлээр  тэр хүүхдийг “алж” байгаа хэрэг. Эрүүл мэнд, ирээдүй, хувь хүний хувьд ч маш буруу дадал зуршлыг эмээ өвөө нь суулгаж өгч байгаа нь үнэхээр харамсалтай.   

Хүмүүс чихэрлэг ундаа гэхээр сахар гэж боддог. Бүх хийжүүлсэн ундаанд агуулагдаж байгаа сахар бол элсэн чихэр биш, сахар оруулагч хийдэг юм шүү. Ялангуяа олон улсад хориглочихсон аспартам оруулагчийг хэрэглэдэг. Энэ аспартам бие организмд ороод формальдегид буюу А зэрэглэлийн хавдар үүсгэх аюултай эд. Тийм учраас олон улсад хэрэглэхийг хориглодог. Одоо манайд ундааг яаж хийдэг вэ гэхээр Хятадаас янз бүрийн үнэр, амт оруулагч бодисыг нь оруулж ирээд крантны устай холиод савлачихна. Тэгээд зах зээл дээр гаргадаг. Ямар найрлага орсон нь ойлгомжгүй. МCS-ийнхэн өөрсдөө “Бид хийжүүлсэн ундаагаа хүүхдэд уулгахыг зөвлөдөггүй. Манай рекламд хүүхэд тоглодоггүй” гэж мэдэгдсэн удаатай. Тэгэхээр хүүхдэд болохгүй гэдгийг өөрсдөө мэдэж, хүлээн зөвшөөрч байна гэсэн үг юм.

Тэгэхээр бага насны хүүхдийн ундааны хэрэглээг эцэг, эхчүүд төдийгүй асран хамгаалагчид нь зохицуулж байх ёстой.  Бидэнд зөв дадал зуршил байхад болоо. Бага балчираас нь хүүхдүүддээ эрүүл мэндэд хортой шүү. Ийм болдог юм гэсэн сэтгэхүйг тархинд нь суулгаад өгчих. Багаас нь хүүхдийнхээ дуртайг нь биш хоргүйг нь авч өгч сургая, хэвшье. Энэ тийм ч хэцүү зүйл биш юм шүү, эцэг эхчүүдээ.


 
Эцэг эхчүүдээс илүү багш нар хүүхдэд их “нөлөөтэй”
 
Хүүхдүүдийн худалдан авалтад эцэг эхчүүдээс илүү, сургуулийн багш нар нь их нөлөөтэй. Яагаад гэвэл хүүхдүүд багшийнхаа үгэнд их ордог. Тэгэхээр сурган хүмүүжүүлэгч багш нар нь зөв дадал, эерэг хандлагатай байх ёстой. Хэдхэн хоногийн өмнө тавдугаар ангийн хүү аавтайгаа хичээлээ тараад явж байхдаа КFC-гийн урдуур гарахдаа аав нь “Өлсөөд байна. Хоёулаа орж сайхан шарсан тахиа идэж, хүйтэн кола ууя” гэхэд хүү нь эрс татгалзсан. Хүү “Багш KFC-ийн тахиа, ундаа нь эрүүл мэндэд муу гэсэн. Багшийнхаа үгэнд орно, би идэхгүй ээ” гэхэд аав нь хүүгийнхээ үгэнд орж байх жишээний. Ийм л байх хэрэгтэй.

НЭМҮТ-өөс эцэг эхчүүдэд зөвлөхөд, сайн жүүс бол жимсний жүүсүүд. Ялангуяа гэрийн нөхцөлд өөрсдөө хийсэн ундааг хүүхдүүддээ өгч бай гэх.  

Анагаах ухааны доктор Э.Эрдэнэцогт “Сахар хүүхдийн зөв өсөлтөд сөргөөр нөлөөлнө. Дархлаа суларуулна. Хэт их таргалалт үүсгэнэ. Мөн чихрийн шижин өвчний эх үүсвэр болох гэх мэт олон сөрөг үр дагавар бий. Тэгэхээр бидний хамгийн зөв арга бол хүүхдүүдэд зөв мэдээлэл сургалт хийх. Хүүхдүүдэд зөв мэдээлэл өгчихвөл эцэг эхээсээ илүү багшийнхаа үгэнд ордог. Сургууль, ангиар нь дамжуулж зөв мэдээлэл өгөх нь чухал. Нөгөөтэйгүүр гэр бүлийн буруу хэрэглээ хэвшил их байна. Үүнийг засахад их төвөгтэй. Гэхдээ хандлага нь өөр байхад хүүхдүүд ч дагадаг юм. Гэтэл манайд бүх хүнс зах зээл дээр бэлэн зарагддаг болсон. Хүүхдүүд бэлэнчлээд амт, өнгө үзэмжинд нь болоод авч иддэг. Хүүхдийн хэвшлийг багшаар нь дамжуулах хэрэгтэй. ЕБС-иудад эрүүл мэндийн боловсролын хичээлийг хаасан байсан. Өнгөрсөн жилээс нээсэн. Харин дараа жилээс эхлэн хүүхдийн хичээл зөв хоололтын хичээлийг оруулахаар болсон. Хүүхдүүдийн буруу зохисгүй хэрэглээг багшаар нь дамжуулж, багаас нь эхлээд зөв дадал олгох хэрэгтэй” гэсэн юм.

Ингэснээр таны хүүхэд зөв мэдлэг, зөв мессэжийг толгойндоо суулгана. Хороо сонгох уу, хоолоо сонгохуу гэдгээ ч өөрөө мэдчихнэ. Бас эцэг эхчүүд өөрсдөө эрүүл зөв хэрэглээтэй болсон цагт үр хүүхдүүд чинь зөв хэрэглээтэй байна. Хамгийн гол нь буруу хандлагаа зөв болгоход ямар ч асуудал бэрхшээл тулгарахгүй дээ. ЕБС-иар нь дамжуулаад зөв хоололтын сургалт, мэдлэгийг хангалттай олгох цаг хаяанд ирсэн байна шүү.



О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Наранцэцэг  2018-05-21 07:30:59
    Бид л хүүхдээ багаас нь хордуулж муу муухай дадал зуршилд сургахгүй бол таны хүүхэд эрүүл, ирээдүйн эзэд байна шүү.
    66.181.160.6
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-21 04:57:13
    Хүмүүсд хэрэгтэй зүйл тавьсанд баярлалаа. Багш нар л сайн зааварлаж өгөх нь их зөв шүү , багш нар хүүхдүүдээс мөнгө нэхэхээ болих хэрэгтэй,
    122.201.26.169
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-21 04:27:44
    Түүнчлэн эмнэлэг, сургуулийн орчимд ТҮЦ-нд, дэлгүүрт, сургуулийн цайны газарт ямар ч хараа хяналтгүй зарахыг болиулах хэрэгтэй юм даа.
    103.14.36.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Галаа  2018-05-21 02:53:20
    Пороро угаасаа заваан ундаа би хүүхдэдээ авч өгдөггүй муухай нялуун.
    66.181.160.6
    Мэдэгдсэн Хариулах