Элчин сайдуудыг томилж, эгэлгүй сайхан найрагч хөвгүүнээ алдсан долоо хоног
Өнгөрсөн долоо хоногт утга зохиолд том гарз тохиосон бол улстөрийн албанд Элчин сайдуудыг томилж, Оюутолгойг шалгах ажлын хэсгийг байгуулав. Ингээд долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
 
СГЗ А.Эрдэнэ-Очир тэнгэрт дэвшлээ

Шинэ долоо хоногт эхлэнгүүт нэгэн харамсалтай мэдээ дуулдав. Тодруулбал, СГЗ, яруу найрагч, “Болор цом”-ын эзэн А.Эрдэнэ-Очир таалал төгссөн мэдээ утга зохиол, яруу найрагт дуртай хүмүүсийн зүрхийг нь зүсч, сэтгэлийг нь сэмлэв.

Ийнхүү Монголын ард түмэн нэгэн яруу найрагч хөвгүүнээсээ үүрд өнчирөн үлдэв. Талийгаачийг аг гэрийнхэн болон ах дүүс, анд найз нөхөд нь өнгөрсөн баасан гарагт УДБЭТ-аас сүүлчийн замд нь үдэж Алтан-Өлгийд нутаглууллаа.
 
Элчин сайдуудыг шинээр томиллоо

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсний дагуу нэр бүхий дөрвөн улсад суух элчин сайдыг шинээр томилов. Тодруулбал,

-Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэндсайханы Энхсайханыг эгүүлэн татаж, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэгийг гишүүдийн 87,1 хувийн саналаар,
-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжаагийн Баярыг эгүүлэн татаж, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулгыг гишүүдийн 83,6 хувийн саналаар,
-Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргалыг гишүүдийн 90,2 хувийн саналаар,
-Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболдыг гишүүдийн 90,3 хувийн саналаар тус тус томилсон юм.
 
Оюутолгойг шалгах ажлын хэсгийн ахлагчийг солив  
 
УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг хаврын чуулганаар байгуулсан билээ.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, дэд ахлагчаар Д.Тэрбишдагва ажиллаж, гишүүдэд Л.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар багтаж байв. Улмаар Д.Дамба-Очир гишүүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэх мэдээлэл нэлээд явсан тул захирамжаар Д.Тэрбишдагва гишүүнийг ахлагчаар сонгосожээ. Мөн ажлын хэсгийн гишүүдийн бүрэлдэхүүнд ч нэлээд өөрчлөлт оруулаад байна. Тодруулбал, Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Х.Болорчулуун, Д.Ганболд, Ж.Батзандан нарын гишүүдээр тэд бүл нэмсэн байна. Нэмэгдэж орсон гишүүд өөрсдийн хүсэлтээр санал гаргажээ.
 
“Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн дэд захирлуудыг томиллоо
 
Удаан хугацаанд удирдлагагүй, түр орлон гүйцэтгэгчтэй байсан “Эрдэнэс Монгол” ХХК эзэнтэй болов.

Тухайлбал, “Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн ээлжит хуралдаанаар тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, П.Ганхүүг шинээр томилох шийдвэр гаргажээ.

“Эрдэнэс Тавантолгой"ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, тус компанийн гүйцэтгэх захирлаар Б.Ганхуягийг, Тэргүүн дэд захирлаар Б.Жаргалсайхан нарыг тус тус томилжээ.

"Эрдэнэс-Таван толгой" компанийн анхдагчийн нэг Б.Ганхуяг нь томилогдохоосоо өмнө Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Үйлдвэрлэл эрхэлсэн Тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан юм.

О.Сайхан
olloo.mn
 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.