Үерийн аманд буусан айлуудад мэдэгдэл хүргүүлжээ

Нийслэлийн Байгаль орчны газраас Баянзүрх дүүргийн 9, 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастай голын онцгой хамгаалалтын бүс, үерийн аманд зөвшөөрөлгүй хашаа барьж буусан 300 гаруй өрхөд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Газрын алба, Тохижилт үйлчилгээний хэлтэс, хороодтой хамтран сэрэмжлүүлэг, мэдэгдэл, хугацаатай албан шаардлага хүргүүллээ.

Дээрх айл өрхүүдийн дийлэнх олонх нь хууль бусаар суурьшсан бөгөөд голын эргийн намаг, усан сан бүхий газруудад барилгын хог, дайрга шороо асган тэгшилж буусны улмаас өвөлдөө халиа дошин үүсч төсвийн хөрөнгөөр ус зайлуулах, суваг хоолой гаргах зэрэг ажлууд хийгддэг бол хавар, зуны улиралд үерийн аюултай нөхцөлд амьдардаг юм.

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэм”-ийн 2.5-д заасны дагуу голын онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс шагшуурга мод огтлох, элс хайрга чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглодог.

Улиастай гол нь 308.9 км2 ус хурах талбай бүхий 33.6 км урттай Улаанбаатар хотын экосистемд чухал үүрэгтэй тул голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан юм. Цаашид голын онцгой хамгаалалтын бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байхыг нийслэлийн Байгаль орчны газраас анхааруулж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-05-17 07:44:48
    Нэг хэсэг нь үерийн аманд бууж нөгөө хэсэг нь мэдэгдэл өгч ОУ вальютын сангаас зээл авч нүүлгэж ээ хөөрхий монголчууд
    112.72.14.18
    Мэдэгдсэн Хариулах