Хүүхдээ цэцэрлэгт оруулах, их сургуульд оруулахаас ч хэцүү
Цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Хэдийгээр энэ сарын  25-29 хүртэл ажлын тав хоногт цэцэрлэгийн бүртгэлийг явуулахаар болсон ч эцэг эхчүүд эхний өдөрт бүртгүүлэхээр долоо хоногийн өмнөөс дугаарласан юм. Нийслэлийн хэмжээнд энэ хичээлийн жилд 195 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бөгөөд Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар тус бүр нь 100 хүүхдийн багтаамжтай 17 цэцэрлэг ашиглалтад оруулжээ. Энэ жилийн хувьд цэцэрлэгийн хүртээмжээс шалтгаалж 2-5 насныхны 75 орчим хувийг л цэцэрлэгт хамруулах боломжтой байгаа гэх мэдээллийг албаныхан өгч байгаа юм. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ цоожтой хаалганы цаана хүүхдээ үлдээхгүйн тулд бүртгэлийн эхний өдөр амжиж бүртгүүлэх гэсэндээ долоо хоногийн өмнөөс цэцэрлэгийн гадна хонож байгаа аж. Ингээд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гээд цэцэрлэгийн үүд  сахиж суугаа зарим иргэдтэй уулзаж ярилцлаа.

БЗД-ийн иргэн М.Энхсаруул:Энэ жил ердөө 25-хан хүүхэд авна гэж байна

-Сайн байна  уу танай хүүхэд хэдэн настай вэ, Энд хэзээнээс дугаарлаж байгаа вэ?
-Манай хүүхэд долоон сард хоёр нас хүрсэн. Ингээд хүүхдээ харъяаныхаа цэцэрлэгт оруулах гээд энд очерлож байна. Би энд очерлоод тав хонож байна. Надтай адил тав зургаа хонож байгаа хүмүүс олон байна. Энүүгээр байгаа бүх хүмүүс хоёр гурав бүр долоо хоносон  хүмүүс. Бүртгэл нэг дэх өдөр эхлэх болохоор өнөөдөр очерлож хонож байгаа хүмүүсийн тоо  улам нэмэгдэж байна.

-Энэ цэцэрлэгт энэ жил хэдэн хүүхэд авна гэж байна?
-Их цөөхөн хүүхэд авна гэсэн. Ердөө 25 хүүхэд. Тэгээд хамгийн гол нь энэ жил хоёр нас хүрсэн хүүхэд авах юм байна. Тэгээд л энэ 25 хүүхдийн тоонд оруулчих гээд энд очерлож байна даа. Цэцэрлэгийн хүрэлцээний асуудлыг түргэн шийдэж өгөхгүй бол улам бүр л хэцүүдэж байна. Хүн ам хурдацтай хөгжиж байгаа энэ үед дагаад нийгмийн асуудлаа ч гэсэн шийдэх ёстой биздээ. Гэтэл төрөлтийг нэмэгдүүлнэ гэж ярьчихаад гараад ирсэн хүүхдийг оруулах сургууль цэцэрлэг байхгүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ.


БЗД-ийн иргэн Г.Бат-Эрдэнэ: Урд оны хүүхэд авахгүй гээд байх юм

Цэцэрлэгт хүүхдээ оруулах  их сургуульд хүүхэд  оруулахаас ч хэцүү болж. Би уг нь хоёр хүүхдээ хоёуланг нь оруулах гэсэн чинь урд оны хүүхэд авахгүй гээд байх юм. Тэгээд ядаж багыгаа ч болтугай оруулъя гэж бодоод энд дөрөв хоног очерлож байна.
 
Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой асуудал гаргахгүйн тулд зөвлөмж гаргажээ

Ийнхүү очерлож байгаа иргэдийн сэтгэгдлийг сонсоход хүүхдийн цэцэрлэгийн асуудал маш хурцаар яригдах асуудал боллоо. Сүүлийн үед нийслэлийн хүн ам хурдацтай  хөгжиж байгаатай холбогдуулан албаныхан сургууль цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэх боловч жил бүр асуудал улам л нэмэгдэх боллоо. Эцэг эхчүүд хүүхдээ бүртгүүлэх гэж дайтахаас наагуур юм болж байна. Тиймээс  Нийслэлийн Боловсролын газраас зөвлөмж гаргасан бөгөөд үүнийг үндэслэн цэцэрлэгүүд бүртгэлээ зохион байгуулах юм байна.


Б.Гантулга: Бүх хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломж байхгүй, бид  энэ тал дээр ажиллаж байна

Бид  жил бүр үүсч буй цэцэрлэгийн хүрэлцээний асуудлаар БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Б.Гантулгаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Энэ хичээлийн жилд хэчнээн хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар тооцоолоод байгаа вэ?
-Улсын хэмжээнд өнгөрсөн хичээлийн жилд улсын, хувийн, гэр цэцэрлэг гээд нийтдээ 1017 цэцэрлэг үйл ажиллагаа явуулсан. Энэ хичээлийн жилд ойролцоогоор 1067 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулна гэсэн судалгаа байгаа. Өнгөрсөн хичээлийн жилд 193 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байсан бол энэ жилд 197 мянга хүүхэд хамрагдана. Жилд дунджаар 3000-5000 хүхэд нэмэгдэж байгаа нь шинээр ашиглалтанд орж байгаа цэцэрлэгүүдийн тоотой холбоотой.

-Энэ жил хэдэн цэцэрлэг шинээр үүдээ нээх вэ?
 -Жилд дунджаар 30-35 цэцэрлэгийн барилга ашиглалтанд өгдөг. Энэ жил мөн тэр тооны цэцэрлэгийн барилга  ашиглалтанд орно. Нийтдээ 76 цэцэрлэгийн барилгын үйл ажиллагаа явагдаж байгаа. Эхнээсээ ашиглалтанд орж байна. Өнөөдрийн хувьд Дэлхийн банкны төсвөөр тус бүр нь 100 хүүхдийн багтаамжтай 17 цэцэрлэг нийслэлд үүдээ нээж байгаа. Эдгээр цэцэрлэгүүд нь огт цэцэрлэггүй хороодод  баригдсанаараа онцлог.  Мөн нийслэл хотын төсвөөр нэг цэцэрлэг ашиглалтанд орж байна. Нийт 23 цэцэрлэг шинээр ашиглалтанд орсон.

-Мэдээж жил бүр нэлээд хэдэн цэцэрлэгүүд ашиглалтандп орж байгаа ч хүүхдүүд бүрэн хамрагдаж чадахгүй байгаа. Тэгэхээр хүүхдийг бүрэн хамруулах тал дээр ямар ажил хийж байгаа вэ?
-Бид сургуулийн өмнөх боловсрол дээр өөр журмууд боловсруулж байгаа. УИХ-д өргөн барьсан хүүхэд харах үйлчилгээний асуудал хэрвээ шийдэгдэх юм бол сургуулийн өмнөх  боловсролд хүүхдүүд бүрэн хамрагдах боломжтой.
 

 Хувийн цэцэрлэгүүдийн төлбөр дунджаар 100-400 төгрөг байна
Сүүлийн жилүүдэд Монголд хамгийн хэрэгтэй байгаа сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний асуудлаас болж энэ төрлийн бизнес эрчимтэй хөгжиж байгаа. Хүмүүсийн эрэлтэд тулгуурлан байгуулагдсан эдгээр цэцэрлэг, сургуулиудыг зорих иргэд ч олон болсон. Гэхдээ төлбөрийн асуудал тэдний санааг зовоодог. Нийслэлд хувийн хэвшлийн 200 гаруй цэцэрлэг байдаг бөгөөд төлбөр нь дунджаар 100-400 мянган төгрөгийн үнэтэй байна.


Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Oyun 2014-08-25 07:09:26
    зөв шүү цэцэрлэгүүдээ буцааж аваачээ заримыг нь нураачихсан шдээ (жишээ нь Баянгол зочид буудлын тэнд) ард хайран цэцэрлэг тэнд хүмүүжиж байлаа
    103.26.193.14
    Мэдэгдсэн Хариулах
  • багш 2014-08-25 06:45:47
    Ерээд оноос эхлээд УБ хотын хүүхдийн цэцэрлэгийн байруудыг хувьчилж байсаны гор одоо гарч байгаа юм. Энэ хооронд цэцэрлэгт орж чадаагүй хичнээн хүүхэд гэртээ шатсан болдоо. Одоо тэр цэцэрлэгүүдийн байрыг буцаан улсад авч зориулалтаар нь ашиглах хэрэгтэй
    103.26.193.14
    Мэдэгдсэн Хариулах