Б.Хаш-Эрдэнэ цэргийн Дэлхийн аварга боллоо
Чөлөөт бөхийн цэргийн ДАШТ энэ сарын 15-ны өдөр ОХУ-ын нийслэл Москвад эхэлсэн. 33 дахь удаагийн тэмцээнд манай улсаас Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59 кг гэсэн 10 жингийн урьдчилсан барилдаан болсон юм. Тэгвэл өчигдөр үдээс хойш дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан болоход манай бөхчүүд нэг алт, нэжгээд хүрэл медаль хүртэв.

Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд ОУХМ Бямбадоржийн Хаш-Эрдэнэ алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр Москвагийн дэвжээнд 1/4 шигшээд Швейцарийн Рэнди Вокыг 5:0-ээр, хагас шигшээд Ираны Мохаммад Намжомотлаг 6:2-оор, алтан медалийн төлөөх барилдаанд Александр Медведь, эзэн орны якут бөх Дмитрий Аксеновыг 9:4-өөр тус тус ялсан юм.

Ингэснээр Б.Хаш-Эрдэнэ манай улсаас чөлөөт бөхийн төрлөөр цэргийн дэлхийн аварга болсон долоо дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран, Сүхээгийн Цэрэнчимэд, ОУХМ Нармандахын Лхамгармаа, Оргодолын Үйтүмэн 2014 онд, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон, ОУХМ Ганбаатарын Отгонжаргал 2017 онд түрүүлж байв.

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 70 кг-д ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж хүрэл медалийн төлөөх барилдаанд Сирийн Мазен Кадманиг оноогоор (10:0) цэвэр ялснаар шагналын тавцанд зогссон юм. Харин эмэгтэйчүүдийн 50 кг-д Н.Азжаргал, 53 кг-д өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга Г.Отгонжаргал, 55 кг-д Б.Болор-Эрдэнэ нар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдав.

Өчигдөр эрэгтэйчүүдийн 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 62, 65, 68, 72, 76 кг-ын жингийн урьдчилсан барилдаан явагдсан бөгөөд өнөөдөр медалийн төлөөх барилдаан болно.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.