Д.Бат-Октябрь: Технологи дээр суурилсан бизнес 20 жилийн үр дүнг хоёр жилд авчирдаг

АНУ-ын Techstars хөрөнгө оруулалтын сангийн Ази Номхон далай хариуцсан захирал Д.Бат-Октябрьтай ярилцлаа.

-Юуны өмнө өөрийнхөө талаар танилцулахгүй юу?

-Намайг Даваасүрэнгийн Бат-Октябрь гэдэг. Гэхдээ хүмүүс Око гэж дууддаг юм. Учир нь олон жил гадаадад амьдарсан учраас бүтэн нэрийг маань гадаад хүмүүс дуудаж чадахгүй болхоор тэр. Би АНУ-ын их сургуульд санхүүгийн мэргэжлээр бакалавр төгссөн. Таван улсад ажиллаж, амьдарч байсан. АНУ-д суралцаж байх хугацаандаа старт-апп буюу гарааны бизнесийн талаар судалж, ажиллаж эхэлсэн дээ. Ингээд 2011 онд “Старт-апп Монголд” нэртэй анхны гарааны компаниа үүсгэн байгуулсан юм. Энэ байгууллага нь гарааны бизнесийн эко системийг хөгжүүлэх чиглэлд ажилладаг бие даасан компани. Би одоо тус компанид зөвлөхийн үүрэг гүйцэтгэдэг. Үндсэн ажил маань АНУ-ын Techstars хөрөнгө оруулалтын сангийн Ази Номхон далай хариуцсан захирлын алба. Одоо Сингапурт ажиллаж, амьдарч байгаа. Манайх олон улсын гарааны бизнесүүдэд туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх чиглэлээр олон ажил хэрэгжүүлдэг. Үндсэн ажлынхаа хажуугаар Сингапураас 100 мянган ам.долларын хөрөнгө босгож, “Work central” хамтын оффисыг байгуулсан. Хаалгаа нээснээс хойш нэг жил болох гэж байна. Бас Benzeen гээд гарааны компанийг байгуулж, санхүүжилт босгохоор ажиллаж байна. Үүнээс гадна, Монголын тав, зургаан гарааны компанид зөвлөхөөр ажиллаж байна.

- Монгол хүн АНУ-ын томоохон компанид захирлаар ажиллана гэдэг том амжилт шүү. Та АНУ-д суралцах боломжийг яаж нээсэн юм бэ?

-Манайх Хэнтийн айл ч бид Орхон аймаг руу нүүж, тэнд бага насаа өнгөрүүлсэн. Би өөрийгөө Соросын сангийн хүүхэд гэж хэлнэ. АНУ-д суралцах боломжийг 14 настайдаа өөртөө нээсэн юм. Тэр үед азаар Соросын сангийн тэтгэлэгт хамрагдах боломж нээгдэж, англи хэлтэй болсон. Ингээд маш олон мэтгэлцээнд түрүүлж, улмаар эх орноо төлөөлж олон улсад мэтгэлцдэг болов. Ингэж л миний амьдралын замнал эхэлсэн. АНУ-д мөн л тэтгэлгээр суралцсан. Сурлага сайтай хүүхэд байсных болов уу гэж одоо боддог юм. Хэлтэй бол хөлтэй гэдэг үнэн үг. Хүн нэг юм үзчихээр буцна гэж байдаггүй юм билээ. Өшөө илүү ихийг хийж, илүү амжилтад хүрэхийг зорьдог. Хүн бүр нэг гараанаас ижил тэгш эрхтэй гардаг. Харин хэн хөдөлмөрлөж, хэн мэдлэг олж чадна, тэр хүн амжилтад хүрдэг.

-Гарааны бизнесийг хэзээнээс хийж эхэлсэн бэ. Таныг Lendmn зэрэг амжилттай яваа компаниудад зөвлөдөг гэж сонссон.

-АНУ-д суралцаж байхдаа л гарааны бизнес хийж эхэлсэн. Мундаг хүмүүсийн эргэн тойронд байхаар аливааг сонсож, хүртэж, тэндээсээ өдөөгддөг юм билээ. Сурахынхаа хажуугаар гарааны томоохон компаниудад дадлага хийсэн маань надад маш их зүйлийг авчирсан гэж боддог. Амжилтад хүрэхийн тулд зам товчлох гэж оролдох хэрэггүй, ирээдүйд харамсах зүйл хийж болохгүй, шийдвэр гаргахдаа бусдад болон өөрт ээлтэй байдлаар хийх нь зөв гэдгийг ойлгосон. Нэг хүн алдахад нөгөө хүн хождог тоглоомын дүрмийг баримтлахаас илүү, хамтдаа хожиж болно гэдэг арга замыг сонгох нь зүйтэйг ойлгосон.

-Монголд старт-аппын хөгжил ямар түвшинд байна вэ. Гарааны бизнесийг хөгжүүлэхэд ямар зүйл дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Дөнгөж эхэлж байгаа бизнесийг старт-апп гэнэ. Ямар ч салбар үл хамааран бизнес тэлж, хөгжихөд технологи дээр суурилдаг зуунд бид амьдарч байна. Энгийнээр хэлбэл, технологи дээр суурилсан бизнес 20 жил болж байж хүрдэг үр дүнд өнөөдөр хоёр жилийн дотор хүрэх боломжтой болсон. Хамгийн энгийн жишээ нь Lendmn. Арилжааны банкуудын хийж чадахгүй зүйлийг 30-хан хүний бүрэлдэхүүгтэй баг богино хугацаанд хийж, зээлийг маш амархан, технологийн тусламжтай шийдэж чадлаа. Хөрөнгийн биржийн рекордыг захиалгаар эвдэнэ гэдэг шинэ үеийн хувьсал яар аргагүй мөн. Эндээс бид технологи дээр суурилсан бизнес ямар өндөр өгөөж авчирч болдгийг харж байна.  Цөөн хүн амтай манай улсын дэлхийд өрсөлдөх цорын ганц арга бол энэ. Бид дэд бүтцэд суурилсан мэдлэгээс илүүтэй технологи дээр суурилсан өндөр үр ашигтай, хэдэн сая хувиргах чадвартай зүйлийг үүсгэх хэрэгтэй юм. Энэ бол миний  хэлэх гээд байгаа санаа.

-Монгол Улс цөөн хүн амтай, жижиг улс. Дэлхийн технологийн хөгжлийн хурднаас хэдэн зуу дахин хоцрогдож явна. Таны харж байгаа хөгжих боломж, гарц, шийдэл яг юу юм бэ?

-Хэдий бид цөөхүүлээ ч маш сайн үр дүн гаргах боломжтой. Аравхан сарын дотор IPO хийсэн олон улсын жишиг ховор байдаг. АНУ-д байдаг технологийн томоохон компаниудад ажиллаж буй монгол инженерүүдийн тоо хэдийнэ 300 давсан байна. Тэгэхээр цөөхүүлээ ч гэсэн бидэнд маш мундаг байх боломж,  чадварууд байгаа гэсэн үг. Үүнийг олж харах нь чухал. Хоцорч эхэлсэн учраас зам товчилж сурах зүйлүүд ч байна. Гаднын соёлтой танилцаж, гаднын хэлийг суралцаж, илүү нээлттэй түвшинд ажиллах хэрэгтэй.

-Гарааны бизнесийг хөгжүүлэхэд хамтын оффисийн оролцоо чухал гэж байна. Хамтын оффис гэдэг нь өнөөдөр шинэ тутам ойлголт. Хамтын оффисийн гүйцэтгэх үүрэг юу вэ?

 - Хамтын оффис нь хэд хэдэн шалтгаанаар гарч ирсэн байдаг. Нэгдүгээрт, үл хөдлөх хөрөнгө үнэтэй байснаас үүдэн дөнгөж гарааны бизнес эрхэлж байгаа залуус төдий хэмжээний мөнгө гаргах боломжгүйгээс ургасан. Ингээд нэг оффисийг хамт түрээсэлж яагаад болохгүй гэж гэсэн санаагаар эхэлсэн юм. Харин одоо энэ загвар маш үр дүнтэй гэдэг нь нотлогдоод байна. Үүнээс улбаалан ижил сэтгэдэг, ижил хүсэл тэмүүлэлтэй хүмүүсийг нэг дээвэр дор цуглуулбал үнэхээр л ид шид тохиодог юм байна гэдэг нь харагдсан. Залуучуудын аливаа юмыг хийж байгаа арга барил нь нээлттэй, технологид хөшүүрэгдсэн, гаднын хэлээр ярьдаг хүмүүс тэнд цуглардаг. Иймээс хөрөнгө оруулалт татах, харилцаа холбоо үүсгэх, сүлжээ тогтоох, бизнесийн бусад гайхалтай санаанууд хамтын оффис дээр төрөн гардаг юм. Энэ бол хамтын оффисийн гүйцэтгэх үүрэг.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: mecss.gov.mn
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-05-15 11:31:27
    маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр гэдэг ЗГ 76 сайдуудтай юм чинь. 76 ба сайдууд бүгд өөрийн наймаатай тул шинэ технологи нэтьрүүлэхэд өөрсдөд нь ашиггүй х...
    122.201.22.192
    Мэдэгдсэн Хариулах