Цэцэг бүхэн өөр өнгөтэй
“Цэцэг бүхэн өөр өнгөтэй”. Өвөрмөц нэртэй энэхүү бичил төслийн хүрээнд тэргэнцэртэй, хөгжлийн болон тулгуур эрхтний бэрхшээлтэй өсвөр насны охид, эмэгтэйчүүдэд тохиолдож буй гол асуудлыг тодорхойлж, гарц шийдлийг хамтран олох юм. Үйл ажиллагааг эхлүүлж энэ сарын 11-нд дээрх бүлэгт зориулсан сургалтыг нөхөн үржихүй, сэргээн засах эмчилгээ, хоол зүй сэдвээр зохион байгууллаа.

Үндэсний статистикийн газрын мэдээлснээр 2017 оны байдлаар Монгол Улсад 103 мянган иргэн хөгжлийн бэрхшээлтэй гэгддэгээс 46.320 нь эмэгтэйчүүд ажээ. Хүн тус бүрийн ард асран хамгаалагч байна гэж үзвэл тухайн гэр бүлийн эдийн засгийн нөхцөл, цаашлаад улс орны хөгжлийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлөх томоохон дүн харагдаж байна.

Нийгмээ илүү гэрэл гэгээтэй болгож, дурдсан тоог бууруулахад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өөрсдийнх нь оролцоо, манлайлал маш чухал юм. Тийм учраас төслийн санаачлагчид болох “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал” хөтөлбөрийн оролцогчид Монголын Тэргэнцэртэй иргэдийн холбоотой хамтран “Цэцэг бүхэн өөр өнгөтэй” онлайн клубийг байгуулж, үйл ажиллагааг нь чиглүүлж байна.   

Дээр дурдсан зорилтот бүлгийнхэнд бодит мэдээлэл мэдлэг олгож, өөрсдөө хөгжих боломжийг нь бүрдүүлэх энэхүү үйлсийг “Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд” ТББ, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сан, Интермед эмнэлэг, Easy Diner ресторан, “Монсуль” ХХК, Michel&Amazonka брэнд, “Эко косметикс трэйд” ХХК, “Витафит групп” ХХК, VegArt naturals, Mayara Mongols брэнд, “Бурхадын зоог” ХХК зэрэг байгууллагууд дэмжихээр болжээ.

Эцэст нь дурдахад, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн онцлогт тохирсон хүртээмжтэй нөхөн үржихүйн эрүүл мэндийн кабинет Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн 10-р төвд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд зорилтот бүлгийнхэнд дүүрэг харгалзахгүй үйлчилж буйг дуулгая. 



О.Сайхан 
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.