Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир 2018 оны тавдугаар сарын 14-ний өдөр таалал төгсчээ.
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул А.Эрдэнэ-Очир найрагч Монголын их утга зохиол, яруу найрагт түүхийн шинэ хуудсыг нээж, “Ерээд оныхон” хэмээн нэрлэгдсэн нэгэн үеийн яруу найрагчдын тодоор гэрэлтсэн төлөөлөгч болсон бөгөөд асгарсан их авьяас билэг, ундарсан их уран бүтээлээрээ уншигч олондоо танигдан, хүлээн зөвшөөрөгдсөн энэ цагийн шилдэг уран бүтээлч байв.
Түүний “Бэхэн цэнхэр өдрүүд”, “Гэнэн шувууд”, “Эрх сэтгэл”, “Нар сарны урсгал”, “Миний цуглуулсан хорвоо”, “Тунгалаг гунигийн улирал” зэрэг бүтээлүүд нь уншигчдын хүртээл болсон бөгөөд яруу найргийн “Алтан бийр” наадмын 1992, 1993, 1995, 1998, хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын 1992, 1998, “Аморе” наадмын 2004 оны тэргүүн шагналтан юм.
Мөн тэрээр шилдэг бүтээлээрээ 1998 онд МЗЭ-ийн шагнал, 1999 онд Ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит шагнал хүртэн, 2017 онд Монгол улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн болсон билээ.
Түүнчлэн өөрийн бүтээл туурвилаас гадна монгол үндэсний үнэт өв болох утга зохиол, яруу найраг хэмээх соёлыг хүүхэд багачуудад таниулан сурталчлах, тэднийг яруу найрагт хөтлөн оруулах, ач тусыг нь мэдрүүлэх, даяаршлын эрин зуунд хэл соёлоо авч үлдэх, хойч үеэ сурган хүмүүжүүлэх үйл хэрэгт сэтгэл, зүтгэл, хөдөлмөрөө зориулан ажилладаг утга зохиол, соёлын нэртэй зүтгэлтэн байв.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.