М.Цэцэнбилэг: Яаралтай хамгаалах шаардлагатай 16 өв бий
Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын өвийн бүртгэл судалгааны төвийн дарга М.Цэцэнбилэгтэй биет бус өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх талаар ярилцлаа.

-Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй хэдэн биет бус өв байна вэ?

-Манай улсад биет бус өвийг таван ай савд хувааж үздэг. Эхнийх нь эх хэл болон аман уламжлалын илэрхийллүүд. Үүнд 14 өв багтсан. Монгол үлгэр, ерөөл магтаал, зүйр цэцэн үг гэх мэт. Дараагийнх нь Ардын язгуур урлагийн ай сав. Үүнд уртын болон богино дуу, дэмбээдэх, морин хуурын ур хөөмийн уламжлалт урлаг гээд есөн өв багтсан байна. Үндэсний уламжлалт зан үйл, ёслол баяр наадам ай савд монгол наадам, адуу тамгалах зан үйл, айраг цагаатай холбоотой зан үйл, ёслолууд багтдаг.

Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, заншил, уламжлалт арга технологи ай савд ардын уламжлалт анагаах ухааны төрлүүд, байгаль цаг агаар хэмжих ухаан, цагаан идээ бэлтгэх зэрэг өв орсон. Харин ардын уламжлалт гар урлал ай савд хөгжмийн зэмсэг бүтээх, уламжлалт арьс ширэн урлал, гэр барих зан үйл орсон байдаг. Эдгээрийг нэгтгэхээр 80 гаруй биет бус өв бий гэсэн тоо гарч байна.

-Үүнээс одоогийн байдлаар яаралтай хамгаалах ёстой өвд хэд нь бүртгэгдээд байна вэ?

-Манай үндэсний бүртгэлд ч яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт гэж бий. Олон улсын хэмжээнд ЮНЕСКО-д ч бас энэ төрлийн өвийн жагсаалт гэж байдаг. Үүнд монгол уран бичлэг, бий биелгээ, лимбэний уламжлалт арга, ингэнд ботго авхуулах зан үйл гэсэн зан үйл ЮНЕСКО-д бүртгэлтэй байна. Харин үндэсний бүртгэлд монгол тууль, цуур, бий биелгээ, ингэнд ботго авхуулах зан үйл, уул овоо тахих зан үйл гэсэн 16 өв байна.

-Эдгээр өв устаж, мартагдах ирмэг дээр байна гэж ойлгож болох уу? 

-Эдгээр өв мартагдахад ойрхон байна. Учир нь цөөн тооны өвлөн уламжлагчтай. Тэдгээрээс өвлөж авах хүн байхгүй учир эдгээр хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд энэ өвүүд үгүй болох юм. Хойч ирээдүй болсон хүүхдүүд ийм өв байсан үгүйг мэдэхгүй өснө гэсэн үг. Тиймээс эдгээрийг яаралтай сэргээн дэлгэрүүлж, хамгаалах хэрэгтэй байна.

-ЮНЕСКО-д эдгээр өвийг бүртгүүлэх нь ямар ач холбогдолтой юм бэ?

-ЮНЕСКО-д бүртгүүлснээр бид эдгээр өвөө алдах эрсдэлтэй байгааг олон улсад зарлаж байгаа юм. Ингэснээр гадны байгууллагуудын хөрөнгө оруулалт, тусламжтайгаар сэргээх, түгээн дэлгэрүүлэх дараагийн алхмыг хийх боломж бүрдэнэ.

-Саяхан ЮНЕСКО-гийн хурлын үеэр яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалтаас Вьетнам улс нэг өвөө төлөөллийн жагсаалт руу орууллаа гэж байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Төлөөллийн жагсааж гэдэг нь зөвхөн тэр улсад байдаг онцгой өвийг хэлдэг. Бусад улс, оронд үзэх боломжгүй, үнэт зүйл гэж ойлгож болно.

-Манайд энэ жагсаалтад бүртгэлтэй өв бий юү?

- Манай улсаас морин хуур, уртын дуу, шувуучлахуй, хөөмий, монгол наадам гэсэн өвөө бид төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн. Яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалтаас төлөөллийн жагсаалт руу шилжих нь энэ өв мартагдах аюулаас аврагдлаа гэсэн үг. Цаашид энэ өвийг яаралтай хамгаалах шаардлагагүй, үеийн үед өвлөгдөн үлдэх боломж бүрдлээ гэж ойлгож болно.

-ЮНЕСКО-гийн шугамаар манай улсад соёлын биет бус өвийг хамгаалах ямар арга хэмжээ авсан бэ?

-Манай улс ЮНЕСКО-гийн соёлтой холбоотой таван конвенцэд нэгдсэн байдаг. Үүнээс хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж, Монгол Улсад эрчимтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг нь соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенц юм. Энэ конвенцийн хүрээнд олон хөтөлбөр хэрэгжүүлсэн. 2013-2016 оны хооронд Монгол Улсын чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулсан. Үүнд манай мэргэжилтнүүд оролцож, соёлын биет бус өв гэж юу болох, үүнийг цаашид хэрхэн хамгаалах талаар сургалт авсан.

-Одоо хэрэгжиж буй “Богцон дахь өв соёл” хөтөлбөрийн тухай танилцуулаач?

-Энэ хөтөлбөрийн анхны туршилтыг 2016 онд Орхоны хөндийд хийсэн. Хүүхэд залуучуудад соёлын өвийн боловсрол олгох зорилготой. Төслийг БСШУСЯ хамтран хэрэгжүүлсэн байдаг. Богцон дотор Орхоны хөндийд байгаа соёлын дурсгалт газруудыг загвар маягаар хийж, хүүхэд залуучуудад танилцуулсан. Ихэвчлэн Орхоны хөндийн ойр, орчмын ерөнхий боловсролын сургуулиудаар тараасан. Энэ төрлийн төслийг байнга хэрэгжүүлбэл хүүхдүүд соёлын өвийн тухай мэдлэгээ тэлэх боломжтой.

-Хүүхдүүд ер нь соёлын өв гэж юу болох, түүнийг хэрхэн хайрлаж хамгаалах тухай мэдээг хэр байна?

-Хүүхдүүдийн мэдлэг тун тааруухан байдаг. Бид соёлын өв гэж ийм зүйл байдаг. Та бүхэн үүнийг өвлөн уламжилж, хайрлан хамгаалах ёстой гэж лекц уншсаны дараа сонирхдог. Тиймээс ерөнхий боловсролын сургууль, багш, эцэг эхчүүд нь өөрсдөө мэдлэгээ тэлж, энэ тухай хүүхдүүддээ ойлгуулах, сурталчлах ажлыг зохион байгуулбал үр дүнд хүрэх байх.

-Аль аймагт биет бус өвийг өвлөн уламжлагч олон байгаа вэ?

-Зөвхөн бий биелгээний тухайд яривал Улаанбаатар хот болон баруун аймгуудад өвлөн уламжлагч нар нь ихэвчлэн байдаг. Нийлээд 400 гаруй хүн бий гэсэн судалгаа гарсан. Гэхдээ үүнийг тогтмол тоо гэж ойлгоход хэцүү. Учир нь зарим аймаг тоо авахаар 8-9 настай хүүхдээ бүртгүүлдэг жишээтэй. Мөн бий биелээчдийн авьяас, мэдлэгээс шалтгаалаад тоо хэлбэлзэнэ. Бүр нарийн тооцвол монгол бий биелгээний үндсэн шинжийг өнөөг хүртэл хадгалан өвлөн уламжилж буй 40 гаруй хүн байгаа гэж үздэг.

-Ирээдүй хойч болсон залуус энэ тээгчдээс арга техникийг нь сурч, цааш түгээн дэлгэрүүлж байж энэ өв мартагдаж, сүйтэх аюулаас аврагдана. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Манай байгууллага зөвхөн судалгааны ажлыг хийж гүйцэтгэдэг. Жил бүр аймгуудаар явж, өвлөн уламжлагчийнхаа тоог авдаг. Тэр аймагт ямар өв хадгалагдаж байна. Түүнийг яаралтай сэргээн засах, түгээн дэлгэрүүлэх шаардлага тулгарч уу гэдгийг судлах зорилготой. Харин энэ хүмүүст зориулсан тусгай бодлого, хөтөлбөрүүдийг Засгийн газраас гаргадаг.

Зууны мэдээ
Ч.Гантулга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.