Мод тарих үндэсний өдөр тохиож байна

Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгож зарласан. Тэгвэл энэ өдөр өнөөдөр буюу тавдугаар сарын 12-ний өдөр тохиож байна.

Энэ өдрийн хүрээнд “Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” уриатай хаврын мод тарилтын нээлтийн үйл ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд 11:00 цагт эхэлнэ.  Нээлтийн үйл ажиллагаанд  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын гишүүд,   НЗДТГ-ын удирдлага, албан хаагчдын төлөөлөл оролцоно. 

Энэ жилийн хаврын мод тарилтаар хайлаас, чацаргана, монос, голт бор, улиас, гацуур, нарс, шар хуайс гэсэн 8 төрлийн нийт 5000 орчим мод таригдах юм.  Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Маршалын гүүрний зүүн хойд хэсгээс Баянзүрхийн гүүр хүртэлх 973 га талбайг хамарч байгаагаас 183 га талбайн ТЭЗҮ /техник эдийн засгийн үндэслэл/ хийгдсэн. Өнгөрсөн жилээс III ээлжийн 50 га талбайд ногоон  байгууламж тохижтилтын ажил эхэлсэн  бөгөөд энэ жилийн мод тарилт  Ус сувгийн удирдах газрын гүний худгийг  хамгаалах хамгаалалтын зурвас хэлбэрээр таригдаж байна.

2009 оноос хойш  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд  нийт 27 төрлийн 123 мянга гаруй мод сөөг таригдсан. Өнгөрсөн 2017 онд тооллого явуулж мод  ургалтын байдлыг тодорхойлоход 98.8 хувьтай гэсэн үзүүлэлт гарчээ


Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.