Сири улсын Ерөнхийлөгч Башар Асад Грекийн “Катимерини" сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагадаа Оросын улс төрийн ур ухааны ачаар тус улсад эгээтэй л дэлхийн гуравдугаар дайн дэгдчихгүй байгаа гэжээ. Тэрбээр дайн болохгүй, учир нь азаар Оросын цэцэн мэргэн удирдлага байна хэмээсэн байна.
Харин АНУ алан хядагчдыг үргэлжлүүлэн дэмжсээр байна хэмээн Сирийн Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлжээ. Түүний хэлж буйгаар энэ бол Арабын Бүгд Найрамдах Сири улс дахь Вашингтоны хийж буй цорын ганц ажил гэнэ. “АНУ-ын Сирид гүйцэтгэж байгаа цорын ганц үүрэг нь ямар нэртэй, ямар бүлэгтэй байхаас үл хамааран алан хядагчдыг дэмжих явдал гэдгийг бид бүгд маш сайн мэдэж байгаа” хэмээжээ.
Үүний зэрэгцээ өрнөдийнхөн Ойрхи Дорнодод ноёрхлоо тогтоох оролдлогоо зогсоохгүй байгаа, Сири улс Оростой хамтарч “энэхүү оролдлого”-ын эсрэг тэмцэж байгаа гэж Ерөнхийлөгч Башар Асад хэлсэн байна.
“Сиричүүд ах дүү мусульманчууд, өрнөдийнхний хуйвалдаан нуран унасны горыг их амссан. Гэвч эсэргүүцлийн үнэ цэн бууж өгөх үнэ цэнээс бага” хэмээжээ. Тэрбээр тэмцэл дуусаагүй, үргэлжилсээр байгаа гэдгийг тэмдэглээд өдгөө чиглэгдэж буй хүмүүнлэгийн ажлууд алан хядагчдын гарт оролгүй, зорилгодоо хүрэх нь чухал гэлээ.
Сирийн Ерөнхийлөгч алан хядах ажиллагаатай хийх тэмцэлд найрамдалт орнууд дэмжлэг үзүүлж буйг тэмдэглэсэн байна.
Тухайлбал, Иран, Оросоос эдийн засгийн болон цэргийн тусламж үзүүлдэг гэжээ. "Орос улс Сирийг Аюулгүйн зөвлөлд хамгаалж байсан. Дараа нь зэвсэгт хүчнээ илгээсэн. Тус улсын дайчид Сирийн газар нутагт баатарлагаар амь эрсэдсэн” хэмээн Асад хэлээд Сири улсыг тогтоон барихад тусалсан анд нөхдөө түүхийн сурах бичгийн тэргүүнд бичих болно гэжээ.
Харин Сирийн Ерөнхийлөгч Турк улсыг энэ нөхцөлд “баталгаа, түнш” гэж үзэж болохгүй гэсэн байна. Туркийн удирдагч Эрдоган алан хядагчдын бүлэгт дэмжлэг үзүүлдэг болохоор огт итгэх хэрэггүй гэсэн байна. Асад "Сирид туркууд орж ирсэн бүхий л үйлдэл булаан эзлэхтэй холбоотой" хэмээжээ.
Сири улс химийн зэвсэггүй
Сирийн төрийн тэргүүн Башар Асад түүнчлэн тус улс 2013 оноос хойш химийн зэвсэггүй болсон гээд түүнийг хэрэглэсэн гэсэн асуудлыг үгүйсгэжээ. “Юуны өмнө манай улс 2013 оноос хойш химийн зэвсэггүй болсон. Бид зэвсгээ хүлээлгэн өгсөн. Олон улсын химийн зэвсгийн байгууллага судалгаа явуулаад, манайхыг химийн зэвсэггүй гэж албан ёсоор бүртгэсэн шүү дээ” хэмээжээ. Харин Сирийн арми дайчдыг ялж эхэлснээс хойш химийн зэвсэг хэрэглэсэн гэж буруутгадаг болсон хэмээн нэмж хэлсэн байна.
“Энэ бол худал хуурмаг зүйл, зохиомол тоглоом, зүгээр л Сирийн арми руу халдах гэсэн арга. Алан хядагчид ялагдаж эхэлмэгц АНУ, Франц, Их Британи улс болон Сирийг тогтворгүй байлгахыг хүссэн тэдгээрийн холбоотнууд гол хөзрөө алдах нь гэж харсан. Тэд алан хядагчдын дайнч чанарыг сэргээх, бусад дүүргүүдийг чөлөөлөхийг зогсоохын тулд Сирийн арми руу халдсан" гэжээ.
Трамп тууштай биш улстөрч
Сирийн Ерөнхийлөгч Башар Асад ойрын үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзана гэдэгт эргэлзэж байна гэжээ. Тэрбээр Америкийн төрийн тэргүүнийг тууштай биш улстөрч хэмээгээд Цагаан ордны эзэнтэй уулзсанаар ямар үр дүн авч ирэх нь ч тодорхойгүй хэмээсэн байна.
Башар Асад мөн өөрийг нь Трамп мал гэсэнд ч хариулт өгчээ. Тэрбээр ийм үг хэллэг Америкийн соёлд нийцдэг эсэхийг сонирхож байна гээд "Энэ дэлхий дээр ийм хэл хэрэглэдэг нийгэм байгаа гэж би бодохгүй байна" гэж мэдэгджээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр Дональд Трамп Сирийн Дума хотод химийн дайралт болсон тухай мэдээлэлтэй холбоотойгоор Башар Асадыг мал хэмээсэн билээ.
Өглөөний сонин
Э.Мөнхзаяа