Ц.Цогзолмаа: Техник, технологийн эрэн зуунд хамтын хүчээр ялалт байгуулна

“Монголын залуучуудын холбоо”, "Залуу удирдагч" сан зэрэг байгууллагууд хамтран "Next stop" ёслол хүндэтгэлийн наадмыг уламжлал ёсоор оны заагт зохион байгуулдаг уламжлалтай билээ. Шилжилтийн 25 жилийн хугацаанд "Нийгэм, улс төрийн топ залуу”, "Эдийн засаг, бизнесийн топ залуу”, 2017 оны "Бүтээгч улс төрч залуу”, "Бүтээгч бизнесмен залуу”-г олон нийтийн санал асуулгын дүнд тодруулдаг юм. Уг шалгаруулалтын шилдгүүдээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, М-Си-Эс группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал, “Монгол HD ТВ”-ийн гүйцэтгэх захирал Ч.Номин нар шалгарсан юм. “Оны залуу” лекц энэ сарын 5-нд Төрийн ордны их танхимд болсон. Ингээд “Бүтээгч улс төрч залуу”-гаар шалгарсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн “Өрсөлдөөн” сэдэвт лекцийг хүлээн авна уу.

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хувьд өнгөрснийг ярихаас илүүтэй Монгол Улсын боловсролын систем ирэх 25 жилийн хугацаанд хаашаа явах вэ, бидний боломж юу байна вэ, ирээдүйн чиг хандлага ямар чиглэлд байгаа вэ гэсэн сэдвийн хүрээнд тогтож ярихаар өнөөдрийн илтгэлээ бэлдлээ.  Өнгөрсөн 20 дугаар зуунд бид тусгаар тогтнолоо авч үлдэж чадсан бол эдүгээ 21 дүгээр зуунд бид хэрхэх ёстой вэ. Энэ зуун бол хүн төрөлхтний, дэлхий нийтийн хувьд техник, технологи, эдийн засаг, боловсролын өрсөлдөөний зуун гэж үндсэндээ тодорхойлж болно. Дэлхий ертөнц өдрөөс өдөрт дижиталчлагдаж байгааг хүн бүр мэднэ. Бид гар утсаараа дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт болж буй мэдээллийг цаг алдалгүй авч, мэдээллийн их урсгал дунд амьдарч байна. Тэгвэл мэдээллээс ямар хүн хоцорч байгаа вэ. Мэдээлэл гэж юуг хэлж байна вэ гэдэг өөрөө тун сонирхолтой. Энэ нийгэмд боловсролгүй, дэлхийн хэлийг суралцаж чадахгүй хүн маш олон боломжоос хоцорч байгааг хэлмээр байна.

Тэгвэл Монголын ирээдүйг хэн авч явах вэ. Энэ асуултад өнгөрсөн 25 жилийн хугацаанд авсан сургамж басхүү боловсролын сайдын хувиар хариулахыг хүсэж байна. Бид өнгөрсөн 25 жилийг маш хялбар юм шиг бодож өнгөрүүлжээ. Хэл, нийгмийн салбарт боловсон хүчний илүүдэлтэй болжээ. Үүнээс үүдэн хотыг, хөгжлийг хэн түүчээлэх вэ гэсэн бас нэгэн асуулт урган гарч байна. Хотыг хэн босгож, улсыг хэн авч явдаг вэ. Тэд бол инженерүүд. Иймд ирээдүйн 25 жилийг төсөөлнө гэвэл яахын аргагүй нүүдэлчин соёл иргэншлээс суурьшмал буюу хотжилтын соёл иргэншилд шилжинэ гэж төлөвлөж байгаа. Харин энэ цаг үед инженерүүдээ бэлтгэх зайлшгүй шаардлага бидэнд тулгарч байна. Тиймээс Монголын боловсролын салбар дэлхийн өндөр хөгжилтэй, өндөр технологитой улс орнуудад инженер бэлтгэх хөтөлбөрийг боловсруулж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс, Япон улсын Засгийн газар хамтран 1000 инженер бэлтгэх төслийг хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр 300 орчим оюутан ШУТИС-ийн хоёрдугаар дамжаанаас шалгалт өгч, Японы их, дээд сургуульд элсэн суралцах боломж бүрдээд байна. Үүнээс цааш улам их хөгжлийг буухиалж, түүчээлсэн өндөр мэргэжилтэй инженерүүдийг ойрын 10-15 жилийн хугацаанд бэлтгэх гэхчилэн боловсролын салбарт эдийн засгийн олон талт тулгаар бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй боллоо.

Төрөөс  Монгол Улсын боловсролын систем, бодлого, эрх зүйг хэрхэн сайжруулах вэ, хууль батлаад орхих бус, баталсан хуулийн зүйл заалтыг залуучуудад хэрхэн бодит боломж болгон хүргэх, тэднийг дэмжих вэ гэдэгт анхаарах цаг ирсэн. Тиймдээ ч энэ удаагийн Засгийн газар өнгөрсөн 25 жилд гаргаж байгаагүй том шийдвэрийг гаргалаа. Энэ бол айл гэрт дарамтгүй, оюутныг суралцах боломжоор бүрэн дүүрэн хангасан, хүүгүй, барьцаагүй, банкаар дамжуулахгүй, хамтран зээлдэгч шаардахгүй олгох “Оюутны хөгжлийн зээл”-ийн хөтөлбөр юм. Түүнчлэн ахисан түвшинд буюу магистер, докторуудад ч энэ боломжийг олгож, энэ сарын 1-нээс зээл олгож эхлээд байна. Энэхүү зээлийг олгосноор боловсролын салбарын ирээдүйд томоохон хөрөнгө оруулалт хийж байна гэж ойлгож болно. Үүний үр дүнд чанартай боловсон хүчин бэлтгэгдэж, боловсролын салбарт томоохон эргэлт авчирна гэж харж байна.

Дараагийн нэг чухал асуудал бол өрсөлдөөн. Технологийн эрэн зуунд амьдарч байгаа энэ үед зөвхөн “Би ялна” гэх бус, монголчууд хамтдаа ялах ёстой гэсэн ойлголтыг өрсөлдөөний түвшинд авчрах цаг нэгэнт ирээд байна. Өнгөрсөн 25 жилд би л ганцаараа мөнгө олж, би л сайхан амьдарч байвал боллоо гэсэн сэтгэхүй буюу туйлын аминчхан үзлээр ханддаг байсан. Энэ бол өнгөрсөн цаг үеэс авсан хамгийн том сургамж байлаа. Харин одоо бид хамтдаа дэлхийн зах зээл дээр өрсөлдөх өрсөлдөөнд өөрсдийгөө бэлдэх, хамтын хүчээр эх орныхоо төлөө зүтгэх ёстой гэсэн сэтгэхүйг бий болгох хэрэгтэй байна. Залуу хүн бүр ялах эрмэлзэлтэй байдаг. Гэхдээ өөрөө өөрийгөө ялах ялалт гэдэг бусдын өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарладаг ялалтаас эхлэлтэй гэдгийг онцлох нь зүйтэй. Өөрийгөө соён гэгээрүүлж, дэлхийн ноу хау-гаас суралцаж, гарааны компаниудыг байгуулж, шинжлэх ухаан, инновацийн эзэд болж гэмээнэ дэлхийн хөгжлөөс Монгол Улс, монголын залуус хоцрохгүй явна. Тиймээс уриалмаар байна. Энэ бол бидний том амжилтын том эхлэл байх болно.

Монголчууд өөрчлөлт гэдэг үгийг харахдаа нийгэмд ямар нэгэн томоохон тэсрэлт хийх, нийгэмд ямар нэг том зүйл бий болохыг хүлээдэг болсон. Гэсэн ч энэ хоцрогдсон үзэл хэдийнээ ард хоцорлоо. Өөрчлөлтийг өөрөөсөө, найз нөхдөөсөө, хамт олноосоо, гэр бүлээсээ эхлүүлж байж, цаашид бодитоор хэрэгжүүлж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх юм. Манай эцэг, эх, сурган хүмүүжүүлэгчид өнөөдрийг хүртэл хичээлийн хөтөлбөр, ялангуяа сурах бичиг, багш нарын заах арга зүйг шүүмжилж ирсэн. Тэгвэл үүнийг шүүмжлээд хараад суух бус өөрчлөхийн тулд бид өөрсдөөсөө энэ бүхнийг эхлүүлэх хэрэгтэй байна. Дэлхийн боловсролын чиг хандлага ч тийш зүглэж байгаа.

Дэлхийн боловсрол орчин цагийн сургалтын агуулга, концепц, арга зүйд нийцүүлэн, хэн юун хийх чадвартай, түүнд чиглэсэн сонголтыг олгоход чиглэж байна. Тиймээс хүүхдийг цэцэрлэгийн наснаас нь эхлэн хүмүүжүүлэх, тухайн хүүхдийн бусдаас ялгарах онцлогийг харж, хөгжүүлэх нь өнөө цагийн сурган хүмүүжүүлэх арга зүй болж байна. Ингээд суурь боловсрол, мэдлэгийг энэ аргаар олгож, түгээх нь зөв зүйтэй. Залуучууд маань мэргэжлээ сонгохдоо ч тэр хэн нэгэнд шахагдаж, бусдыг даган дуурайж бус өөрийнхөө хүсэл мөрөөдөлд тулгуурлан мэргэжил сонголтоо хийх хэрэгтэй. Мэргэжил сонголт гэдэг бол чиний, таны, та бүхний ирээдүй юм. Та ирээдүйд ямар хүн болохыг хүсэж байна, ялангуяа хэдэн төгрөгийн цалинтай, ямар ажил эрхэлдэг, цаашлаад гэр бүл төлөвлөлт, хэдэн хүүхэдтэй болох вэ гээд бүхий л төлөвлөгөө таны мэргэжил сонголттой холбоотой. Тиймээс залуучуудыг мэргэжил сонголтдоо анхаараач гэдэг үгийг би үргэлж давтан хэлдэг нь ийм учиртай. Ингээд төгсгөлд нь, эх орныхоо төлөө ирээдүйг гэрэлтэйгээр харж, хүн төрөлхтний хөгжлөөс хоцрохгүй байхыг та бүхнээс хүсэж байна. 

Эх сурвалж: БСШУСЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өө за 2018-05-10 15:06:53
    Энэ тэгээд илтгэл үү?
    139.5.219.66
    Мэдэгдсэн Хариулах