“Алтан хальс индепендент кино наадам” ирэх сард болно

“Алтан Хальс Индепендент Кино Наадам” ирэх сарын 2-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна.

Тус кино наадмыг зургаа дахь жилдээ Алтан хальс ТББ-аас зохион байгуулж буй бөгөөд олон улсын шилдэг бүрэн хэмжээний уран сайхны кинонуудыг толилуулах бөгөөд монгол болон гадаадын богино хэмжээний кино өрсөлдөх уралдаант хэсэгтэй юм.

Тус кино наадамд өнгөрсөн жилүүдэд Алтан бөмбөрцөг болон Берлиний кино наадмын дээд шагналт герман найруулагч Фатих Акин, халимаг найруулагч Элла Манжеева, дэлхийн авангард киноны тэргүүлэгч уран бүтээлч Австрийн кино найруулагч Петер Черкасски, Америкийн кино найруулагч Ив Хеллер зэрэг олон улсад нэртэй уран бүтээлч оролцож, бүтээлээ толилуулж байв. Эдгээр уран бүтээлчид кино наадмын шүүгчээр ажиллаж мөн сургалт лекц зохион байгуулсан. 

Тэгвэл энэ жилийн кино наадамд АНУ-ын найруулагч Оскарт нэр дэвшигч Жордан Робертс, Берлиний кино наадмын шагналт Германы найруулагч Юлиан Радлмайер, Канадын кино найруулагч Кэрол Нюэн, БНХАУ-ын ӨМӨЗО-ны найруулагч Дархад Эрдэнэбулаг, Австралийн Брисбейний олон улсын кино наадмын захирал Максин Уильямсон, Английн Кэмбриджийн кино наадмын продюсер Бернадетт Шрамм, Өмнөд Солонгосын Бусаны олон улсын кино наадмын Азийг хариуцсан хөтөлбөр боловсруулагч Ким Ён-ү нар оролцож киногоо толилуулан, шүүгчээр ажиллахаар болжээ.

Кино наадмын төгсгөлд шүүгчдийн багийн эцсийн шийдвэрийг олон нийтэд зарлан шагнал гардуулах юм байна. Кино наадмын дээд шагнал “Алтан хальс” цомыг  2,000,000 төгрөг дагалдана. Энэхүү шагналыг уралдаанд өрсөлдсөн гадаад, монгол бүтээлүүдээс хамгийн өндөр үнэлгээ авсан кинонд олгох юм. Түүнчлэн хүүрнэлт кино, хүүхэлдэйн кино, баримтат кино болон эскперименталь кино гэсэн  дөрвөн төрлийн шилдгийг тодруулж тус тус  500,000 төгрөгөөр шагнана.

​Шагналт монгол бүтээлүүдэд Америкийн томоохон кино наадмын нэг Афины кино наадмын (Academy Award® Qualifying Festival) сонголтын хороонд толилуулах эрх олгодог. Афины кино наадмын шилдгээр шалгарсан бүтээл Америкийн кино академийн дээд шагналд (Оскар) өрсөлдөх эрхтэй болдог ажээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.