Инноваци, энтрепренершипийн хөгжлийн олон улсын туршлагаас хуваалцав

“Монголын инновацийн 7 хоног-2018” арга хэмжээний хүрээнд “Инноваци, энтрепренершипийн хөгжлийн талаарх ICIED-2018 олон улсын хурал” ШУТИС дээр болж байна. Энэхүү хурлыг инновацийн 7 хоног арга хэмжээний хүрээнд 2015 оноос дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй юм.

Хурлыг нээж БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр хэлэхдээ ““Монголын инновацийн 7 хоног-2018” арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй энэхүү олон улсын хурлыг хамгийн чухал, үр дүнтэй арга хэмжээ болно гэж дүгнэж байна. Өнөө үед үндэсний эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд шинжлэх ухааны мэдлэг, инновацийн үйл ажиллагаа чухал үүрэгтэй болж байгаа. Шинжлэх ухаан, технологи, инновацийн нөлөөгөөр аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал нь нийгмийн бүхий л хүрээнд өөрчлөлт авчирна гэж эрдэмтэд дүгнэж байна. Тиймээс салбарын яамнаас Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого, Судалгааны их сургуулийг бүрдүүлэх үндэсний хөтөлбөр батлах, Инновацийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гээд олон чиглэлд ажиллаж байна” гэв.  

Энэ жилийн хуралд Монгол Улс, Япон, БНХАУ, БНСУ, ОХУ болон Тайваний төлөөлөгчид оролцож байна. Жил бүр олон улсад нээлттэй хурлын зарыг түгээдэг бөгөөд гадна, дотнын олон судлаачид судалгааныхаа үр дүнг өгүүллэгээр ирүүлдэг аж. Улмаар олон улсын хуралд хэлэлцүүлэх гадна, дотнын 10 илтгэлийг шалгаруулдаг уламжлалтай юм. Энэ удаагийн хурлаар гадна, дотнын судлаачид, эрдэмтэн мэргэд инновацийн бодлого, хүний нөөц, чадавх гэх мэт олон сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Тухайлбал, Японы Осака мужийн их сургуулийн доктор, профессор Хироси Тадаши “Сүүлийн үеийн инновацийн хөгжлийн орчин дахь өөрчлөлтүүд” сэдвээр илтгэл тавьсан юм. Энэ мэтчилэн хуралд оролцож буй төлөөлөгчид өөрийн оронд инновацийг хөгжүүлэх, эко систем бүрдүүлэх, сүүлийн үед шинжлэх ухаан, технологийн салбарт инноваци хэрхэн нөлөөлж, өөрчлөгдөж буй талаарх судалгаа болон туршлагаас хуваалцсан юм.

ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн доктор, профессор Л.Оюунцэцэг “Шинжлэх ухаан технологи, инноваци нь эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, төр, хувийн хэвшлийн түншлэлийн үр дүнд амжилттай хэрэгждэг салбар юм. Хамгийн гол нь, инновацийг хөгжүүлэхэд суурь мэдлэгийг олгодог мэдлэгийн институт буюу их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага шийдвэрлэх үүрэг, хариуцлагатай оролцдог. Тиймээс сургалтын хөтөлбөр болон энэ талын судалгааг хэрхэн инновацид түшиглэн чиглүүлэх вэ гэсэн асуудлыг цогцоор нь ярих шаардлагатай. Өнөөдрийн олон улсын хурал нь Япон, Өмнөд Солонгос зэрэг хөгжингүй орнуудын туршлагаас суралцах, судлахад гол зорилго чиглэж байна” гэв.

“Инноваци, энтрепренершипийн хөгжлийн талаарх ICIED-2018 олон улсын хурал” ШУТИС дээр 16.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: БСШУСЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.